Тэртээ 1976 онд төмөр замын жим ОХУ-ын Москва хотыг чиглэж, төмөр зам гэх их айлын түүхэнд томоохон дурдатгал нэмэгдэж байжээ. Галт тэрэгний дарга, машинист, үйлчлэгч, мастераас бүрдсэн анхны баг 40 жилийн өмнө Улаанбаатараас анх удаа Москва хот руу галт тэрэгний аяллаа эхлүүлсэн түүхтэй. Энэ үйл явдлыг төмөр замынхан “Монгол Улс гадаад орчинтой харилцах томоохон гүүр нээгдсэн явдал” хэмээн тодотгож байна.
Тухайн үеийн 20 гаруйхан настай шижигнэсэн залуус өнөөдөр 60, 70 настай ахмад ажилтан, буурай нар болжээ. Тэд өнөөдөр Улаанбаатар-Москва чиглэлд галт тэрэг аялж эхэлсний 40 жилийн ойгоо тэмдэглэж байна.
Ахмад зүтгэлтэн Л.Лхагва гуайн хувьд 1964 онд Төмөр замын техникумыг төгсч, Улаанбаатар төмөр замд ажилд орж байжээ. 20 гаруйхан настай залуустай гар нийлэн нэг бригад болон ажиллаж, 1976 онд Улаанбаатар-Москвагийн чиглэлийн галт тэрэгний анхны аяллыг хариуцах үүрэг хүлээсэн гэдэг. Тэрбээр Москвагийн чиглэлийн аяллын зорчигчдыг цаг, үеэ даган хувьсан өөрчлөгдөж байсныг онцлов. Л.Лхагва “Тухайн үеийн Моксвагийн галт тэргэнд сэхээтнүүд, дипломатууд, гадаадын ажилтан, хөдөлмөрийн сайчууд ихээр явж байсан. Энэ нь анхны үе юм. Харин үүний дараагийн үед ганзагын наймаачид ихээр явж эхэлсэн” хэмээн хуучлав. Л.Лхагва гуайн хувьд эдүгээ тэтгэвэртээ гарсан хэдий ч залуустаа ахмад ажилтны хувьд зөвлөхийн үүрэг гүйцэтгэж байгаа.
Д.Норомпил гуайн хувьд Улаанбаатар – Москвагийн чиглэлийн анхны аяллын үйлчлэгчээр ажиллаж байжээ. Тэрбээр “Москвагийн чиглэлд үйлчлэх 120 үйлчлэгчийн нэгээр шалгараад хөл газар хүрэхгүй баярлаж байлаа. Бидний хувьд том баярт үйл явдал шүү дээ. Улаанбаатараас хөдлөхөд жигтэйхэн сүртэй гаргаж өгсөн. Москвад очиход төмөр замынхан нь бүгдээрээ угтаж авч байсан нь одоо ч нүдэнд харагддаг юм” хэмээн дурсан ярилаа. Тэрбээр 40 жилийн ойн баяртаа төмөр зам гэх их айлаас хүртсэн энгэр дүүрэн медалиараа гоёж иржээ.
Улаанбаатар–Москва чиглэлийн “Нарлаг Монгол” галт тэрэг 40 жилийн хугацаанд дэлхийг 2-3 удаа тойрох хэмжээний зам туулжээ. Энэ хугацаанд гурван удаа томоохон шинэчлэл хийж, ОХУ, БНХАУ, Герман улсаас сүүлийн үеийн галт тэрэг авч, паркаа шинэчилсэн байна. Москвагийн чиглэлд аялдаг анхны галт тэрэгний хувьд механикжсан, гар ажиллагаа ихтэй байсан үетэй харьцуулахад одоо огт өөр болсон хэмээн ахмад ажилтнууд хэлж байлаа. Нэгэнт техник технологи хөгжиж, дэвшсэн үед ажиллаж байгаа учир, залуус өөрсдийн мэдлэг, мэргэшлээ л улам ахиулахад анхаарах хэрэгтэй гэдгийг ахмад ажилтнууд захиж байсан юм.
Гэрэл зургийг: Н.БАТМӨНХ