-ЭЭЖ МААНЬ “ҮГ ХЭЛЭХ ЦАГ ОЛДОНО, ДУУГҮЙ БАЙЛАА ГЭЭД ХҮН БҮТЭЖ ҮХДЭГГҮЙ ЮМ, БОДОЖ ЯРЬЖ БАЙ” ГЭЖ СУРГАДАГ БАЙСАН-
Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Б.Ургамалцэцэгийг “Хүмүүс” буландаа урилаа.
“ЭРДЭМ БОЛОВСРОЛТОЙ МОНГОЛ ХҮН” ХӨТӨЛБӨРИЙГ АРД ИРГЭДИЙН САНАЛ, БОДОЛД ТУЛГУУРЛАН БОЛОВСРУУЛСАН
-Танаас ярилцлага авах гээд цаг болзохоор орж ирэхэд ширээн дээр тань “Гачигдалтай амьдралын давуу тал” гэдэг ном байсан. Одоо бас түүнийг аваад явж байгаа харагдлаа. Юуны тухай ном бэ?
-Боловсролын философийн тухай ном. Номын нүүрний зураг болон нэрнээс нь боловсролын гүн ухаан гэж шууд харагдахгүй байгаа биз. Энэ номонд орчин цагийн боловсрол, суралцахуйн онолуудыг тодорхой тайлбарлаж эдгээр онол, арга зүйд тулгуурлан дэлхийн улс орнууд боловсролоо хэрхэн хөгжүүлж байгаа талаар маш сонирхолтой өгүүлжээ. Энэ номын зохиогч нь боловсрол судлаач А.Заяадэлгэр хэмээх бүсгүй бий. Өмнө нь би түүний бичсэн “Боловсролын эдийн засаг” гэдэг номыг уншсан. Маш сонирхолтой ном байсан шүү. Саяхан номын дэлгүүрээр ортол А.Заяадэлгэр маань боловсролын гүн ухааны шинэ ном гаргасан байхаар нь авчихлаа.
-Улс төр халсан үед их сонин сонголт байна шүү. Уг нь энэ үед “Сонгуулийн менежмент”-ийн номууд л эрэлт хэрэгцээтэй байх болов уу гэж бодсон юм?
-Миний хувьд мэргэжлийнхээ дагуу боловсролын хөгжлийн олон улсын чиг хандлага, боловсрол судлалын чиглэлээр гарч байгаа ном, гарын авлага гэх мэт шинэлэг бүхнийг тогтмол уншиж судлахыг хичээдэг. Ер нь уншиж л байхгүй бол хурдтай хөгжиж байгаа энэ нийгэмд хоцрогдчих гээд байна.
-Өнгөрсөн дөрвөн жилд хамгийн үр бүтээлтэй ажилласан, шинэчлэл хийсэн салбарын нэгээр боловсролын салбарыг иргэд нэрлэсэн байна билээ. Шинэчлэлийн Засгийн газарт дэд сайдын албан тушаалд ажиллах саналыг Танд хэн тавьсан бэ. Та яагаад Боловсролын дэд сайдын албан тушаалыг сонгов?
-Манай нам аливаа улс төрийн томилгоог Гүйцэтгэх зөвлөлөөрөө хэлэлцүүлдэг зарчимтай.
Намын бүх шатны төлөөллийн байгууллагад ажиллаж байсан учраас Шинэчлэлийн Засгийн газарт дэд сайдаар ажиллах санал ирсэн байх. Би 20 жил улс төрийн гал тогоонд намын нөхдийн хамт явж байна. Ардчилсан нам 2012 онд “Монгол хүн 2020” хөтөлбөр боловсруулахад би намын нөхдийн хамт идэвхийлэн оролцсон. Тэр дундаас “Эрдэм боловсролтой Монгол хүн” дэд хөтөлбөрийг боловсруулахад гардан оролцсон. Энэ хөтөлбөр зөвхөн намын хэдэн дарга, гишүүдийн хөтөлбөр байгаагүй. Монгол орныхоо өнцөг булан бүрт очиж, ард иргэдээсээ санал авч боловсруулсан бодлого.
Гэхдээ Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайдын албан тушаалд л очно гэж хэлээд шууд томилогдохгүй шүү дээ. Өндөр мэдлэг боловсрол, туршлагатай олон залуус манай намд байгаа. Мэдээж миний хувьд эзэмшсэн үндсэн мэргэжил, энэ чиглэлээр сурч, ажилласан туршлага маань Боловсрол, шинжлэх ухааны дэд сайдын албан тушаалд томилогдоход нөлөөлсөн байх.
Боловсролын салбар бол гэгээлэг, бас хариуцлагатай салбарын нэг. Бидний ирээдүй болсон хүүхэд, залуучуудыг эрдэм боловсролтой дэлхийд өрсөлдөх чадвартай иргэн болгох их хувь заяаны асуудлыг шийддэг салбар. Би маш сайн баг, сайхан хамт олон, боловсролын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэдэг тийм хүмүүстэй Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайдаар ажиллах хугацаандаа хамтран ажилласандаа бахархдаг. Най-зууд маань хүртэл “манай нам” гэж ярьдаг байсан хүн үгсийнхээ санд “манай яам-ныхан” гээд нэмчихсэн байна гэж цаашлуулдаг юм.
-Бодлого боловсруулсан хүмүүс олон байж таарна. Гэхдээ тэр бүгдэд хэрэгжүүлэх боломж олддоггүй байх. Харин таны хувьд бодлого боловсрууллаа бас ч хэрэг-жүүллээ?
-УИХ-ын 2012 оны сонгуу-лийн үр дүнд нам маань ялж, боловсруулсан хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн төлөө зүтгэх завшаан надад тохиосон. Хичээж ажилласан шүү.
НЭГЭНТ СОНГОСОН БОЛ ХАТУУ ХӨТҮҮ ГЭЖ НЯЛЦАГАНААД БАЙХ ХЭРЭГГҮЙ
-Та Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн бил үү?
-Тийм ээ, 2006 оноос намынхаа Үндэсний зөвлөлдөх хороо, Гүйцэтгэх зөвлөлд ажиллаж байна. Манай нам 2012 онд бүх шатны сонгуульд сайн бодлоготой оролцсон. Ард түмнээсээ асуусан бодлого байсан учраас ард түмэн ч итгэл хүлээлгэсэн, бид ч олуулаа болсон. Итгэлийг нь алдаагүй, бодлогоо ч бас сайн хэрэгжүүллээ.
-Та 20 жил улс төрд явж байна гэхээр намд эрт элсчээ?
-Би намдаа бол хуучин хүн шүү дээ. Намд элсээд, мөн намын ажил хийгээд 20 жил болж байна. Намын арын албанд ажиллаж байсан ч бодлого боловсруулах, намын ялалт, ялагдал гээд бүх л цаг хугацаанд намын журмын нөхдийн хамт явж ирсэн. Өнгөрсөн сонгуулиар намын нэрсийн жагсаалтын 13 дугаарт эрэмблэгдсэн ч яг хамраараа тасдуулна гэдэг шиг л юм болсон доо. /инээв/ Дэд сайдаар томилогдохоос өмнө бол намынхаа гал тогоонд л ажилласан.
-Хэдэн онд намд элссэнээ тодруулан хэлж болох уу?
-Намд 1996 онд элсэж байлаа. Тэр үед Монголын социал демократ нам байсан. Сурагч байхдаа пионерийн ажилд их идэвхтэй оролцдог хүүхэд байсан учир Улсын Багшийн их сургуульд Түүх, пионерийн удирдагчийн ангид элсэн орсон юм. Гэвч нийгэм өөрчлөгдөөд тэр анги ч өөрчлөгдсөнөөр сурган, сэтгэл судлалын ангийг дүүргэсэн. Хүний багадаа сурсан дадал ерөөсөө арилдаггүй юм билээ. Нийгмийн идэвх сайтай байсан, тэр маань одоо ч хэвээр үргэлжилсээр л байна (инээв). Намд элсэхэд тэр зан чанар их нөлөөлсөн байх. МСДН-ын нийслэлийн зөвлөлд улс төрийн ажилтан хийдэг байв.
-Улс төр их хатуу тоглоом. Ялангуяа эмэгтэй хүнд. Багшлаад л, сурсан мэдсэнээ хүүхдүүдтэй хуваалцаад явах сонголт танд байж шүү дээ?
-Нэгэнт л улс төрийг сонгочихсон юм чинь хатуу хөтүү гэж нялцаганаад байх хэрэггүй гэж боддог. Хэн нэгэн намайг чирээд энэ хатуу тоглоом руу авчраагүй. Өөрийн минь л хийсэн сонголт шүү дээ.
-Яагаад МСДН-ыг сонгож байсан юм бэ?
-Тэр үед оюутнууд ардчилсан хүчний лидерүүдийн лекцийг их сонсож, номуудыг нь уншдаг байсан. Үзэл бодол нь ч их таалагдана. Тухайн үед би УБИС-ийг төгссөн байсан. Намууд байгуулагдаад л, хараад байх нь ээ багш нар голдуу хүмүүс МСДН-ыг байгуулж байв. Ер нь багш, эмч нар Социал демократ намыг их сонгож байсан. 1996 оны сонгуулийн дараахан долоодугаар сард намд элссэн. Тухайн үед МСДН-ын нийслэлийн зөвлөлийн дарга Төмөртогоо агсан намайг ажилд авч байсан юм. Ер нь намайг намд оруулсан хүн гэвэл Төмөртогоо гишүүн дээ. Одоо Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч Нармандах эгч бид хоёр юм. Дүүргийн улс төрийн ажилтнаар ажиллаж байгаад нэг жилийн дараа буюу 1997 оны дөрөвдүгээр сараас 2000 он хүртэл УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн бие төлөөлөгчөөр ажилласан.
-Бие төлөөлөгчөөрөө ажиллуулах хүнээ тухайн гишүүн өөрөө сонгоно биз дээ?
-Манай нам тэр үед их дэг журамтай, зарчимтай байсан. “Ардчилсан холбоо” эвсэл тэр үед ялалт байгуулж, манай намаас УИХ-д 15 гишүүн сонгогдсон юм. Тэгээд намд хэзээ элссэн, намын байгууллагад хэрхэн ажилласан зэрэг шалгуураар УИХ-ын 15 гишүүнийхээ туслахуудыг эхлээд сонгосон. Тэр үед би намд дөнгөж элсээд жил л болж байсан цаг. Туслахуудын дараагаар УИХ-ын гишүүний бие төлөөлөгчийг сонгосон. Тэгээд л Н.Алтанхуяг гишүүний бие төлөөлөгч болсон доо.
АРЫН ДЭНЖ ДЭЭР ГАНЦ НЭГХЭН АЙЛТАЙ БАЙХ ҮЕЭС Л СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТЭЙ АМЬДРАЛАА ХОЛБОСОН
-Н.Алтанхуяг гишүүн тэгэхэд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргээс УИХ-д сонгогдсон байх аа?
-Тэгсэн. Гишүүн маань тэр үеийн УИХ-ын 69 дүгээр тойргоос сонгогдож байсан.
-Та тэгвэл ажлын гараагаа Сонгинохайрхан дүүргээс эхэлсэн байх нь ээ?
-Нэгдүгээр хорооллын XIV хорооны номын сангийн жижигхэн өрөөнд УИХ-ын гишүүний бие төлөөлөгч гээд суудаг байлаа. Эмээ, өвөө нарыг хүлээж авдаг ажил хийдэг. Залуус бол улс төр нэг их сонирхдоггүй байж дээ. Би Сонгинохайрхан дүүргээ сайн мэднэ. Ажлын гараагаа эхэлсэн сайхан дүүрэг шүү дээ. Тухайн үед УИХ-ын гишүүний сонгогдсон тойргийн 12, 13, 14, 15, 16 дугаар хорооны сонгогчидтой ажилладаг байсан даа.
-Бие төлөөлөгч гэдэг бол яг тойрог дээр ажилладаг, сонгогч, УИХ-ын гишүүн хоё-рыг холбодог гол хүн шүү дээ.
-Тэр үеийн УИХ-ын 69 дүгээр тойрог, одоогийн Өнөр хорооллын хаана, ямар байгууллага байдаг, хаана нь ямар хүн амьдардаг гээд бүгдийг нь мэддэг байлаа. Нэгдүгээр хорооллын арын дэнж дээр ганц хоёрхон айл буучихсан байхад нь ингэж төлөвлөлтгүйгээр айл буулгаж болохгүй гээд ухуулга сурталчилгаа хүртэл хийгээд явж байсан. Гэтэл одоо тэр дэнж хоёр хороотой, хориод мянган оршин суугчтай гэр хороолол болсон байна лээ. Би УИХ-ын гишүүний бие төлөөлөгчөөр ажиллаж байхдаа нэгдүгээр хорооллын иргэдийн төлөөлөл болж гишүүндээ тэдний үгийг нь хүргэдэг, хууль тогтоомжтой холбоотой гарсан санал, хүмүүсийн амьжиргааны түвшинг дээшлүүлэх талаар юу хийж болохоор байна гэх мэт бодит мэдээллээр гишүүнээ хангадаг ажил хийдэг байсан. УИХ-ын гишүүн сон-гогчидтойгоо том танхимд уул-захаасаа илүү тэдэнтэй биечлэн уулзвал үр дүнтэй болохыг хараад уулзалтын хэлбэрийг нь өөрчлөх саналыг гишүүндээ тавьж байсан. УИХ-ын гишүүн аль болох сонгогчдоо сонсож тэдэнтэй ойр ажилладаг байх хэрэгтэй л дээ.
-Сонгогчидтой хийх уулзалтын хэлбэрийг өөрчлөхийг тухайн үед УИХ-ын гишүүн чинь зөвшөөрсөн биз дээ?
-Зөвшөөрөлгүй яахав. Бид ч хэрэгжүүлж чадсан. Уулзалтын хуваарь гаргаж хороо бүр дээр очиж иргэдтэй нэг бүрчлэн уулздаг болсон. Сүүлдээ ч өвөө, эмээ нартайгаа найз болж, олны дунд хүмүүс тэр бүр ярихгүй зүйлсийг гэрээр нь орж биечлэн сонсдог болж билээ. Жижиг гэлтгүй иргэдийнхээ үгийг сонсохоор талархал ч ирнэ шүү дээ. Одоо бодоход жижигхэн юм шиг санагддаг ч санаанаас гардаггүй нэг асуудал бий. Тэр үед сонгогчид талархан хүлээн авч байсан юм. 1998 онд л доо. 16 дугаар хорооны ахмад Банзрагч гуай “Их тэнгэр”-т орж үзэх юмсан. Ямар газар байдаг юм бэ, жирийн иргэн орж үзэж болдог юм болов уу” гэж асууж байсныг нь гишүүндээ хэлтэл болно гээд одоогийнхоор түр маягийн уулзалт зохиодог байв. Ингээд хорооныхоо хүмүүсийг “Их тэнгэр” цогцолбортой танилцуулах ажлыг хийдэг байсан. Ю.Цэдэнбал даргын амьдарч байсан байр, тухайн үеийн УИХ-ын дарга Р.Гончигдорж, Ерөнхий сайд М.Энхсайханы амьдарч байгаа байр гээд тайлбарлаад явахаар манай сонгогчид маш сонирхоно. Төрийн минь сүлд өршөө гэж залбираад, настай хүмүүс их баярласан. Төрөө дээдэлдэг, төрөө хүндэлдэг сайхан үе байсан л даа.
-Тэгээд сонгуультай золгосон байх. Харамсалтай нь ардчиллын төлөөх намууд маш том цохилт амссан. Ердөө дөрөвхөн суудал УИХ-д авсан билүү?
-Тэгсэн. Бид УИХ-ын сонгуульд ялалт байгуулж чадаагүй.
МОНГОЛДОО ИРЖ МЭДЛЭГЭЭ ХУВААЛЦАХ НЬ ПЕНТАГОНД АЖИЛЛАХААС ИЛҮҮ ГЭДЭГТ ИТГЭЖ БАЙСАН
-Танай нам сонгуульд ялагдсаны дараа Та ямар ажил хийсэн бэ?
-УИХ-ын Тамгын газарт нэг жил гаруй хугацаанд ажилласан.
Тэгээд ч залуу хүний хувьд боловсрол, мэдлэг, ур чадвараа дээшлүүлье гэж бодоод өндөр хөгжилтэй оронд суралцахаар хөөцөлдсөн дөө. Мэдээж тухайн үед бидний англи хэлний мэдлэг төгс байгаагүй. Зургаан сарын хугацаатай англи хэлний эрчимжүүлсэн курст суралцаад АНУ-ын Брижпортын их сургуульд Боловсролын шинжлэх ухааны магистр хамгаалахаар явсан.
-2000 онд ардчиллынхан ялагдчихаад бараг ихэнх нь гадаад оронд явж сурсан, энэ нь бас нэг талын боломж олгосон сонгууль байсан байх шүү.
-Сайн талаас нь харвал тийм. Нээрээ олонхи нь мэргэжил, боловсролоо дээшлүүлээд ирсэн байх шүү. Олны танил улстөрчид гэхээс илүү АНУ-д очоод маш олон залуустай танилцсан. Тэд ардчиллын буянаар өндөр хөгжилтэй оронд чанартай боловсрол эзэмшиж байгаа тухайгаа ам уралдаад л ярьдаг байсан.
-Магистрын хөтөлбөрт хэдэн жил хамрагдсан бэ?
-2.5 жил суралцсан. Хөтөлбөрт суралцах хугацаагаа дахин зургаан сараар сунгасан.
-Хэрэв нууц биш бол ямар шалтгаанаар суралцах хугацаагаа сунгасан юм бэ?
-Магистр хамгаалахаас зургаан сарын өмнө том охин маань төрсөн юм л даа.
-Магистраа ч хамгаалаад, охинтой ч болоод бөөн баяр уу?
-Тэгэлгүй яахав. Анхныхаа үрийг тэвэрлээ, боловсролын магистрын зэргээс ч хамгааллаа. Нөхөр бид хоёр охиноо, магистрын дипломынхоо хамт тэврээд л Америкаас эх орондоо ирж байлаа шүү дээ/инээв/.
-Тэр үед сурахынхаа хажуугаар ажил хийдэггүй оюутан байхгүй байсан биз дээ?
-Тэгэлгүй яахав. Бусдын л адил ажил сургууль гэж явсан. Манай сургууль оюутны хотхондоо 7 хоногт 15 цаг ажиллах эрхийг оюутнууддаа өгдөг байсан. Ингээд би сургуулийнхаа санхүүгийн хэлтэст туслах ажил хийдэг байлаа. Бага гэлтгүй цалингаа аваад амьжиргаандаа нэмэрлэчихнэ. Боломжийн л сэтгэл амар, хичээлээс өөр бодох юмгүй оюутны амьдралаар амьдарсан.
-Боловсролын чиглэлээр магистрт сурч байгаа хүн санхүүгийн хэлтэст ямар ажил хийсэн бэ?
-Америк оюутнууд ихэнх нь зээлээр сурдаг. Аль 50-60-аад оны оюутнуудын мэдээллүүдийг эмхэлж цэгцэлнэ. Тэд одоо хаана ямар ажил, албан тушаал хашиж байгаа гэх зэрэг мэдээллийг шинэчилж мэдээллийн бааз үүсгэнэ. Дээр үеийн оюутнуудын бичиг баримт бичгийн машин дээр бичигдсэн байдаг байлаа. Гэтэл тэр сургууль хавиар бичгийн машин хэрэглэж чаддаг хүн надаас өөр байхгүй байв. Их эрэлт хэрэгцээтэй ажилтанд тооцогдож байлаа шүү дээ. Бичгийн машинаар бичсэн баримт бичгийг бичгийн машинаар л засах хэрэг гарна. Сул талаа давуу тал болгоно гэгчээр бусад хэлтсүүдэд хүртэл очиж бичиг баримтыг нь цэгцэлдэг байсан юм. АНУ-д магистрын зэрэг хамгаалсан оюутнуудад нэг жилийн ажиллах эрх өгдөг. Түүнийгээ ашиглан сургуулиа төгсөөд АНУ-д ажилласан.
-Хаана ажилласан юм бэ?
-Пентагонид ажилласан. Надад Америкт үргэлжлүүлэн суурьшиж амьдрах зорилго байгаагүй. Тиймээс нэг жилийн эрхэндээ ажиллана гээд ажилд орох анкет бөглөсөн. Ажилд орох ярилцлага өгөхдөө “Би Америкт үлдэхгүй. Нэг жил ажиллачихаад эх орон руугаа буцна” гэдгээ хэлээд ажилд орж билээ.
-Пентагонид, АНУ-ын Батлан хамгаалах яаманд ажилласан гэсэн үг биз дээ. Ажилд ороход амаргүй газар. Ихэнх хүн л үлдээд ажиллана гэх байсан байх даа?
Тийм ээ. Маш их судалж авдаг юм билээ. Монголдоо ирж сурсан мэдсэнээ хуваалцах нь Пентагонид ажиллахаас илүү гэдэгт итгэж байсан учраас эргэлзээ надад байгаагүй. Пентагонид “Хүүхэд хөгжлийн төв” гэж байдаг. Тэр төвд ахлах багшаар ажилласан. Хугацаагаа дуусгаад 2005 онд нутагтаа ирсэн дээ.
БИ МОНГОЛД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ГЭДЭГ ҮГИЙГ СОНСОХООС АЙДАГ, БАС ИХ ДУРГҮЙ
-АНУ-аас эх орондоо ирээд хаана ажиллав. Пентагониос илүү ажилд орсон уу?
-Ирээд байнгын ажилд шууд ороогүй ээ. “Туул ротари” клуб болон гаднын төслүүд дээр ажилласан. Ном ч орчуулж үзсэн. Гэхдээ хамгийн олзуурхдаг юм маань санаа бодол нийлдэг хүмүүсийн маань байгуулсан “Pотари клуб”-т нэгдэн ажилласан маань байв. Клубийн гадаад харилцааны ажил дээр туслаач гэдэг санал клубийнхэн тавиад. Ингээд “Туул ротари” клубийн ажил хийж 2006 оныг өнгөрүүлсэн. Зүрхний эмгэгтэй олон хүүхдийг өвчнөөс нь ангижруулах мөнгө босгодог байлаа. Ротари сан руу төсөл бичих, төслөө батлуулах ажлыг бүтэн жил хийсэн дээ.
-Ротари клубүүд олон айлд элэг бүтэн амьдрал бэлэглэдгийг мэднэ. Туул ротари клубийн тэднээс ялгарах гол онцлог юу вэ?
-Манай клуб өөрөөсөө давж бусдад үйлчилдэг байгууллага. Клуб маань 2004 онд байгуулагдсан, 40 гишүүнтэй. Монголдоо зургаа дахь ротари клуб нь байсан. “Туул ротари” клуб төрөлхийн зүрхний эмгэгтэй хүүхдүүдэд амьдрал бэлэглэдэг. Гишүүд Ротари сандаа хандив татвараа өгнө. Дэлхий даяар нэг дэг журам л үйлчилнэ шүү дээ. Олон орноос төсөл бичээд яг хэрэгцээтэй гэснийг нь санхүүжүүлээд явдаг бүтэцтэй учраас үр дүн маш сайн гарч байсан. “Туул ротари” клубээс боловсруулсан зүрхний эмгэгтэй хүүхдэд туслах төсөл маань байнга сонгогддог байсан шүү.
Төрөлхийн зүрхний гажигтай хүүхдүүдийг Монголд эмчлэгдэх боломжгүй гэдэг байлаа. Тийм боломж нөхцөл ч тухайн үед манайд байгаагүй гэсэн үг. Зүрхний гажигтай хүүхдийг БНСУ-руу явуулж хагалгаа хийлгэх, цоорхойг нөхөх, эмгэгийг нь эмчлэх гээд хагалгааны тэр төлбөрийг дэлхий даяар байгаа ротаричуудын сайн санааны сангаас төсөл бичиж авдаг. Төслөөс санхүүжигдсэн тэр мөнгөө БНСУ-ын эмнэлэг рүү шилжүүлдэг байсан. Зүрхний эмгэгтэй хүүхдүүд жаахан л уйлахаар хөхөрчихдөг, ханиад хүрэхээр хамраас нь цус гардаг юм. Сүүлдээ ч эмч нараа сонссоор байгаад энэ өвчний зах зухыг мэддэг болсон. Тийм хүнд явсан хүүхдүүд нүдэн дээр эрүүл саруул болоод жаргалтай байхыг харах тэр мэдрэмжийг юугаар ч төсөөлөмгүй. Хүүхдүүд нь эдгэрч, жаргалтай гэр бүлийг харах шиг сайхан зүйл гэж юу байх вэ дээ?
-Зүрхний эмгэгийн оноштой хүүхдүүдийг яаж сонгодог байсан бэ?
-Эх нялхсын эрдэм шинжилгээний төвтэй хамтран ажиллана. Хагалгаанд орох дараалалд багтсан, хүнд, яаралтай хагалгаанд орох шаардлагатай хүүхдүүдийг л сонгодог байсан. Өрх гэрт хүүхэд өвдөх шиг хэцүү зовлон байхгүй. Манай ротари клуб 300 гаруй зүрхний эмгэгтэй хүүхдийг эрүүл болгож, олон өрх гэрт аз жаргал бэлэглэсэн.
-Одоо манай залуучууд мундаг болжээ. Сайн дурын үйл ажиллагаа маш их хийдэг болж. Нэгэндээ ч тусалдаг болсон байна. Тухайн үед бол ротари клубүүд л тэр үүргийг гүйцэтгэдэг байж дээ?
-Өнөөгийн нийгэмд зөв хандлага бий болж байна. Хүн зөвхөн өөрийнхөө төлөө амьдарч болохгүй шүү дээ. Хүний төлөө сайн үйл хийх ёстой. Би Америкт оюутан болж очоод тэр нийгмийн ялгааг харсан. Оюутнууд нь хэнээр ч хэлүүлэлгүй далайн эрэг орчмын хог цэвэрлэх зэрэг сайн дурын ажил маш их хийдэг юм билээ. Гэтэл тухайн үед ийм ажил манайд байхгүй байсан. Одоо харин өөрчлөгдөж байна. Өөрөөсөө илүү давж хүний төлөө сэтгэл гаргадаг болж байна. Би Монголд эмчлэх боломжгүй гэдэг үгийг сонсохоос айдаг, бас их дургүй. Наад захын хагалгааг ядаж эх орондоо хийдэг болох ёстой. Тиймээс Шинэчлэлийн Засгийн газрын үед Эх нялхсын эрдэм шинжилгээний төвийн дэргэд нэг төв байгуулсан. Мөн “Туул ротари” клубийн дэмжлэгтэйгээр олон эмч гадаадад мэргэжил дээшлүүлсэн. Гадаад улс оронд хийгддэг олон хагалгааг Монголдоо хийдэг болох цаг тун удахгүй гэдэгт итгэж байгаа.
-Та одоо ч ротари клубийнхээ гишүүн хэвээр байгаа юу?
-Тиймээ. Би 2009-2010 онд “Туул ротари” клубийн Ерөнхийлөгчөөр ажилласан. Монголын ротаричууд улам л олуулаа болж байгаа.Тэр чинээгээрээ сайн үйлсийн ажил их хийгдэж байна.
Албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагдаад эхэлбэл болохоо байж байгаагийн шинж гэж боддог
-Америкаас ирээд сайн дурын ажил хийжээ. Харин намын ажил, төрийн ажил руугаа хэзээ буцаж ирэв?
-2008 оны эхээр Ардчилсан намын бодлогын зөвлөлд ажилласан. УИХ-ын 2008 оны сонгуулийн мөрийн хөтөлбөр, 10 зөв бодлого боловсруулахад гар бие оролцсон. Сонгуульд оролцоод манай нам боломжийн ялалт байгуулсан. Тухайн үед олуулаа болж чадаагүй ч хамтарсан Засгийн газар байгуулалцах хэмжээний суудал авсан.
-Хамтарсан Засгийн газрын үед төрийн ажил хийе гэж бодоогүй юү?
-Манайхнаас нэлээд олон хүн ажилтай болсон. Тэр үед би намдаа ажиллана гээд үлдсэн юм. Дөрвөн жил намын нарийн бичгийн дарга хийж намын байрандаа суусан. Энэ бол 2008-2012 он гэсэн үг. Тухайн үед цаг нь арай болоогүй байна, намдаа л ажиллая гээд шийдвэрээ гаргасан. Намаа бүтэн ялуулахын төлөө ажилласан. 2012 онд бид олуулаа болсон. Тэгээд л дэд сайд болж төрийн ажил хийж эхэлсэн дээ.
Би намын арын албанд ажиллаж байхдаа их зүйл сурсан. Дарга, цэрэг болсон хүмүүс албан тасалгааны цонхоор амьдралыг харж болмооргүй юм байна, ард түмнээсээ тасарч болохгүй юм байна гэдгийг сайн ойлгосон. Албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагдаад эхэлбэл л болохоо байж байгаагийн шинж шүү гэж боддог юм. Шинэчлэлийн Засгийн газарт орж ажиллалаа. Намын амьдрал дандаа л дотоод гадааддаа зөрчилтэй байдаг. Бид 2008 оны сонгууль өнгөрөөд тодорхой хэмжээний ялалт байгуулсан. За тэгээд 2009 онд Ардчилсан Ерөнхийлөгчтэй болохын төлөө зүтгэсэн. Ялуулсан, амсхийх завгүй байтал 2012 оны сонгууль хаяанд ирчихсэн байлаа. Сонгуулиас сонгуулийн хооронд улам л чамбайрч ажилласан гэж өөрийгөө боддог. Хичээж байгаад олуулаа болчих юмсан гээд л ажилласан. Олуулаа ч болсон. 2013 онд дахиад Ерөнхийлөгчөө гаргачихвал гээд л ажилласан. Бид дахин Ардчилсан Ерөнхийлөгчтэй болж чадсан. Харин одоо УИХ-ын болон орон нутгийн ИТХ-ын 2016 оны сонгууль хаяанд ирлээ. Ард түмнийхээ итгэлийг дааж олонхи болъё гээд манай намынхан зүтгэж байна. Хийж бүтээсэн, эхлүүлсэн ажлаа дуусгахын тулд дахиад ялах хэрэгтэй.
-Бас л тэмцэж, зүтгэж байна уу?
-Тэмцэл ч юу байхав дээ. Зүтгэж л байна. Зарим хүмүүс намайг яасан шуналгүй, яасан амбийцгүй, яасан ч хор шаргүй юм гэдэг. Заавал хор шар буцалгаж амьдрах ямар хэрэг байна уу даа. Манай ээж “Үг хэлэх цаг олдоно, дуугүй байлаа гээд хүн бүтэж үхдэггүй юм, бодож ярьж бай” гэж сургадаг байсан. Хүний гэр бүлийн хүмүүжил гэж том шинжлэх ухаан байна шүү дээ. Хамгийн чухал зүйл. Би үүнийг л баримталдаг.
БОЛЖ БАЙСНЫГ НЬ ҮРГЭЛЖЛҮҮЛЭЭД БОЛОХГҮЙ БАЙГААГ НЬ ЗАСАХЫН ТӨЛӨӨ Л ЗҮТГЭСЭН
-Шийдлийн Засгийн газар дэд сайдгүй ажиллах шийдвэр гаргасан. Нэг ёсондоо цомхотгол юм даа. Гэхдээ Та Ерөнхий сайдын зөвлөх болоод эргээд ирсэн. Ерөнхий сайдын зөвлөхийн барьж авсан ажил нь мөн л боловсрол байсан уу?
-Мэдээж боловсролын салбар хамгийн ойрхон. Дээр нь нийгмийн хамгаалал, эрүүл мэнд гээд ажлын цар хүрээ маань Ерөнхий сайдын зөвлөх болсноор улам л өргөжсөн. Өмнө нь хоёр жил боловсролын салбарын шинэчлэлд сайн багтай гар нийлж ажилласандаа баярлаж явдагаа ярианыхаа эхэнд хэлсэн. Манай салбарт болохгүй ч юм байсан, болж бүтэж байгаа ч зүйл байсан. Болж байсныг нь үргэлжлүүлээд болохгүй байгааг нь засахын төлөө л зүтгэсэн. Боловсролын хөгжлийн дэлхий нийтийн чиг хандлагад нийцүүлж, дээр нь Монголын гэдэг уламжлалаа хадгалах тийм шинэчлэлийг боловсролын салбарт эхлүүлсэн. Сууриар нь шийдвэл бусад нь дагаад шинэчлэгдэх тийм том ажил барьж авсан. Тухайлбал, ерөнхий боловсролын сургалтад хүүхэд бүрийг хөгжүүлэх бодлого баримтлан ажилласан. Энгийнээр хэлэхэд манай салбарт 2012 оноос өнөөг хүртэл боловсролын хүртээмж, чанарыг сайжруулах хөгжилд чиглэсэн бодлого, үйл ажиллагаа хэрэгжиж байгаа гэж ойлгож болно.
-Таныг дэд сайдаар ажиллах хугацаанд боловсролын салбарын хамгийн шүүмжлэл дагуулсан шинэчлэл нь сурагчийн дүрэмт хувцас байсан билүү?
-Ажил хийхээр шүүмжлэл дагаж л байдаг. Миний хувьд “Сурагчийн дүрэмт хувцас хөтөлбөр”-ийг гардаж хийсэн хүний нэг нь. “Эрдэм боловсролтой Монгол хүн” хөтөлбөрийг албан тасалгаанд сууж байгаад боловсруулаагүй. Ерөнхий боловсролын олон сургуулиар явж багш, эцэг эх, суралцагчтай уулзаж энэхүү хөтөлбөрийг боловсруулсан. Сурагчийн дүрэмт хувцас гэхэд л тухайн үедээ нийгэмд маш их асуудал дагуулж байсан. Иймээс дүрэмт хувцас үйлдвэрлэдэг ганц нэг аж ахуйн нэгж байгууллагын эрх ашиг хөндөгдөж байсан учраас л тэд асуудал гараад байсан гэж боддог.
Хэдийгээр Бага, дунд боловсролын тухай хуулиар ерөнхий боловсролын сургуулийн суралцагч дүрэмт хувцастай байхаар хуульчилсан байдаг ч хуулийн энэхүү заалтыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан манай яамнаас 2005 онд сургуулиуд суралцагч, эцэг, эх, асран хамгаалагчийн саналд үндэслэн анги бүлгээрээ жигд хувцаслах зохицуулалт хийх эрхийг сургуулийн зөвлөлд олгосон нь 2013 оны есдүгээр сар хүртэл үйлчилж байсан юм билээ. Өөрөөр хэлбэл, ихэнх сургуулиуд суралцагчдаа цагаан цамц, хар юбка, өмдтэй хичээллэхийг зөвшөөрдөг байсан. Гэхдээ зарим сургуулиуд сурагчийн дүрэмт хувцасны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн байгууллагын үйлдвэрлэсэн дүрэмт хувцастай хичээллэдэг байсан.
Сургуулийн орчинд хүүхдийн гэр бүлийн нөхцөл байдал, өрхийн амьжиргааны түвшнээс шалтгаалсан ялгаатай байдал үүсэх байдлыг арилгах, үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэн тийм бодлого нийгэмд зайлшгүй хэрэгтэй байгааг анзаарсан.
Би ялгаварлалд угаасаа дургүй. Хүн мэддэг чаддагаараа, оюун ухаанаараа өрсөлддөг болохоос биш, өмссөн хувцсаараа уралдана гэдэг байж боломгүй зүйл. Эцэг эхийн байр суурь, ажил мэргэжил, материаллаг байдал зэргээс шалтгаалаад хүүхдүүдийг тийм өрсөлдөөнд оруулмааргүй байсан учраас л улсын хэмжээнд нэгдсэн загвараар бүтээгдсэн дүрэмт хувцас хэрэгтэй байсан юм. Яагаад Сонгинохайрхан дүүргийн Толгойтын ерөнхий боловсролын 65 дугаар сургуульд сурч байгаа хүүхэд 20 мянган төгрөгийн дүрэмт хувцас, хувийн өмчийн томоохон ерөнхий болвсролын сургуульд суралцдаг хүүхэд 100 долларын дүрэмт хувцас өмсөх ёстой гэж. Хүмүүсийн сонголт байж болох ч бид бодлогоор ялгаварлаж болохгүй. Үйлдвэрлэлтэй холбоотой жижиг сажиг алдаа гарсан юм шиг л байна лээ. Түүнээс биш бодлого нь зөв байсан гэдэгт би одоо ч итгэдэг. Материаллаг байдлын өрсөлдөөн гэдэг өсвөр насны хүүхдүүдтэй айлд ямар хүнд цохилт болдог гэдгийг сонгуулийн мөрийн хөтөлбөр боловсруулах гээд явж байхдаа харсан. Дэд сайд байхад гарсан бас нэг шүүмжлэл дагуулсан асуудал бол Монгол хэлний асуудал байсан. Тиймээс иргэдийнхээ эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, харилцааны соёлын түвшинг сайжруулах зорилгоор Засгийн газрын 2013 оны 37 дугаар тогтоол гаргуулсан.
-Элсэлтийн шалтгалт өгөхөөр бүртгүүлсэн шалгуулагч бүр монгол хэлний шалгалт өгдөг болох тэр тогтоол уу?
-Тийм ээ. Засгийн газрын уг тогтоолоор монголд ажиллаж байгаа гадаадуудаас ч гэсэн хэлний мэдлэгийн шалгалт авдаг болъё гэсэн хувилбар яригдаж байсан. Яг TOEFL-ийн шалгалт шиг. УИХ-ын гишүүн М.Батчимэг нарын санаачлан батлуулсан “Монгол хэлний тухай хууль” энэ асуудлыг сууриар нь шийдсэн. Төрийн албанд орох иргэд монгол хэлний шалгалт өгдөг болсон. Энэ ажил хэл ам дагуулсан ч хэдий ч хийж хэрэгжүүлсэн. Түүнээс болж бүтсэнийг нь түүгээд ярьвал боловсролын салбарт хийсэн олон ажил бий.
-Сүүлийн хоёр ч сонгуульд та намынхаа мөрийн хөтөлбөрийг боловсруулахад оролцжээ. Харин энэ удаа хэр зэрэг оролцоотой ажиллаж байна?
-Манай нам хөтөлбөр дээр ажилладаг салбар салбарын мундаг мэргэжилтнүүдтэй болчихсон байна аа. Тийм ч учраас урьдынх шиг хонон өнжин байж мөрийн хөтөлбөр дээр суух шаардлага алга болжээ. Тэгээд ч салбар салбарын концепц 2012 онд нэгэнт тодорхой болсон. 2020 он хүртэл төлөвлөчихсөн шүү дээ. Манай намын хөгжил, төлөвшил, боловсон хүчний чадавх маш сайжирсан.
-Цаашид та боловсролын салбарын ямар асуудалд түлхүү анхаарч ажиллахыг хүсч байна вэ?
-Юуны түрүүнд АНУ-д магистрын хөтөлбөрт суралцах хугацаандаа судалж байсан Америкийн социологич Жон Дьюгийн “Ардчилал ба боловсрол” номоо дахин шимтэн уншихаар төлөвлөж байгаа. Энэ номонд дурдсан үзэл санааг л боловсролын салбартаа нутагшуулахыг зорино доо. Ер нь НҮБ-аас 2030 он хүртэл дэлхийн хэмжээнд баримтлах хөгжлийн бодлогоо тодорхойлсон баримт бичгийг 2015 оны сүүлчээр баталж, үүний дагуу улс орнууд өөрийн орны хөгжлийн бодлогоо ч батлаад байна. Манай орны хувьд УИХ-ын 2016 оны 19 дүгээр тогтоолоор “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030” хөтөлбөр баталсныг та бүхэн мэдэж байгаа. Дэлхийн хэмжээнд боловсролын талаар ирэх 15 жилд баримтлах хөгжлийн зорилго, зорилт нь боловсролын бүх түвшнийг хамарч байх бөгөөд энэ зорилт нь боловсролын чанарт онцгой анхаарах, (ii) техникийн болон мэргэжлийн боловсролын сургуульд тэгш хамран сургах, залуучууд, насанд хүрэгчид ажил хөдөлмөр эрхлэх, хувийн бизнес эрхлэхтэй холбогдох ур чадвар/дээд сургуулийг оролцуулан/-ыг хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцүүлэн эзэмшүүлэх, (iii) тогтвортой хөгжлийг дэмжихэд шаардлагатай мэдлэг, ур чадвар (тогтвортой хөгжлийн мэдлэг, хүний эрх, жендерийн тэгш байдал, энх тайван, хүч хэрэглэхээс татгалзах соёл төлөвшүүлэх, дэлхийн иргэн байх, соёлын төрөл зүйл, тогтвортой хөгжилд соёлын оруулж буй хувь нэмрийг ойлгуулах)-ыг бүх суралцагчдад олгоход чиглэж байна. Тиймээс бид чанартай боловсролыг хөгжлийн суурь болгож, өрхийн аж байдал, түвшинг үл харгалзан сургуулийн өмнөх насны хүүхдийг сургуульд тэгш хамруулж чанартай бэлтгэх, суралцагчдын шинжлэх ухаан, технологи, инженерийн болон математикийн боловсролыг (STEM) илүү бэхжүүлэхэд чиглэсэн чанарын шинэчлэлийг үргэлжлүүлэхэд анхаарах нь зүйтэй болов уу.
С.ОНОНТУУЛ
Эх сурвалж: NIITLELCHID.MN