АН-ын фракцууд 15 цагаас цуглана

Хуучирсан мэдээ: 2016.05.27-нд нийтлэгдсэн

АН-ын фракцууд 15 цагаас цуглана

Ардчилсан намын аймаг, дүүргийн хороод хоёр хоногийн турш тухайн тойрогтоо УИХ-д хэнийг нэр дэвшүүлэхээ шийдвэрлэсэн. Нэр дэвшигчдийг тодруулах хурлууд ширүүхэн болж Сонгинохайрхан дүүрэгт л гэхэд УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг намын гишүүдийнхээ дэмжлэгийг авч чадаагүй, бүдэрсэн. Гэхдээ нэр дэвшигчдийг эцсийн байдлаар ҮЗХ-ны хурлаар шийдвэрлэнэ.

Аймаг, дүүргийн намын хороодоос тодорсон нэр дэвшигчдийг харахад Ардчилсан намын “Шонхор”, “МоАХ” фракцуудын төлөөллүүд ихэнхдээ гарч иржээ.

Тиймээс ч “Алтангадас”-ынхан Сонгинохайрхан дүүрэгт Л.Эрдэнэчимэг гишүүнийг зориуд унагаасан гэнэ. Ардчилсан намын дүрэмд зааснаар ҮЗХ-ны хуралдаанаар УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн нэрсийг эцсийн байдлаар тодруулж, СЕХ-нд бүртгүүлэх юм. Харин энэхүү ҮЗХ-ыг угтаж 15,00 цагаас Ардчилсан намын фракцууд цуглаж, өөр өөрсдийн саналаа багцалж эхлэх гэнэ.

Өмнө нь зарласан ҮЗХ-ын хурлаар дотоод асуудлаа цэгцлэх байсан ч фракцууд “Шонхор”, “МоАХ”-ын эсрэг нэгдэж, хурал хаяснаар хуралдаж чадаагүй юм. Энэ удаад ч энэ хоёр фракцын эсрэг үзэлцэнэ гэсэн байр суурьтай ҮЗХ-ны гишүүд цөөнгүй байгаа аж. Хэдийгээр “Шонхор”, “МоАХ” бусад фракцыг бодвол ҮЗХ-нд илүү олон суудалтай ч бусад нь нэгдвэл олонх болох юм.

Тиймээс ч ҮЗХ-ны хуралдааны өмнө өөр хоорондоо тохироо хийхээр цуглахаар болжээ. Аймаг, дүүргийн намын хороодоос тодорч чадаагүй нөхөд ч ҮЗХ-ны хуралдаанаар асуудлаа шийдүүлэхээр чармайж буй аж. Тиймээс ч нэг нэгнээ барьцаалахаар намынхаа даргын хүнийг ч анхан шатанд унагаасан дуулдаж байна. ҮЗХ-ны хуралдаан ширүүхэн болох нь тодорхой. Харин “дарангуйлагч” гэгдээд буй З.Энхболд нар энэ удаад их л тэвчээртэй, олонхын аясыг дагахгүй бол түүнтэй тооцоо бодох гэсэн хүмүүс цөөнгүй байгаа гэнэ.

Л.ХАЛИУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж