Сэлэнгэ аймгийн Ардчилсан намын хорооны 33-р хуралдаанаар УИХ-ын, гишүүн ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат нарыг 100 хувийн саналаар УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх мандат олголоо. Монголын үр тариа эрхлэгчдийн газар тариалангийн холбооны тэргүүн Л.Цандэлэгийг 83 хувийн саналаар нэр дэвшүүлэхээр болжээ.
Харин Ардчилсан намын дарга, УИХ-ын дарга З.Энхболд Баянголыг ахлахаар болж байна. Өнгөрсөн сонгуулиар тэрбээр жагсаалтын хоёрт бичигдэж, УИХ-ын гишүүн болж байсан. Түүнтэй хамт “Шонхор”-ынхон буюу ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо нарт нэр дэвших эрхийг дүүргийн намын хорооноос олгосон байна.
Өвөрхангай аймгийн тухайд намын хорооноос нь АН-ын бүлгийн ажлын албаны дарга С.Дэмчиг, Л.Бат-Орших, “Масс” агентлагийн захирал Ч.Даваабаяр нар Ардчилсан намаас нэр дэвшинэ хэмээн зарлажээ.
Японы Исэ-Шима бүс нутагт “Их-7”-гийн бүлгийн дээд хэмжээний уулзалт өчигдөр эхэллээ. Бүлгийн уулзалтаар глобал эдийн засгийн нөхцөл байдал, дүрвэгсдийн асуудал, терроризмын аюулаас гадна Хятадын нөлөөлөл өсөн нэмэгдэж буйд анхаарлаа хандуулна.
Өнгөрсөн дөрөвдүгээр сар бүх ажиглалтын 130 жилийн түүхэнд хамгийн дулаахан сар боллоо гэж Агаар сансрын орон зайн судалгааны үндэсний агентлаг (NASA) өчигдөр мэдээлжээ.
2013 онд МИАТ компанитай хамтран ажиллахдаа бусдыг залилсан хэмээн сэжиглэж Эрүүгийн тухай хуулийн 148.4 зүйл ангиар буруутган ЭЦГ-аас эрүүгийн хэрэг үүсгэж, байцаалт авахаар өчигдөр 20.00 цагийн орчимд дуудсан тухай Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан өчигдөр сэтгүүлчдэд мэдээллээ. "Одоогоос гурван жилийн өмнө буюу 2013 онд МИАТ компанийн АНУ-аас худалдан авсан 114 сая ам.долларын өртөгтэй “Боинг 767-300 ER” онгоцыг олон нийтэд сурталчлахаар Л.Мөнхбаясгалан сэтгүүлч тус компанитай 40 сая төгрөгийн гэрээ хийж байжээ.
АСЕМ-ын дээд хэмжээний 11 дүгээр уулзалтад олон орны төрийн тэргүүнүүд оролцох учир аюулгүй байдлыг нь харгалзаж, уулзалтын хөтөлбөрийг АСЕМ-ыг зохион байгуулагчид нууцалж байна. Ерөнхий мэдээллээр долоодугаар сарын 15-ны өдөр нэгдсэн хуралдаан эхэлж, үдээс хойших нь Монгол Улсаа сурталчлах үндэсний өв соёлоо харуулах “Найрсаг Улаанбаатар” урлагийн тоглолтыг Чингисийн талбайд, “Чингисийн хүрээ” жуулчны баазад нүүдэлчдийн наадмыг зохион байгуулах аж. Харин маргааш нь буюу долоодугаар сарын 16-ны өдөр төлөөлөгчид хаалттай хуралдах юм. Үүнийгээ АСЕМ-ын дээд түвшний уулзалтын гол амин судас гэж Гадаад хэргийн сайд нэрлэлээ. 15 орны Ерөнхийлөгч, 21 орны Ерөнхий сайд нар байрлах Асем Вилла хотхоны барилга, тохижилтын ажил ирэх сарын дундуур гэхэд дуусна гэж өчигдөр ажлын албанаас мэдэгдлээ.
Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар гадаадад байгаа 150 мянган иргэн сонгууль өгөх боломжгүй болсон. Энэ нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл учраас Үндсэн хуулийн цэцэд өргөдөл гаргаад зогсохгүй СЕХ болон Гадаад хэргийн яаманд хэсэг иргэд шаардлага хүргүүлэхээр болжээ.