Санал асуулгыг саатуулах учир

Хуучирсан мэдээ: 2011.07.06-нд нийтлэгдсэн

Санал асуулгыг саатуулах учир

Эхлээд нэг санал асуул­гын дүнг танилцуулья. Сая­хан Дээд шүүхээс нэрээ авсан МАХН хот хөдөөгийн иргэдийн дунд санал асуулга явуулжээ. “МАНАН-гийн Засгийн газарт итгэж байна уу?”, “Тавантолгойн ордыг 100 хувь ард түмний мэдэлд өгөх нь зөв үү?” гэдэг хоёр асуултаар. Бүх ард түмний бус, иргэдийн дунд гэснийг та анзаарсан биз дээ. Учир нь бүх ард түмний санал асуулыг УИХ-аас зарлан явуулдаг. Харин МАХН-аас явуулсан санал асуулга бол дөнгөж шинээр байгуулагдсан, парламентад суудалтай эсэх нь ч маргаантай нэг жижиг намаас зохион байгуулсан санал асуулга. Тэгээд тэнд нь Монголын сонгуулийн насны 1,3 сая иргэн бус, түүний тал хувь нь л оролцсон байгаа юм, өөрсдийнх нь танилцуулж байгаагаар.

Энд бас нэг тодруулга хийх хэрэгтэй болж байна. Өмнө нь 2004 оны сонгуулиар ялалт байгуулсан /яах вэ, суудлын зөрүү бол 38:39 л байсан л даа. Тиймээс МАХН-тай хамтарч эвслийн Засгийн газар байгуулахад хүрсэн юм/ “Эх орон ардчилал” эвсэл тарсны дараа эвсэлд багтсан Ардчилсан намыг парламентад суудалгүй хэмээн үзэж, намын бүлгийг нь татан буулгасан билээ. Тиймээс 2008 оны сонгуульд ялалт байгуулсан МАХН нэрээ сольсны дараа шинээр байгуулагдсан МАН-ыг ч, түүнээс салан тусгаарласан МАХН-ыг ч аль алийг нь парламентад суудалтай гэж үзэхэд асуудалтай л байгаа юм. Хуулинд бол сонгуулийн өмнө байгуулагдсан нам, эвсэл сонгуулийн дараа татан буугдсан буюу нэрээ сольсон тохиолдолд түүнийг парламентад суудалтай гэж үзэхгүйгээр заасан байгаа. Хуулийн заалтыг улстөрчид өөр өөрсдийн эрх ашигт нийцүүлэн янз бүрээр тайлбарлаж болох ч тухайн заалтыг өмнө нь яг хэрэглэсэн тэр жишгээр дараа дараагийн маргааныг шийддэг жишиг шүүхийн практикт бий. Гэвч хүчтэйн өмнө хүчгүй нь буруутай гэдэг болохоор бусад намууд парламентад олонхи суудалтай МАН-ын эсрэг зарга мэдүүлж чадахгүй л байгаа л даа.

Эргээд гол асуудалдаа орьё. МАХН-аас иргэдийн дунд явуулсан санал асуулгад 800 мянга гаруй хүн оролцож саналаа өгчээ. Тэдний 80 гаруй хувь нь “МАНАН-гийн Засгийн газарт итгэхгүй байна”, мөн 80 гаруй хувь нь “Тавантолгойн ордыг 100 хувь ард түмний мэдэлд өгөх нь зөв” гэж үзжээ. Хэдийгээр энэ санал асуулга үнэн бодитой эсэхийг хэлэхэд бэрх, зохион байгуулагчдын зүгээс санал асуулгад оролцсон хүмүүст хөндлөнгөөс нөлөөлсөн, эсвэл өөрсдөө хариултыг бэлтгэчихсэн байх магадлалтай ч санал асуулгын дүн ингэж гарчээ гэдэг бол факт. Нөгөөтэйгүүр энэ санал асуулгын үр дүнгээр Засгийн газрыг шууд огцруулах эрх зүйн үндэс байхгүй, Тавантолгойн орд дээр хөрөнгө оруулагчидтай хийж байгаа хэлэлцээрийг зогсоох боломжгүй ч дээрх асуудлууд дээр нийгмийн нэг хэсгийн сэтгэл зүй ямархуу байгааг тандчих бололцоотой юм.

Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос байгуулсан Үндсэн хуульд өөрчлөлт оруулах чиглэлээр ард нийтийн дунд санал асуулга боловсруулах ажлын хэсгийнхний саналыг Ардчилсан намын бүлэг буцаагаад байгаа. Учир нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар УИХ нийт ард түмний дунд санал асуулга явуулж болох ч үр дүн нь өөрчлөлт хийхэээр зорьж буй тэр зорилгод нийцэж гарна гэж итгэхэд бэрх. Хэрвээ ард түмнийг үнэн зөв мэдээллээр хангалгүйгээр, эсвэл мэдээлэл дутуу хүмүүст аль нэг талын эрх ашгийг тулгах байдлаар санал асуулга явуулбал үр дүн нь эсрэгээр гарч болно гэсэн үг. Тэгээд түүнээс гарсан энэ сөрөг үр дагаврыг хуульд зааснаар бүтэн найман жилийн турш засварлах боломжгүй болох юм. Учир нь Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуульд “Нийт ард түмний санал асуулгаар шийдсэн асуудалд найман жилийн дотор дахин өөрчлөлт оруулахгүй, найман жилийн дараа өөрчлөлт оруулахаар бол УИХ-ын нийт гишүүдийн дөрөвний гурвын саналаар шийдвэрлэнэ” гэсэн байдаг.

Уг нь бол Засгийн газар муу ажиллаж байна гэж үзээд хариуцлага тооцохоор бол УИХ уг асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх үүрэгтэй. Асуудлыг оруулж ирэх ёстой субект нь Ерөнхийлөгч болон ард түмнийг төлөөлж сонгогдсон УИХ-ын гишүүд. Тэгээд УИХ уг асуудлыг нь хуульд заасан хугацаанд нь хэлэлцэн шийдвэрлэж чадахгүй бол хариуцлага алдсан Засгийн газартай хариуцлага тооцож чадаагүй УИХ-ыг өөрийг нь тараах саналыг Ерөнхийлөгч гаргаж, бүх ард түмний санал асуулга явуулж болох юм. Мөн УИХ-ын гишүүдийн гуравны нэг нь санал гаргаснаар УИХ-ыг тараах асуудлыг хэлэлцэж, дөрөвний гурав буюу дийлэнх олонхийн саналаар шийдвэрлэх заалттай. Хуулийн тов тодорхой заалт. Гэвч бүгдийг хуулиас гадуур хийхээр андгайлсан МАН-ын хувьд энэ ямар хамаатай билээ. 

Тавантолгойн ордыг 100 хувь ард түмний мэдэлд өгнө гэдэг нь ч бас л асуудалтай. Ард түмэн төрийн эрхийг УИХ-д сонгосон төлөөлөгчдөөрөө дамжуулан хэрэгжүүлдэг, тэр нь Засгийн газраа байгуулдаг гэж үзвэл Тавантолгойн ордын лиценз 100 хувь төрийн мэдэлд байгаа гэдэг нь өөрөө Тавантолгойн орд ард түмний мэдэлд байна аа гэсэн үг.

Тэгэхээр ард түмний мэдэлд байгаа ордыг ард түмний мэдэлд эргүүлэн өгнө гэх нь өөрөө логик муутай болж байгаа юм. Харин ордын хувь хувьцааг иргэн бүрт эзэмшүүлэх, оператор компаниудаар дамжуулан ашиглалтаа явуулах энэ тэр нь хувьцаат компанийг хэрхэн байгуулах тухай эдийн засгийн өөр ойлголт болоод явчихаж байгаа юм.

Ингэхээр мэдээллийг мушгин гуйвуулах болон мэдээлэлгүй хүмүүсээр өөрт хүссэн шийдвэрийг гаргуулах боломж хэр их байгаа нь дээр хэлсэн санал асуулгын дүнгээс харагдаж байна. Тиймээс ард нийтийн санал асуулга явуулахыг хойшлуулж буй Ардчилсан намын бүлгийн санал одоогийн нөхцөлд илүү зөв шийдвэр байж болох юм. Харин санал асуулгын нэг хэсэг байхаар төлөвлөж байсан сонгуулийн тогтолцооны маргаанаа парламент өөрийн хууль тогтоох эрх мэдлийн хүрээнд шийдэх ёстой болж байна. УИХ дахь намын бүлгүүд дээр маргаан үүсгээд байгаа уг асуудлыг шийдвэрлэхийн тулд Ардчилсан намын бүлгээс тодорхой хэмжээнд буулт хийж, өмнө нь барьж байсан 50:26-гаа 38:38 болгон мажоритари, пропорциональ суудлын тоог тэгшитгэх санал оруулж ирээд байгаа. Хамтарсан Засгийн газрын гэрээний нэг талд зогсч байгаа Ардчилсан нам энэ хэмжээний буулт хийж байгаа нөхцөлд МАН-ын зүгээс ч бас өөрсдийн саналыг эргэж харах ёстой болж байгаа юм. Харин тус нам энэ үүргээ ухамсарлах эсэх нь тодорхойгүй.

Даваа гаригт хуралдсан МАН-ын бүлгийн хурлаас бол “Санал асуулга  явуулах дээр хатуу зогсохоор шийдсэн” тухай бүлгийн дарга нь мэдэгдсэн байна лээ. Тэгэхээр шинээр сонгогдсон МАН-ын бүлгийн дарга хуучин даргаасаа илүү гарч, зөрчлийг тохиролцоо руу чирэх сонирхолгүй байгаа бололтой. Нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгддөггүй гэдэг энэ.

Уг нь улс орны нийтлэг эрх ашиг болон хоёр намын хооронд байгуулсан гэрээг хүндэтгэж үзвэл ямар ч байсан энэ УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд сонгуулийн хууль шинэчлэгдэж гарах ёстой. Тэгээд ч жилийн өмнө шууд пропорионалийг эсэргүүцэж, пропорциональ давамгайлсан 50:26 гэдэг хувилбарыг өөрсдөө оруулж ирсэн МАН ингэж тохиролцооноосоо 180 градус эргэчихээд, нөгөө намаа шахаанд оруулж байгаа нь дан ганц өөрсдийн эрх ашгийг харж, ирэх сонгуулиар гарч болох эрсдлээс болгоомжилсных. Тэд хэрвээ нийт ард түмний санал асуулга явуулбал өөрсдийн тогтсон уламжлалын дагуу иргэдийн “тархийг угаах” замаар асуудлыг өөрийн талд шийдүүлж чадна гэж тооцоолж байж болох юм. Эсвэл сонгуулийн хуулийг ямар ч аргаар хамаагүй гацааж байгаад ирэх сонгуулийг мажоритари хэлбэрээр явуулах зорилго тавьж байна.

Уг нь бол хоёр нам аль алиныхаа ашиг сонирхлыг хүндэтгэж, дундын хувилбар дээр тогтож чадвал ирэх намрын чуулган эхэлмэгц Сонгуулийн шинэ хуулиа баталчих боломжтой. Тэгвэл хамтарсан Засгийн газар байгуулсан шаардлагын нэгээхэн хэсэг нь ч гэсэн биелэх боломжтой бөгөөд гэрээ байгуулсан эрхмүүд сонгуульд орохдоо сонгогчдынхоо өмнө хэлэх үгтэй  гэсэн үг. Харин Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн тухайд үлдсэн нэг жилийн хугацаанд сайтар бодож боловсруулаад олон нийтэд хангалттай мэдээлэл өгсний дараа сонгуулийн санал хураалтай хамтатган бүх нийтийн санал асуулга явуулбал ядахдаа шинээр байгуулагдсан УИХ энэ УИХ-ын хийж гүйцээгүй ажлыг гүйцээгээд хийчих боломжтой. Нэгэнт ард түмний санал асуулгаар дэмжигдсэн тэр өөрчлөлтийг “Эрх баригчид дахиад л өөрсдөдөө зориулсан хууль баталчихлаа” гэх хардлага ч бага гарах болно.

Б.СЭМҮҮН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж