Мөн энэ цагаар Чингисийн морьт цэргийг дахин сэргээж, улс орноо “чөлөөлөх их дайнд” мордон Хүннү гүрнийхээ 2220 жилийн ойг угтахаар шийдсэн Гал Монголын суман ч юм уу тасаг ч юм уу эсвэл штаб нь баруун замын байлдаанд гарахын өмнө Төрийн ордонг нум сумаар харван цонх хагалан үйлсээ тахиад их аяндаа мордов. Баруун замын байлдаанаас багагүй олзтой ирэх ёстой байсан тэднийхэн нум сум нь алтны компанийнхнын төмөр төхөөрөмжийг нэвтэлж чадахгүй болохоор нь “үзэн яддаг хятадуудынхаа” анх хийсэн дарьт сумаар буудаад шорон дотор их ойгоо угтахаар залрав.
Нэг ёсондоо хөгшин ч юм шиг эсвэл нялх гэмээр МАН нүсэр их ойнууддаа зориулан нэгэн үзэсгэлэн гарган сонирхуулав. Үзэсгэлэн шиг л үзэсгэлэн. Гэтэл байртайгаа хамт шатаалгачихлаа гээд уйлагнаад байсан архивын материалуудаар үзэсгэлэнгээ гаргасан байв. Намынхаа “рейхстаг”-ийг шатаалгахад нь архив нь зүгээр үлдчихлээ гэнэ! Үнэ, цэнэтэй зүйлээ шатаалгасан гэдэгт оросууд хүртэл итгээд намынх нь ойгоор хэдэн материалыг хувилаад эрх биш хариуд нь хар булган дахаа /Тавантолгойг зүйрлэв/ хүртээнэ гэж бодсон ч юм уу эрх баригчдад бэлэглэсэн гэж байгаа. Ойдоо бэлэг барихдаа гайхалтай шүү энэ коммунистууд.
Ийм олон янзын гайхамшигтай бэлгийг их ойнууддаа шил дараалан барьж байна. Ганцхан хүнтэй академийн ерөнхийлөгчийн “бэлэг” бас гайхалтай. Ганц хүний академийн ганц ерөнхийлөгч Давааням костюм гэдэг хувцсыг Бодончар мунхагийн үр сад зохиосон гэх нээлтийг хийлээ. Энэ их нээлт хийдэг хүн чинь нөгөө Чингис хааныг Солонгосоос олж ирсэн хуурч өвгөн /Чингис хаан Солонгос улсаас бага хатан залж, гэрээ умартан байхад Аргасун хуурч очиж аргадан дуулж байж авчирсан гэж “Монголын нууц товчоо”-нд өгүүлдэг/-ийг дэлхийн анхны хип хопчин гэж хэлчихэж магадгүй. Түүнээс урьтаад тэр “нээлт”-ийг нь хийж их ойнуудын үеэр их академичид бэлэг барьчихья.
Саяхан “Тойм” сэтгүүлд “Хип хоп хөгжмийг 1970-аад оны үед Нью-Йоркийн Бронксоос үүссэн гэдэг” гэж бичсэн байна лээ. Хип-хо́пыг (hip hop) зохиосон хүмүүс нь Нью-Йоркийн ажилчин ангийн дунд 1974 оны арваннэгдүгээр сарыни 12-нд төрсөн энэ хөгжмийн урсгалд эМсиинг (MCing), ДиЖеинг (DJing), брейкинг (англ. breaking), граффити (graffiti writing), and knowledge. гэсэн таван гол багана бий гээд Дижей Afrika Bambaataa тодорхойлсон гэх. Мөн битбоксинг, хип-хоп мода ба сленг элментүүд ордог гэнэ. Ерөнхий түүх нь бол энэ. Гэтэл яагаад ч юм бэ нөгөө Солонгост очоод хаан эзэндээ “Таван хүүгээ мартаад, Та чинь яасан хачин хүн бэ” гэж хуурдан үглэсээр байгаад аваад ирсэн гэх өвгөн хуурч хип хопчин мөн юм шиг санагдаад байх юм.
…Хоёрхон шүдтэй
Хоймсон настай
Баахан баатар
Бал улаан хөвүүн
Гурван настай болж явахад
Алдар богд нэрийг нь
Дуудуулдаг юмсан
Алтан хонхолцогийг нь
Хайчлуулдаг юмсан гээд
Далай болсон
Архи, айргаа бэлтгээд
Даранх болсон
Мах идээгээ бэлтгээд явна…гээд л лайтай үглэдэг шүү дээ.
Костюм пинжаак Монголоос гаралтай юм бол хип хоп яагаад Монголоос үүдэлтэй гэж болохгүй гэж. Нутагтаа нэлээд бэлтгэл хийж байгаад аян замд гарсан Аргасун хуурчийн дах дэгтий нь яагаад хоп-хопын моод биш гэж?
Бөмбөргүй байснаас нь болж түүнийг хип хоп гэж нэрлээгүй байх. Уг нь манайханд бөмбөр байсан л даа. Даан ч түүнийгээ нүдэхээр морь мал үргээлээ гээд нутгийн хүмүүс үглэн дуулаад хэцүү байсан байх. Хараа биз, тэд бас үглээд дуулчихдаг байсан байна шүү дээ. Бөө нар гээд том хип хопчид байна. Дээр нь Аргил цагаан өвгөн хэдэн хуурч өвгөдийг нэмчих. “Дайн ба Энх”, “Эрх чөлөө” “Lumino”, “Цагаан гавал” мэтийг нэрлэхээс өмнө “Алтан гэрэл”-ээ уншин үглэсэн лам нар гэх хип хопчдыг хэлэх хэрэгтэй байх. Цамаа тоглуулаад ирэхээр бүр бүтэн хэмжээний хип хоп болно шүү дээ. Аргил цагаан өвгөнийг төлөөлөөд түүний хип хопыг Давааням мэтийн эх орончдод зориулаад санаа юугаа гаргахаар оролдсон Ш.Мягмар. Энүүхэндээ гэхэд П.Очирбат гуай ерөнхийлагч байхдаа “Булганыхан будаатай, будаан дээрээ зодоонтой гэдэг чинь монголчууд тариа тарьж байсныг харуулж байна шүү дээ, таминь ээ” гэсэн хип хоп хэмнэлийг Их хурлын танхимд гаргаж байсан түүхтэй билээ.