Улсын мөнгийг хувьдаа завшсан хэргээр шүүхээс дөрвөн жилийн ял сонсоод байсан Үйлдвэр худалдааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Сүрэнхорын эхнэр Д.Эрдэнэ-Отгонтой холбоотой хэргийг Тээврийн прокурорын газраас Баянгол дүүргийн шүүх рүү жилжүүлсэн байна. Д.Эрдэнэ-Отгон нь өнгөрөгч оны есдүгээр сарын 16-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа осол гаргаж 30 настай эрэгтэйг дайрч амийг нь хөнөөсөн юм. Тухайн үед хэргийн газар болох Төмөр замын гал командын зүүн талын Нарны зам дээр УНН 70-20 улсын дугаартай “Тoyota yitz” маркийн авто машинаар Д.Эрдэнэ-Отгон дайрсан болох нь камерт бичигдсэн байв. Уг хэргийг Замын цагдаагийн газрын Эрүүгийн тасгаас дөрвөн цагийн дотор шуурхай илрүүлж Д.Эрдэнэ-Отгоныг ээжийнх нь гэрээс баривчалсан юм. Ийнхүү түүнийг Замын цагдаагийн гзараас бусдын амь нас хохироосон, бусдын биед онц их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр эрүү үүсгэн шалгаж Тээврийн прокуророын хяналтад хоёр ч удаа шилжүүлэв. Гэтэл энэ бүгдэд нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцааж байсан юм. Ийнхүү хэрэг нь шийдэгдэхгүй удааширч байсан уг хэргийг 14 хоногийн өмнө харьяа дүүргийн шүүх рүү жилжүүлсэн юм. Удахгүй шүүхийн тов тодорхой болох аж. Хэрвээ түүнийг шүүхээс буруутайг нь тогтоовол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь дөрвөн жилээр хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр торгох юм.
Анодын хэрэг үргэлжилсээр
Анод банкны ТУЗ-ын гишүүн Э.Гүр-Аранз, Н.Даваа, Д.Уламбаяр болон гүйцэтгэх захирал Д.Энхтөр нарт холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн байцаалт нэг жил долоон сарын турш үргэлжилж байна. Улсын мөрдөн байцаах газраас тэдэнд холбогдох хэргийг өнгөрсөн сард прокурорын хяналтанд шилжүүлснээр тэднийг “Цагдан Хорих” төвд хорих шийдвэрийг гаргасан юм. Тэднийг “Анод” банкны эрх бүхийн албан тушаалтнуудыг найдваргүй зээл олгосон, хадгаламж эзэмшигчдийн мөнгийг сонгуульд зарцуулсан гэх хэрэгт холбогдуулан шалгаж байгаа билээ. Өнгөрөгч сар гаруй хугацаанд Цагдан хорих төвд хоригдсон Н.Даваа уржигдар Захиргааны хэргийн шүүх хуралд өөрийн биеэр оролцсон аж. Тэрээр Ашигт малтмалын газрын Геодизи, уул уурхай кадастрын хэлтсийн талаар нэхэмжлэл гаргасныг шүүх хурлаар хэлэлцэж “Н.Даваагийн нэхэмжлэлийг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх шийдвэр” гаргажээ. Уг нэхэмжлэл нь “Монгол Газар” ХХК нь ашигт малтмалын хоёр лицензээ Анод банкинд барьцаалан зээл авсан хэдий ч тодорхой хугацааны дараа Анод банкинд барьцаалсан Олон-Овоотын лицензээ түр чөлөөлөх хүсэлт тавьж, талууд харилцан гэрээ байгуулсантай холбоотой юм. Гэсэн хэдий ч АМГ-ын Геодизи, уул уурхай кадастрын хэлтсйн дарга 973 дугаар тушаал гарган дээрх лицензүүдийг хүчингүй болгожээ. Н.Даваа энэ шийдвэрийг эсэргүүцэн өнгөрөгч тавдугаар сард ч шүүхэд гомдол гаргасан байна.
Н.Мөнх-Оргилын хэрэг гүтгэлэг байв уу
Хөвсгөл аймгийн харьяат Н.Мөнх-Оргилыг найман настай охиныг онц хэрцгийгээр хөнөөсөн гэх үндэслэлээр шалгаж, Сүхбаатар дүүргийн шүүхээс гэм буруутайг нь тогтоосон ч Дээд шүүхээс түүний хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан юм. Харин түүний өмгөөлөгчийн өгсөн мэдээллээр бол “Мөрдөн байцаагч түүний хэргийг нотлох хамгийн гол ажиллагаа болох таниулах ажиллагааг хууль зөрчиж явуулсан. Бүр тодруулбал Баянгол дүүрэгт хүчирхийлүүлсэн гэх гурван охиныг сэжигтэнд таниулахдаа шууд тулгасан. Өөрөөр хэлбэл зааж өгсөн” гэж мэдэгдээд байгаа юм. Гэтэл Нийслэлийн прокурорын газраас “Түүний хэрэгтэй холбоотой мөрдөх үйл ажиллагаанд ямар ч хууль зөрчсөн юм байхгүй” гэж мэдэгдээд байгаа. Түүний гэр бүл Дээд шүүхийн шийдвэрийг үнэн зөв, шударга гэж үзэж байгаа юм. Ийнхүү хоёр шатны шүүхээс цаазын ял сонссон түүнийг хэргийг мөрдөх ажиллагаа одоо үргэлжилж байгаа. Чухам ямар шалтгаанаар түүнийг хэргийг дахин мөрдөж байгаа мэдээлэл одоохондоо ил болоогүй байна.