Яруу найрагч, зохиолч Л.Өлзийтөгсийн нүүр номын хуудастаа бичиж буй зураачдын тухай цуврал өгүүллийг news.mn сайт албан ёсны зөвшөөрөлтэйгээр танд хүргэж байна.
Контемпорари урлагийг ойлгоход тийм ч амар биш. Орчин цагийн уран бүтээлчдийн сэтгэлгээг ойлгож хүлээн авахын тулд эхлээд ХХ зууны урлагаа баримжаалах хэрэгтэй. Тиймээс ХХ зууны сор бүтээлийн антологи болон дүрслэх урлагийн түүхийн бусад номыг эх үүсвэр болгон, өөрийн сонголтоор, эхний ээлжинд 50 зураачийн бүтээлээр бяцхан бичвэр бэлдлээ. ӨГ-ийн дугаар бүрээс та зураачдын бүтээлийг задалсан товч тайлал, эсвэл бичил эсээ унших бөгөөд үүний заримыг шууд орчуулж, заримыг нь өөрөө бичсэн болно. ӨГ галерейд тавтай морил!
ӨГ=8
УЛЭЙ, МАРИНА ХОЁР
ХХ зууны урлагийн хамгийн хүчирхэг хостой өнөөдөр уулзацгаая. Performance art болон Body art-ын нөлөө бүхий анхдагчид болох тэдний онцгой санаанууд, хачирхалтай бүтээлүүд төдийгүй хайр сэтгэл, салалт нь хүртэл асар их дуулиан шуугиан дагуулснаараа онцлог.
Марина Абрамович Сербид, Улэй (жинхэнэ нэр нь Frank Uwe Laysiepen) Германд төрсөн ч тэд дэлхийн, тэр тусмаа европын урлагийн тайзнаа ихэд нэрд гарсан зураачид.
Тэдний1978 оны нэгэн перформанс “ААА ААА” гэдэг нэртэй. Бүхэл бүтэн 17 минутын туршид, тасралтгүй, бие бие рүүгээ хашгирдаг юм. Хоёулаа ихэд хүчтэй орилж эхэлдэг ч сүүл рүүгээ сөөнгөтөөд, эцэстээ залуугийнх нь дуу хоолой тасалдан, бүдгэрээд дуусдаг. Бас онгорхой, нарийхан хаалганы дотор талд өөд өөдөөсөө харан нүв нүцгэн зогсдог нэг перформанс нь их алдартай. Хаалгаар орж гарах гэсэн хүмүүс шав шалдан хосын дундуур зүтгэлэн, арай гэж нааш цааш нэвтэрнэ. Мөн нум сумын хоёр талаас барин өөдөөсөө харж зогсоод, Маринагийн яг зүрх рүү сумыг чиглүүлдэг перформансыг зураачид андахгүй. Эрэгтэй нь хэрэв татсан сумаа алдвал бүсгүйн зүрхэнд зоогдоно. Их л түгшүүртэй сэтгэгдэл төрүүлдэг. Тодруулбал, тэдний үзүүлбэрийн нэлээд нь эрэгтэй эмэгтэй хүмүүсийн харьцаа, хүйсийн асуудал, хайр сэтгэл, гэр бүлийн амьдралын утга учиртай хийгээд утгагүйдэж орхисон түүхүүдийг өгүүлдэг юм. Жинхэнэ сэтгэгчид! Маш зоригтой, өөрсдийн гэсэн зан араншин нь тод илэрч ялгардаг ч, хэн хэнээс нь салгах аргагүй тийм л нягт холбогдсон хоёр. Яг одоо та, хамгийн алдартай үзүүлбэрийнх нь нэгээхэн агшныг харж байна. “Цаг хугацаан дахь харилцаа” нэртэй энэ ажлынхаа үеэр тэд үсээ холбож сүлжээд, бүтэн 17 цаг, хэн хэнээсээ хамааран, үг дуугүй суудаг. Аажимдаа ядран бөхөлзөх боловч ямар ч аргагүй, үсээрээ холбогдон арагш татагдсаар, суусаар л байна. Гэрлэлт. Мөнхөд түлхэлцсэн таталцал! Энэ үзүүлбэр ХХ зууны урлагийн түүхэнд тэмдэглэгджээ.
Тэд 1988 онд хамтын, сүүлийн перформансаа хийгээд хоёр тийш болсон юм. Улэй говиос, Марина Шар тэнгисээс 2500 км зам туулж, өөд өөдөөсөө алхаж ирээд Цагаан Хэрэмийн яг төвд уулзаж, тэврэлдээд, БАЯРТАЙ гэдэг үгийг нэгэндээ хэлдэг. “Энэ бол хамгийн гайхалтай салалт” гэж Марина хожим дурссан байна. Уран бүтээлч хүмүүсийн адармаатай зан, тэр бүрий хүн ойлгохгүй этгээд, хүчирхэг араншин, гүнзгий ухаан, онцгой дотоод ертөнц нь л тэднийг холбосон шигээ бас холдуулсан биз ээ. Хамтдаа 12 жил амьдарчээ. “Марина надаас мөнгө нуусан” гэхчлэн Улэй хожим эхнэрээ шүүхэд өгч, шуугиан тарьсан удаатай. Ингээд 1988-1999 он хүртэл тэд уулзаагүй, бүр нэг ч үг солиогүй гэх. Харин 2010 оны Маринагийн перформанс ахин тэднийг учруулсан ба энэ уулзалтын хэдхэн хором одоо бараг домог болоод байна. Марина Нью-Йоркийн MоMA-д (орчийн үеийн урлагийн музей) шинэ өвөрмөц үзүүлбэрээ толилуулах үеэр болсон явдал л даа. Зураач бүсгүй өрөөний голд хоосон ширээ, сандал тавиулан, хар болон час улаан өнгийн даашинз сольж өмсөөд 31 өдөр суусан юм. Харин үзэгчид ээлжлэн ширээний ард, яг эсрэг талд нь ирж суугаад, зураачийн өөдөөс чив чимээгүй харна. Нэг ч үг хэлэхгүй. Ердөө ширтэлцэнэ! Энэ перформанс 736 цаг 30 минут үргэлжилжээ. “Хэрэв Марина Абрамовичтай ширтэлцээд ийн суусан бол юу мэдрэх бол?” гэж бодохоор асар сонирхолтой төдийгүй, энэ хүчирхэг эмэгтэйн тухай ихийг мэдэх хүний хувьд бол бараг айж чичирмээр агшин л даа.“Ширтэлцэгч”-дийн нэг нь “Марина намайг уйлуулсан” хэмээн хожим бичжээ. Ер нь бол, тийн сууж чадаагүйдээ дэндүү харамсмаар, саяхны явдал шүү дээ. Тэр эмэгтэй бараг л домог! Кино найруулагчаар хүртэл ажиллаж асан Марина Абрамович 1997 оны Венецийн биенналийн “Алтан арслан” зэрэг нэр хүндтэй олон шагнал хүртэж байв. Дашрамд сонирхуулахад, Италийн гэрэл зурагчин эр МОМА-гийн перформансад оролцсон үзэгч нэг бүрийн зургийг дарж, “урлагаас урлагийн бүтээл” төрүүлсэн юм.
Перформансын эхний өдрийн орой Улэй гэнэт МоМА руу ороод ирдэг. (Шинэ эхнэртэйгээ хамт, тэр нь график дизайнер) Үүдний танхимд байх хуучин автобусыг хармагц Улай “Бид энд таван жил амьдарсан” хэмээн дурсаад, хүйтэн, амьгүй төмрийг зөөлөн илж харагдана. Ингээд, нэгэн цагт амьдралынх нь утга учир, хамгийн том дэмжигч, бүтээл бүрийнх нь гол дүр, Муза нь болж асан эмэгтэйнхээ залуу цагийн нүцгэн гэрэл зургийн өмнө хэсэг азнаад, Маринагийн сууж буй танхимд чимээгүйхэн явж орно.
“Ширтэлцэгч” бүрийг босоод явсны дараа Марина хэсэгхэн нүдээ аньж амсхийдэг юм. Ингээд, ээлжит амсхийлтийн дараа нүдээ нээтэл өмнө нь Улэй сууж байдаг. Гэнэтийн бэлэг! Гойдын хувиралгүй сууж асан Маринагийн царайд эхлээд гайхсан байдал, дараа нь хайрлам дулаан инээмсэглэл тодорч, удалгүй нүд нь нулимсаар дүүрнэ. Ингээд ширээний хоёр талаас тэмүүлэн, гараасаа атгалцан, хүмүүс алга ташин… Эцэст нь Улэй босч явдаг. Хэдхэн агшин үргэлжилсэн, сэтгэл хөдөлгөм энэхүү учралаар дараа нь дуу зохиогдон, клип хийгдсэнийг хэдэн зуун мянган хүн үзсэн юм. “Маш романтик” хэмээн бичиж, шуугисан ч үнэндээ эмгэнэлтэй, гунигтай агшин байлаа.
Хайр гэдэг Валентины баярын зүрхэн бялуу, лаа асаасан ширээн дээрх улаан дарстай гоёмсог хундага төдийхөн биш. Хайр бол давж гарах ёстой хүнд шалгуур, чиний хэн болох, ХЭН БАЙХ-ын илэрхийлэл, өөрөө ч заримдаа ойлгож, хүлээн зөвшөөрч чаддаггүй “Бурхадын оролцоотой” сонголт, амьдралын хамгийн төгс агшнууд билээ. (2016.2.14)
Жич: Мома-гийн уулзалтаар хийсэн дууны клипийг эндээс сонирхоно уу!
ЭХ СУРВАЛЖ: ӨЛЗИЙТӨГС ЛУВСАНДОРЖ
ӨМНӨХ БИЧЛЭГҮҮДИЙГ УНШИХЫГ ХҮСВЭЛ
ӨГ-1: АНИР ЧИМЭЭГҮЙН ТУХАЙ ЧАНГААР…
ӨГ-2: МАХ БА ДААШИНЗ
ӨГ-3: СТАЛИН ЛЕНИН РҮҮ ХАРЖ БАЙНА
ӨГ-4: НҮҮР ЦАРАЙГҮЙ ЗУРААЧ
Ө+Г=ӨГ 5: МИНИЙ АСРАГЧ ЭХ
Ө+Г=ӨГ 6: ХӨХ ӨНГӨ БА ГАДИЛ ЖИМС
Ө+Г=ӨГ 7: ЗҮҮДНИЙ ЗУРААЧ