Иргэний нисэхийн ерөнхий газрын хамт олон өнөөдөр /2016.05.27/ Монгол улсад нисэх хүчин үүсч хөгжсөний 91 жилийн ойн баяраа тэмдэглэж байна. Одоогоос 91 жилийн өмнө 1925 оны тавдугаар сарын 25-ны өдөр тухайн үеийн ЗХУ-ын нисгэгч А.И.Лапин “Ю-13” хэмээх агаарын хөлгийг жолоодон хөөргөж, одоогийн Улаанбаатар хотын консулын дэнжид газардсанаар Монгол улсын нисэх хүчний салбарын анхны түүхийг эхлүүлж байжээ.
Энэхүү түүхт 91 жилийн ойн хүндэтгэлийн ёслолд УИХ-ын гишүүн Г.Батхүү, Зам тээврийн яамны Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга С.Мөнхнасан, Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Г.Нямдаваа болон даргын зөвлөлийн гишүүд, ИНЕГ-тай ажил, амьдралаа холбосон ахмадууд хүрэлцэн ирж, оролцов.
Ёслолын ажиллагааг нээж, ИНЕГ-ын дарга Г.Нямдаваа үг хэлэхдээ “Нислэгийн хөдөлгөөний удирдлагын үйлчилгээнд радар, бодит ажиглалтын системийг хослуулсан, үзүүлэлтэд тулгуурласан навигацийг гурван үе шатаар хөгжүүлсэн. Мөн агаарын хөлгийн байрлалын мэдээллийг дэлгэцэнд хардаг “ADS-B” системийг нэвтрүүллээ. Ингэснээр аюулгүй ажиллагааны найдвартай байдал хангагдаж, Ази, Номхон далайн орнуудаас Монгол Улс, Австрали хоёр тэргүүлж буй үнэлгээ авсан” талаар онцолсон юм.
Агаарын навигацийн хөгжлийг шинэ шатанд хөгжүүлэх эдгээр тоног төхөөрөмжүүдийг ашиглаж эхэлснээр Монгол Улсын агаарын зайд нислэг үйлдэж байгаа агаарын хөлгүүдийн тоо өнгөрсөн онд өмнөх оны дунджаар 4.1 хувиар өссөн буюу нийт 45 улсын 160 гаруй агаарын тээвэрлэгч манай улсын агаарын замаар дамжин үйлчлүүлжээ. Харин энэ оны эхний улирлын байдлаар манай улсын агаарын замаар дамжин өнгөрсөн нислэгийн тоо өмнөх оноос найман хувиар өссөн үзүүлэлттэй байгаа ажээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Батхүү “Би Зам тээвэр, аялал жуулчлалын сайдаар ажиллаж байхдаа Хөх хотод олон улсын иргэний агаарын тээврийн буудал ашиглалтад орж, “Чингис хаан” нэрийг авах гэж байгаа талаар мэдээлэл авсны дагуу Засгийн газарт хандан “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлыг “Чингис хаан” болгон нэрийг нь өөрчлөх асуудлыг санаачлан дэвшүүлж байсан. Ингэснээр Монгол Улсын нэр хүндийг дэлхийд таниулах алхам болсон гэж бодож байна” гэж ярилаа.
Монгол Улсын гавьяат нисгэгч С. Жанар “Миний бие энэ салбарт 54 жил ажиллаж байна. Үүний 40 гаруй жил иргэний агаарын тээвэрт Эвлэлийн хорооны даргаас эхлэн нисгэгч, нислэгч эрхэлсэн орлогчоор ажиллаж, хамгийн сүүлд ахмадуудын хорооны даргаар ажиллаа. Манай салбар олон улсын түвшинд хөгжиж, онгоц, техникүүд нь шинэчлэгдлээ. Тиймээс салбарынхаа хөгжилд сэтгэл хангалуун явдаг юм” талаар бахархангуй өгүүллээ.
Мөн энэ үеэр салбартаа олон жил ажилласан тэргүүний ажилчдаа шагнах ёслолын ажиллагаа боллоо. Баярын өдрөөрөө “Хөдөлмөрийн тэргүүний ажилтан” тэмдгээр энгэрээ мялаасан Д.Тогтох Батлан хамгаалах яамны харьяа 109 дүгээр ангид онгоцны техникийн засварчингаар 25 жил ажилласан. Засварчин хүн өвлийн хүйтэнд онгоцны засвар үйлчилгээг цаг алдалгүй хийх ёстой байдаг. Би ажиллах хугацаандаа Говь-Алтай аймгийн АН-2 онгоц ес хоног нислэгт үйлдээгүй гэсэн мэдээллээр тус аймагт очиж, онгоцыг хэвийн үйл ажиллагаанд нь өдөрт нь нислэгт оруулж байсан. Миний хөдөлмөрийг үнэлж, энгэрийг минь мялааж байгаад их баяртай байна” хэмээн баярын нулимс унагаж байв.
Ирэх жилээс Польшийн Засгийн газрын нэн хөнгөлөлтэй зээлээр Ховд, Дорнод аймгийн нисэх буудлыг өргөтгөх, навигацийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, цаг уурын радар зэргийг хамтран хийхээр Засгийн газраас шийдвэрлэж байгаа гэнэ.