Монголын жүдо бөхийн шүүгч Машбатын Бөхбат Рио де Жанейро хотноо болох зуны олимпийн 2016 оны наадамд шүүгчээр томилогдсоныг өчигдөр Олон улсын жүдо бөхийн холбоо мэдэгдлээ.
Тэрээр бусад 14 орны шүүгч нарын хамт "РИО 2016" олимпийн наадмын жүдо бөхийн тэмцээнийг шүүн явуулах юм. Эдгээр шүүгчид дунд Ази тивээс зөвхөн гурван орны шүүгч эрхээ авчээ. Жүдо бөхөөр алдартай БНСУ-ын шүүгч энэ бүрэлдэхүүнд багтаагүй нь шүүгчийн сонгон шалгаруулалт хатуу явагдаж, олон шалгуур давсныг илтгэж байна. Олимпийн тэмцээнд оролцож байгаа орнууд тухайн төрөлдөө өөрийн орны шүүгчтэй байх нь тамирчдынхаа амжилтыг хамгаалахад чухал нөлөөтэй билээ.
Гавьяат дасгалжуулагч, эмэгтэй жүдо бөхийг үндэслэгч Машбатын хүү Бөхбат өдгөө жүдо бөхийн холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар ажилладаг. Монголын жүдо бөхийн тамирчдын сүүлийн үеийн амжилт, ололт ялангуяа олимп, дэлхийн аварга, олимп, дэлхийн медальтнууд олноор төрсөн нь түүний ажилтай холбоотой. М.Бөхбат нь сүүлийн гурван жилд болсон бүх томоохон тэмцээнийг Олон улсын жүдо бөхийн холбооны шугамаар шүүн явуулсан байна.
Монголын тамирчид одоогоор нийт зургаан төрөлд 19 эрхийг албан ёсоор аваад байгаа бол шүүгч нараас хамгийн анхны эрхийг жүдо бөхийн төрлийнхөн авчирлаа.
Б.ЭНХ