Латин Америк, Карибын орнуудад гарсан Зика вирусын халдвар бидний төсөөлж буйгаас илүү хор нөлөөтэй байж болох гэнэ. Стэнфордын их сургуулийн эрдэмтэд Зика вирус нярайн нүдийг гэмтээдэг байж болзошгүй хэд хэдэн тохиолдлыг судалж байна. Төрөхийн өмнө ээж нь Зика вирусын халдвар авсан гурван нярайн нүднээс цус гоожиж, гэмтсэн аж. Зика вирус нүдийг гэмтээдэг байж магадгүй гэх таамгийг батлахын тулд халдвартай эхээс төрсөн хүүхдүүдийн нүдийг шалгаж эхэлсэн байна.
Зика вирус нь жирэмсэн эмэгтэйд халдсанаар ургийн тархины хөгжлийг зогсоож, жижиг толгойтой, оюун ухааны хомсдолтой хүүхэд төрөхөд нөлөөлдөг юм. Түүнчлэн насанд хүрэгчдэд зарим тохиолдолд тархины саажилт үүсгэдэг байна. Шумуулын хатгалтаар дамжин халдварладаг Зика вирусын эсрэг эм, вакцин гараагүй байгаа. Түүнчлэн Зика вирус бэлгийн замаар халдварласан тохиолдол олон бүртгэгдсэн билээ.
Зика вирусын халдвар тээвэрлэгдэх замаар дэлхийн 60 гаруй оронд илэрч, ОХУ-д дөрвөн хүн өвдсөн байна.
Эх сурвалж: ВВС
Б.АНХТУЯА