Японы нийслэл Токио хотын Ханеда нисэх буудлаас өнөөдөр /2015.05.27/ хөөрөхөөр бэлдэж байсан Өмнөд Солонгосын “Korean Air Lines” компанийн нисэх онгоцны хөдөлгүүрт гал гарчээ. 319 зорчигчтой “Боинг-777” нисэх онгоцны зүүн хөдөлгүүрт гал гарсан байна. Үүний улмаас Ханеда нисэх буудлыг түр хугацаагаар хаасан аж. Хөдөлгүүрт гал гарч, утаа суунаглаж эхэлсний дараа зорчигчдыг яаралтай нүүлгэн шилжүүлжээ. Гэмтэж бэртсэн хүн байхгүй боловч 30 зорчигчийн бие тавгүйрхсэн байна.
Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хот руу нислэг үйлдэх хуваарьт “Боинг-777” нисэх онгоц нь “Pratt & Whitney PW4000” хоёр хөдөлгүүртэй аж.
Ханеда нь өдөрт 550 орчим нислэг хүлээн авч, хөөргөдөг хамгийн хөдөлгөөнтэй нисэх онгоцны буудлын нэг юм. Тус нисэх буудлаар өнгөрсөн жил 75 сая зорчигч үйлчлүүлжээ.
Эх сурвалж: Reuters
Б.АНХТУЯА