АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн лоббидож буй Атлантын худалдаа, хөрөнгө оруулалтын гэрээг (TTIP) эсэргүүцэгчид олон байна. Тэр дундаа германчууд Европын холбоо болон АНУ хоорондын худалдаа, хөрөнгө оруулалтын салбарын түншлэлийн гэх гэрээг ихэд эсэргүүцэж байгаа юм. Германчууд энэ гэрээг ажилчдын цалинг багасгаж, байгаль орчны хамгаалалтыг сулруулж, хүнсний аюулгүй байдлын хуулийг хүчгүйдүүлж, банкны системийн дүрэм журамд харшлах зэргээр ашиг өгөхөөсөө илүү сөрөг үр дагавар ихтэй хэмээн эсэргүүцэж байна. Түүнчлэн тэд Америкийн генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүнийг чөлөөтэй нэвтрүүлж, өөрийн сайн стандартаа устгах хэлэлцээг Европын холбоо хэрхэвч зөвшөөрч болохгүй гэсэн байр суурийг илэрхийлжээ.
Харин Барак Обама суудлаасаа буухаас өмнө АНУ-ыг Европын холбоотой холбосон чөлөөт худалдааны бүсийн тухай гэрээг байгуулахаар яарч байна. “Энэ гэрээг байгуулах нь эдийн засгийн өсөлтийг хангах, ажлын байр бий болгох шилдэг замуудын нэг юм” хэмээн Барак Обама өнгөрсөн сард Германд айлчлах үеэр мэдэгдэж байв. Харин Германы канцлер Ангела Меркель “Дэлхий даяар нэгдсэн стандарт тогтоох Европын холбооны боломжийг энэ гэрээ авчирч байна” хэмээжээ.
Барак Обама суудлаасаа буухаас өмнө АНУ-ыг Европын холбоотой холбосон чөлөөт худалдааны бүсийн тухай гэрээг байгуулахаар яарч байна.
Энэ гэрээ байгуулагдсанаар дэлхийн 850 сая хүнийг хамгийн том чөлөөт худалдааны бүс байгуулагдах юм. Атлантын худалдаа, хөрөнгө оруулалтын гэрээг гурван жилийн өмнөөс далд хэлбэрээр хэлэлцэж эхэлсэн аж. Ирэх зургадугаар сард дараагийн шатны яриа хэлэлцээ болох аж. Японд өнгөрсөн долоо хоногт хуралдсан “Их-7” бүлгийн уулзалтаас “TTIP” гэрээг дэмжихээ илэрхийлсэн юм. Зарим ажиглагчид “TTIP” гэрээг эдийн засгийн “НАТО” байгуулах санаархал хэмээн тайлбарлажээ.