Японд хуран цугласан “Их-7” бүлгийн лидерүүд дэлхийн эдийн засгийн нөхцөл байдалд гол анхаарлаа хандуулан хэлэлцжээ. Тэд хамтдаа эдийн засгийн өсөлтөд заналхийлж буй томоохон эрсдлүүдийн эсрэг тэмцэхээр зөвшилцжээ. Японы ерөнхий сайд Шинзо Абе дэлхийн эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг 2008 оны санхүүгийн хямралын өмнөтэй харьцуулж, дахин хямрахаас сэргийлэхийг уриалсан байна. Эдийн засгаар тэргүүлэгч орнуудын лидерүүд худалдааны хэлхээ холбоог гаалийн тарифаар дамжуулан хамгаалахаар ярилцжээ. Бүлгийн улс орнуудын хооронд олон төрлийн худалдааны гэрээ байгуулагдсан байна. Мөн зарим аж үйлдвэрлэлд хэт нийлүүлэлт эдийн засагт таагүй нөлөө үзүүлж байгааг хязгаарлах арга хэмжээг хэлэлцсэн аж. Япон улс 2008 оноос хойш анх удаа “Их-7” бүлгийн уулзалтыг зохион байгуулж байна. Их Британи, Канад, Франц, Герман, Итали, Япон АНУ-ын лидерүүд цэрэг, цагдаагийн өндөржүүлсэн хамгаалалт дор болж өндөрлөв.
“ИХ БРИТАНИ ҮЛДЭХ ЁСТОЙ”
Их Британи ирэх зургадугаар сарын 23-нд Европын холбоонд үлдэх эсэхээр бүх нийтийн санал асуулга явуулах гэж буй. Энэ нь Европын холбоо болон Их Британид ашиггүй сонголт төдийгүй дэлхийн эдийн засагт “шок” үүсгэх эрсдэлтэй гэдгийг “Их-7” сануулжээ.
“ХЯТАД САНАА ЗОВООЖ БАЙНА”
Өмнөд болон Зүүн Хятадын тэнгисийн газар нутгийн маргаан “Их-7” бүлгийн лидерүүдийн санааг зовоож байна. Тэд Зүүн Өмнөд Азийн тогтвортой, аюулгүй байдлын бодит заналхийлэл болсон тэнгисийн маргааныг энхийн замаар шийдэж, зөрчлийг хурцатгахгүй байх хэрэгтэй хэмээжээ.
“ХЭРЭГЦЭЭНЭЭС ДАВСАН НИЙЛҮҮЛЭЛТИЙГ ТАНАНА”
Олон улсын аж үйлдвэрийн салбар дахь хэт нийлүүлэлтийг танах бодлого баримтлахаа “Их-7” бүлгийн удирдлагууд хэлэлцжээ. Ялангуяа гангийн хэт үйлдвэрлэлийг бууруулахад анхаарах гэнэ. Дэлхийн гангийн тал хувийг үйлдвэрлэдэг Хятад улс нь хэт нийлүүлэлтийг ашиглан олон орны зах зээлийг хямрааж байгаад буруутгагджээ. Хятад улс өнгөрсөн жил 90 сая тонны хүчин чадалтай гангийн үйлдвэрээ хаасан бол 2020 он гэхэд 100-150 сая тонныг танах гэнэ.
“ХОЙД СОЛОНГОСТ ШААРДЛАГА ТАВИВ”
Дэлхийн нөлөө бүхий долоо орны лидерүүд Хойд Солонгост хандан НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн цөмийн туршилт, баллистик пуужин хөөргөхийн эсрэг хоригийг бүрэн дагаж мөрдөхийг шаарджээ. Түүнчлэн Хойд Солонгосыг өөр бусад байдлаар өдөөн хатгасан үйлдэл гаргахаа таслан зогсоох хэрэгтэй гэж мэдэгдсэн байна.
“ОХУ-ЫН ЭСРЭГ ХОРИГИЙГ ЦУЦАЛЖ БОЛНО”
Хэрэв Москва Украины тусгаар тогтнол бүрэн эрхийг хүндэтгэж, өмнөх гэрээ хэлэлцээгээ дагаж мөрдвөл ОХУ-ын эсрэг хоригийг цуцалж болно гэдгийг “Их-7” мэдэгдлээ. Гэхдээ тэд Крым хойг Украинаас салж ОХУ-д нэгдсэн нь хууль бус гэдгийг дахин тунхаглажээ. Өмнө нь “Их-8” орны бүлэг байсан ч Крым хойгийг Москвад нэгдсэнийг эсэргүүцэн ОХУ-ыг эгнээсээ хассан билээ.
“ДҮРВЭГСДЭД ҮЗҮҮЛЭХ ТУСЛАМЖАА НЭМЭГДҮҮЛНЭ”
Европын холбооны толгойн өвчин болсон дүрвэгсдийн хямралыг шийдвэрлэхэд “Их-7” бүлэг анхаарал тавьж, дүрвэгсдэд тэдэнд үзүүлэх олон улсын тусламжийг нэмэгдүүлэхээ амлажээ. Европт өнгөрсөн онд сая хол давсан дүрвэгч хөл тавьжээ. Дүрвэгсдийн хэт урсгалыг зохицуулж дийлэхгүй Европын холбоо хямарсан юм.