“Гудамжинд хөглөрөх хаягдлыг хараад үүгээр юу хийж сургуулиа тохижуулах вэ гэж үргэлж бодох болсон” хэмээн инээмсэглэн ярих энэ охиныг Ч.Шүрэн-Эрдэнэ гэдэг. Тэрбээр нийслэлийн 65 дугаар сургуулийн наймдугаар ангийн сурагч. Ч.Шүрэн-Эрдэнэ болон түүний ангийнхан шил, лааз, хуучирсан сэтгүүл, сиди, даавууны өөдөс, модны холтос гээд хаягдал материал ашиглан ханын цаг, толины хүрээ, үзэг балны сав, хувцасны өлгүүрийг урлаж, сургуулиа тохижуулжээ.
ТЕХНОЖ бизнес инкубатор төв, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагынхан хамтран “Алдагдал, хаягдлыг алт, мөнгө болгоё – хүүхэд 2” төслийг дөрвөн сарын хугацаанд хэрэгжүүлсэн байна. Энэ хүрээнд нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 65 дугаар сургуулийн 6-9 дүгээр ангийн сурагчдад хаягдлыг үр ашигтай зарцуулж, бүтээл хийх сургалт явуулжээ. Сурагчид ийнхүү дөрвөн сарын сургалтын тайлангаа өнөөдөр тавьж, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд үзэсгэлэнгээ дэлгэлээ.
Сурагч Ч.Шүрэн-Эрдэнийн хувьд картон цаас, хулс мод, тариан түрүү, нэг удаагийн савх, хуванцар сав ашиглан ханын цаг бүтээжээ. Мөн сэтгүүлийн хуучирсан цаасыг ороож цавуудсаны дүнд толины гоёмсог хүрээ урласан байна. Толины хүрээ хийх бас нэгэн арга нь лаазны таг, сидиг ашиглажээ. Мөн хуучирсан сэрээг нугалж хувцасны өлгүүр хүртэл хийсэн байна. Тэдний хувьд ширээн дээр тавих үзэг, балны савыг ядах юмгүй урлажээ. Сэтгүүлийн цаасыг хуйлж наагаад үзэгний өвөрмөц сав бэлэн болсон байна. Сурагчид хаягдал гялгар уут ашиглаад өөрсдийн тоглох дээсийг ч хийжээ.
Тэд бүтээлээрээ сургуулийнхаа номын сан, угаалгын өрөө, хувцасны өрөөг бүрэн тохижуулсан байна. Өөрсдийн хөдөлмөрөөр хийсэн хувцасны өлгүүр, цаг гээд бүх л юмаа харах бүрд сайхан санагдаж, хайрлаж, гамнах сэтгэл төрдөг хэмээн тэд хэлж байлаа.
Сурагч Г.Болдсүх “Хаягдлаар бүтээл хийдэг болсноос хойш ундаа, усныхаа савыг үргэлж хадгалдаг болсон. Бас ойр орчимд хэрэггүй сэтгүүл, гялгар уут байвал тэр дор нь хадгалдаг болсон” гэж байлаа.
Нийслэлийн хэмжээнд өдөрт л гэхэд 1100 тонн хатуу хог хаягдал хуримтлагддаг гэх судалгаа бий. Гэвч хаягдлыг, ялангуяа хоёрдогч түүхий эдийг дахин ашиглах боломж тааруу байдаг. Тиймээс сурагчдаар дамжуулан хүн бүр хог хаягдлыг амьдрал ахуйдаа хэрэгцээтэй бүтээгдэхүүн болгохыг сурталчлах үүднээс ийнхүү төслийг хэрэгжүүлжээ.
Гэрэл зургийг: Н.БАТМӨНХ