Улиастайд нэг ч улиас байгаагүйн учир

Хуучирсан мэдээ: 2016.05.27-нд нийтлэгдсэн

Улиастайд нэг ч улиас байгаагүйн учир

Балчир байхдаа Улаанбаатар хотын зүүнтээ байдаг Улиастайд гэртэй ахындаа уригдлаа. Улиастай гэсэн автобусанд суун явахдаа лавар навчтай, анхилам үнэртэй, улиас мод найгасан газар очно гэж төсөөллөө. Замд найган ганхах мод байтугай ногоон зүлэг ч харагдсангүйд гайхсангүй. Хот бараадаж, энд нутаглагсад хөөрхий улиасыг үгүй хийж дээ гэж бодсон сон.

Уг түүхийг ул сууриар нь сураглавал угаасаа ганц ч улиасгүй газар байжээ. Харин чоно ихтэй байсан болохоор улиан дуугаар нь “Улиатай” гэдэг байсныг олж мэдэв. Тэгэхээр тэр нутгийнхан ургаа улиасыг тайраагүй, улиан дуутай  чоныг үргээсэн хэрэг боллоо. Газар ус мод, чулуу, цэцэг навчаараа Хадат уул, Цэцэгтийн хөдий, Бургастын ам гэж нэрлүүлдэг шинжийг анзаарсан мэдэмхий агаад тоомжиргүй нэгэн таамгаар “с” нэмж,  чонын “улиа”-аас улиаС мод ургуулсан байжээ.

Газар усны нэрийг түүх, үе үеийн нийгмийн байдлыг хөөн тогтоож, угсаатанзүй, газарзүй, шашин судлал, соёл судлал, хэл шинжлэлийн талаас зэрэгцүүлэн судалж тайлбарлууштай.

“Егөөтэй 99 тайлбар” номын “Улиас ургуулсан чонын улиа ” өгүүллийн хэсгээс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж