Өглөөний нартай уралдан Улаанбаатар хотоос 46 км явж Тэрэлж амралтын бүст байрлах шинэ гүүрэн дээр очлоо. Хүүхэд хөгшидгүй гүүрэн дээр гарч баяр ёслол хийх гэж буй мэт цугларсан нь шинэ гүүрээ хүлээн авах гэсэн нутгийн иргэд байлаа. Багачууд нь гоёлоо өмсч, хөгшид нь энгэртээ медаль гялалзуулсан настанууд сэрүүн өдрийн салхийг ажрах шинжгүй томоохон арга хэмжээнд оролцох гэж байгаа мэт нээлт эхлэхийг хүлээж харагдана. Арга ч үгүй биз тэдний хувьд хол ойрын унаа залгуулах ганц гүүр нь энэ. Гэтэл хэзээ мөдгүй нураад уначих дөхсөн хуучин гүүр арай ядан аргацааж, хэзээ нэг нурж ойчих бол гэж санаа зовж байснаа хөгшчүүл ярьж байсан. Шинэ төмөр бетонон гүүрийн нээлт эхлэхээс өмнө ЗТБХБ-ын сайд болон албаны хүмүүс хуучин, шинэ гүүртэй танилцсан юм. Туул голын эрэг дагуух горхийн гүүрийг БНМАУ-ын Барилгын яамны харъяа Бетон гүүрийн анги буюу одоо “Ган гүүр” ХХК болж өөрчлөгдсөн компани 1964 онд барьсан түүхтэй. Түүнээс хойш хоёр удаа урсгал засвар хийж, засварласан ч модон гүүр учраас нэгэнтээ насгүй болжээ. Гүүрийг анх барьсан ахмад барилгачид ч энд мөн ирсэн байсан. “Ган гүүр” ХХК-ний ерөнхий зөвлөх, хөдөлмөрийн баатар Н.Лхагвадорж хэлэхдээ “Биднийг анх барьж байхад багаж, техник, тоног төхөөрөмжгүй өөрсдийн гараар хийж гүйцэтгэж байсан. Модон гүүр учраас элэгдэж хуучрахаас яах вэ. 47 настай бараг бидэнтэй үе чацуу гүүр шүү дээ. Үүнийг шинэчилж байгаад их баяртай байна. Ер нь бүтээн байгуулалт хийж, үүнд гар бие оролцож явна гэдэг сайхан” гэж хуучилсан. Эдийн засгийн хямралтай үе таарч гүүр барих ажил хойшилж байсан юм. Энэ гүүр нь Налайх, Тэрэлжийн чиглэлд болон аялал жуулчлалын салбарт багагүй хувь нэмэр оруулдаг, зуны улиралд зусландаа гардаг хотынхны аюулгүй, тохитой зорчих нөхцлийг бүрдүүлж чаджээ. 211 метрийн урттай, зорчих хэсгийн өргөн найман метр, нэг метр явган хүний замтай, хоёр талдаа 400 метрийн урттай автомашины замтай гүүр юм байна.
Бяцхан урлагийн тоглолт өндөрлөж гүүр нээх тууз хайчилснаар алтан шар зам өлзийтэй байх сүүн цагаан цацал өргөн шинэ гүүрний нээлтийн ёслол өндөрлөсөн юм. “2,8 тэрбум төгрөгийн төсвөөр баригдсан уг гүүр барих явцад эдийн засгийн хямрал, барилгын материалын үнийн өсөлтийн зөрүү 800 сая төгрөг гарсан. Үүнийг улсын төсвөөс гаргуулах талаар холбогдох албанынханд санал тавьсан байгаа. Гүүр барьснаар Налайх, Тэрэлж авто замын чиглэлд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа” гэж тус компанийн захирал Б.Гантөмөр хэлж байсан.
Улсын хэмжээнд нийт 600 гаруй гүүр байдаг. Үүнээс 200 гаруй томоохон гүүр байдгийн 10 гаруй нь нийслэл орчимд байдаг аж. Өнгөрсөн жилээс дөрвөн гүүрийг шинэчилж байгаа. Үүний дагуу Маршалын гүүрийг засч дуусаад ашиглалтанд оруулсан бол хоёрдахь гүүр нь энэ юм байна. Манай улсад байгаа гүүрнүүд 60-аас дээш жилийн настай. Тиймээс бүгдийг нь шинэчлэх шаардлагатай. Шинээр баригдаж байгаа гүүрнүүд олон улсын стандартад нийцсэн, монголдоо хамгийн анхны өрөмдөлгөн суурьтай, хайрцаган дам нуруут гүүр болж байгаагаараа онцлог юм байна. Жолооч таны алтан шар зам өлзийтэй байж, алтан гартай барилгачдын барьсан гүүр зуу наслах ерөөл тавин их хотын зүг буцсан юм.