"Хааны эрэлд-2016" олон улсын сургууль амжилттай үргэлжилж байна. Олон улсын сургуулиар 47 орны 2000 гаруй цэргийн алба хаагчид энхийг сахиулах эрдэм мэдлэгээ солилцож, туршлага судалж нэгнээсээ суралцахаас гадна хүмүүнлэгийн чиглэлээр ч хэд, хэдэн ажил зохион байгуулж байна.
Түүнээс гадна олон орны цэргийн алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тэднийг ойртон нөхөрлүүлэх зорилгоор спорт, урлагийн олон арга хэмжээг зохион байгуулсаар байна. Үүний нэг нь дэлхийн орнуудын цэргийн алба хаагчдын дунд зохион байгуулагдсан гар бөмбөгийн тэмцээн юм.
Тэмцээн 2016 оны тавдугаар сарын 24-нд Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвийн Спортын зааланд болсон бөгөөд олон улсын сургуульд оролцож байгаа 10 орны 16 баг тамирчид хурд хүч, авхаалч самбаагаа сорин өрсөлдөв. Тэмцээний нэгдсэн дүнгээр Индонези улсын цэргийн баг тамирчид алтан медаль, Монгол Улсын цэргийн баг тамирчид мөнгөн медаль, Камбожи улсын цэргийн баг тамирчид хүрэл медаль хүртлээ.
Эх сурвалж: БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМ