Бат-Үүлийг яагаад муулах ёстой вэ

Хуучирсан мэдээ: 2016.05.27-нд нийтлэгдсэн

Бат-Үүлийг яагаад муулах ёстой вэ

Интернэтээр хэсүүчилж явахдаа нэгэн иргэний “Улс төрч хүн муухан амьдарч, сайхан үхэх ёстой” гэсэн жиргээг уншиж байж билээ. Үнэнд нэлээд ойртсон дүгнэлт мэт санагдсан юм. Харин манайд энэ тодорхойлолт яг эсрэгээрээ байдаг нь харамсалтай. Тэр утгаараа улс төрч хүнд дурлах ямар ч шалтгаан, шаардлага байхгүй мэт. Харин дургүй болох мянган шалтгааныг бараг л нэг амьсгаагаар нэрлэх хүн нэлээд их байгаа гэдэгтэй барьсан ч алзахгүй. Гэхдээ дургүйгээ зөв үндэслэл, зөв өнцгөөс илэрхийлээд хэлчих хүн л улс төрийн ертөнцөд хэтэрхий цөөн байна.

Тэгвэл сүүлийн хэдэн сар, жилийн турш муулуулж, миалуулж, “дургүй” гэдэг үгийг мянгантай сонсож байгаа нэгэн хүнээр жишээ татъя. Тэр нь нийслэлийн Засаг дарга буюу хотын мээр. Өрсөлдөгч гэдэг утгаараа ч юм уу хотын захирагч руу “дургүй” гэх үгийг хамгийн их дайж байгаа нь МАН-ынхан гэж ажиглагдлаа. Өөрт нь дургүй гээд байгаа юм уу, хийсэн ажилд нь дургүйцлээ илэрхийлээд байгаа юм уу мэдэх юм алга. “Цээ л бол цээ ш дээ” гэдэг шиг дургүй л бол дургүй аж.

Тиймээс яг ямар шалтгаанаар баатар Э.Бат-Үүлд дургүйлэхээд байгаа нь сонирхол татаж, хариулт хайхыг хичээлээ. Дээр хэлсэнчлэн мянган шалтгаан толгойд эргэлдсэн ч, хоёр үндэслэл нэлээд ханатай мэт санагдсан юм.   

Шалтгаан 1.

Ардчиллын “алтан хараацай”-нуудын нэг Үүл баатарт шүүмжлэн доромжлогчид анхнаасаа дургүй байсан уу. Энэ асуултын хариулт нь “Үгүй”. Яагаад “үгүй” гэхээр, тэдгээр шүүмжлэгчид, гутаагчид, дургүйгээ хэлээд байгаа хүмүүсийн ихэнх нь Э.Бат-Үүлийг ардчиллын төлөө тэмцэж, өлсөж явахад “аабан бээбэн” үлээгээд гүйж байсан хүүхдүүд байх жишээтэй. Тэгэхээр одоогийн энэ дургүйцэл нь төрмөл биш олдмол байж таарлаа. Цаг хугацаагаар нь хөөвөл сүүлийн дөрвөн жилийн туршид л энэ дургүйцэл нь дээд цэгтээ хүрч, дэлбэрэн бутрахад бэлэн болсон байна. Сүүлийн дөрвөн жил гэсний учир нь түүний одоогийн албан тушаалтай шууд холбогдоно.

Өөрөөр хэлбэл, нэгдүгээрт, Э.Бат-Үүл УИХ-ын гишүүний өндөр сэнтийгээс хотын мээр болсон анхны хүн. Хоёрдугаарт, өмнө нь байсан хотын мээрүүдээс хэд дахин их ажил, хэдэн дахин их бүтээн байгуулалтыг хийчихсэн юм. Хэд дахин урт зам, хэд дахин олон цэцэрлэг, сургууль босгочихсон. Энэ бүхэн нь түүнд дургүй бологсдийг үйл олноор бий болголоо. Товчхондоо түүний хийсэн бүтээн байгуулалтын бослого нь түүнд дургүй бологсдийн тоог нэмсэн гэсэн үг. Харьцуулсан математик судалгаа гаргасан ч өмнөх мээрүүдээсээ хийсэн бүтээн байгуулалтаараа аль хэдийнэ тасран алга болсон байна тэр. Бодит байдал л энэ. Ямар сайндаа л нэгэн нийтлэлчид “Тэнэг Үүл. Яах гэж хотыг хөгжүүлсэн юм” гэж загнуулахав.

Э.Бат-Үүлийг сүүлийн үед “трэнд” болоод байгаа учраас жишээ болгон авч буй. Түүн шиг олон олон хүмүүс түүхийн хуудаснаа байгаа гэдгийг нэхэн хэлье. Нэг хүнийг ингээд онцолчихоор сонгуулийн сурталчилгаа гэж харах хүн цөөнгүй. Гэхдээ буруутгах аргагүй. Сонгуулийн жил шүү дээ.

Шалтгаан 2. 

Хотын мөнгөөр, нийслэлийн төсвөөр юу хийж, яаж бүтээдэгийг дөрөвхөн жилд “сэгсийтэл” харууллаа. Бүтээн байгуулалтын өндөр босгыг өөд өөд нь өргөн дэвшүүлснээр хэзээ нэгэн цагт суудалд нь суух хотын дараагийн мээрт босгосон босгыг нь давж гүйцэтгэх даан ч том үүрэг үлдээлээ дээ энэ Үүл.

Хааны суудал халаатай гэдэг. Эхлүүлсэн энэ их ажлаа дуусгаад гавьяаныхаа амралтад гарч л таарна. Тэр үед харин дараагийн хотын захирагч түүн шиг байж чадахгүй бол яана. Яг энэ айдас л түүнд дургүй болох хоёр дахь шалтгаан болжээ.

Дараагийн дарга нь хууль бусаар газар зарж болохгүй, хувийн онгоцтой байж болохгүй, хувьдаа завшиж ч болохгүй болчихлоо. Ингэхээр дургүй нь хүрэлгүй л яахав. Харин зөвхөн хийх, бүтээн байгуулах, босгох, өргөх ганц л тангарагтай байх ёстой гэдгийг одоогийн мээр үйлдлээрээ тод томруунаар харууллаа.

Дараагийн мээрт захихад иргэд биш улс төрчид л өөрт чинь “дургүй” гэдгээ хэлж эхэлбэл өөрийгөө зөв зүгт явж байна гэж дүгнэж болно. Амжилт хүсье. 

Х.ГАРЬД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж