Гүржийн салан тусгаарласан бүс нутаг Өмнөд Осетад ирэх 2017 онд ОХУ-д нэгдэх эсэхээр бүх нийтийн санал асуулга явуулахаар болсноо зарлажээ. Өмнөд Осет нь ирэх онд болох ерөнхийлөгчийн сонгуулийн дараа ОХУ-д нэгдэх эсэхээр бүх нийтийн санал асуулга явуулах гэнэ. Одоогоор ерөнхийлөгчийн сонгуулийн тов зарлагдаагүй байна. Өмнөд Осетын удирдлагууд өнгөрсөн аравдугаар сараас хойш ОХУ-д нэгдэх асуудлаар Москватай зөвлөлджээ.
Өмнө нь 2014 онд Крым хойгт бүх нийтийн санал асуулга болсноор Украинаас салж ОХУ-д нэгдсэн билээ. Крым хойг Москвад нэгдсэнийг АНУ тэргүүтэй Барууны орнууд хүчтэй эсэргүүцэж, ОХУ-ын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авч, НАТО харилцаагаа тасалсан юм.
Өмнөд Осетын тусгаар тогтнолыг цөөн хэдэн орон хүлээн зөвшөөрсний нэг нь ОХУ юм. Өмнөд Осет 2008 онд Гүржтэй дайн хийсний дараа албан ёсоор тусгаар тогтнолоо тунхаглаж байв. Өмнөд Осетын тусгаар тогтнолыг ОХУ-аас гадна Никарагуа, Венесуэль, Науру улсууд хүлээн зөвшөөрсөн байдаг.
Эх сурвалж: Agence France-Presse
Б.АНХТУЯА