-Яагаад тогтолцоог зайлшгүй өөрчлөх шаардлагатай гэж үзсэн юм бэ?
-2008 оны долдугаар сарын 1-ний дараа одоогийн эрх барьж буй энэ хоёр нам эвсэхдээ дахиж ийм будилаан гаргахааргүйгээр сонгуулийн зохицуулалтыг хийнэ гэж амласан. Будилаан гарах цоорхой нь хуулийг нарийвчлаагүйгээс, нөгөөтэйгүүр тогтолцоо нь сонгогчдын саналын төлөөлөл орхигддог гэсэн хоёр үндсэн гажуудлыг бий болгож байсан юм.
Одоогийн тогтолцоогоор 25 хувийн санал авсан нам, эвсэл 100 хувийн суудал авах боломжтой байдаг. Тэгэхээр үлдсэн 75 хувийн санал сонгуулийн гадаа үлдэж байна гэсэн үг. Энгийнээр хэлбэл, нэрсийн жагсаалтад бичигдсэн сонгогчдын 50 хувь нь сонгуульд оролцоод, тэрнийх нь 25 хувь нь нэг намд саналаа өгсөн гээд тооцохоор нийт сонгогчдын арав гаруйхан хувийн саналаар ард түмнийг төлөөлөх мандат авчихаад байгаа юм. Үүнээс болоод дөнгөж 50 гаруйхан хувийн санал авсан нам 98 хувийн суудал авсан тохиолдол хүртэл бий.
Дөч гаруй хувийн санал авсан нам нь дөрөвхөн суудалтай. Зарим нам нь суудалгүй ч байх жишээтэй. Энэ гажуудлыг арилгах нь сонгуулийн тогтолцоог өөрчлөхөд маш чухал.
-Тэгээд яг яаж өөрчлөх саналтай байгаа юм бэ?
-Тогтолцоог өөрчлөхдөө Монгол Улсын онцлогийг маш сайн анхаарах ёстой. Дан мажоритари байвал тойрог тойрог руугаа хөрөнгө оруулалтыг хэсэгчилсэн байдалтай тарааж хөгжсөн ч зүйлгүй, жижиг эрх ашиг хөөцөлдсөн гишүүдтэй болчихоод байгаа юм. Нөгөө талаас 100 хувийн пропорциональ байвал угаас эзгүйдээд байгаа орон нутгийн эрх ашиг алдагдана. Нийт газар нутгийнхаа талд нь шахуу лиценз олгочихсон хүмүүс чинь бэлчээргүй, гол горхигүй болоод, түүний эсрэг нутгийн иргэдийг төр засагт төлөөлөх хүнгүй болоод баларна. Пропорционалийн нэг давуу тал нь сонгуульд оролцсон сонгогчийн санал гээгдэхгүй байх бололцоог хангаж өгдөгт л байгаа юм. Намд санал өгөхдөө гэхээсээ сонгогчийн саналыг гээхгүй байх давуу талтай. Тиймээс энэ хоёр тогтолцооны давуу талыг хослуулсан байх нь их ач холбогдолтой. Тэгэхээр манайд бол аймаг, дүүргийн төлөөллүүд орж ирээд бусад нь пропорционалиар буюу намын нэрээр санал авах хувилбар нь илүү тохиромжтой юм. Аймгуудаас нэг нэг төлөөлөл л байг л дээ. Түүнээс биш одоогийнх шиг дөрөв таваараа ганц аймгийг төлөөлөөд байх шаардлагагүй. Бас нэг онцлог нь манайх парламентын засаглалтай улс. Тиймээс улс төрийн намууд төлөвшиж, бодлого уралдах давуу талтай. Улс төрийн намын нэрээр сонгууль явуулдаг тогтолцоог оруулж ирэх цаг болсон. Энэ тогтолцоог оруулж ирэхдээ намд тавигдах шаардлагыг их өндөрсгөх хэрэгтэй. Тиймээс шинэ УИХ-ын сонгуулийн тухай хуулиар бол нам, нэр дэвшигч, сонгуулийг зохион байгуулах байгууллага, сонгогчийн гээд сонгуульд оролцож буй бүх талуудын хариуцлагыг нэмэгдүүлэх шаардлагтай.
-Өмнөх хуулиас авчихаар зүйл бас байгаа л байх?
-Хуучин хуулинд сонгогч саналаа өгөхгүй байж ч болно. Сонгуульд оролцож буй намууд юу ч амласан болдог байсан. Хэн илүү мөнгө амласан нь л гардаг хуулийн орчин гэж хэлж болно. Тэгэхээр нэр дэвшигчдэд л авчихаар юм байсан болов уу. Тэгээд л сонгуульд хэн илүү бодлого хэрэгжүүлж, улсын хөгжилд анхаарах нь бус баахан будилаантуулсан нь сонгогддог. Тэрнийх нь араас шүүх, хяналтынхан ч ажилладаггүй. Үүнээс үүдээд иргэдийн итгэл алдарч байгаа нь ажиглагдах боллоо.
-Саналыг нь луйвардаад байхаар итгэл алдарах нь зүйтэй шүү дээ. Энийг тэд л засч залруулах ёстой биз дээ?
-Тийм. Төрийн эрхийг барьж буй хүмүүс үүнд л гол анхаарлаа хандуулж, хууль эрх зүйн орчинг нь сайжруулах ёстой. Яагаад иргэдийг төлөөлж байгаа хүмүүс иргэдийн эрх ашгийн төлөө бус зөвхөн өөрийн дахин сонгогдох тухай бодлоосоо салахгүй байна вэ гэдэг ч үүнтэй л холбоотой. Зөөлөн суудалд дургүй хүн байхгүй байх. Гэхдээ ядаж ёс зүйтэй баймаар байна.
-Өөрсдийнхөө толгойг цусдах хуулийг хэн батлах юм. Өөртөө зориулж шорон барьдаг хүн байхгүй биз дээ?
-Шорон барихаасаа өмнө яавал тэрэнд хорих вэ гэдгийг тохирцгооё л доо. Тоглоомын дүрмээ шударга болгоё. Хэрэв дүрэм зөрчвөл иргэд анзаараад хэлээд тоглоомоос хасуулдаг болгоё л доо. Тэгэхгүйгээр өнөөгийн Эрүүгийн хуульд заасан шиг сонгууль будилаантуулах, санал худалдаж авах зэрэгт зургаан сараас доошгүй хугацаатай баривчилдаг. Тэр заалтаар өнөөг хүртэл хэн ч яллагдаагүй, тийм хөгийн бэлэгдэл төдий хуулийн хэрэг байхгүй. Тийм хууль байснаас байгаагүй нь бараг дээр. Илт будилаантуулж, иргэд хүртэл андахгүй болсон луйвруудыг судалж үзлээ. Тэр хэргүүд нь шүүхээр шийдэгдсэн эсэхийг тодрууллаа. Үүнтэй холбоотой шүүхийн тоо баримтыг судлаад үзэхээр өнгөрсөн 10 жилийн дотор нэг хүн л торгуулсан байна. Харин яллах нь битгий хэл 24 цагаар саатуулсан тохиолдол ч бүртгэгдээгүй байна. Эндээс юу харагдаж байна вэ гэхээр хуульд тэр тухай заасан ч хэрэгжүүлэх механизмыг тусгаж өгөөгүй юм байна. Шинээр боловсруулсан хуульд ч ялгаагүй.
-Есөн сард санал асуулга явуулах гэж байна. Үүнийг нь Ерөнхийлөгч эсэргүүцсэн байна лээ. Амлалтаа биелүүл. Санал асуулга явуулах шаардлагагүй гэж тэр үзэж байна. Сонгууль луйварддаг хүмүүс санал асуулгыг хөөрхөн аргалчих байлгүй дээ?
-Ерөнхийлөгчийн хэлдэг үнэн шүү дээ. Санал асуулга явуулах шаардлагагүй. Зуны халуунд хэлсэн үгээ мартаад байгаа бол 2008 оны намрын хэвлэлүүдийг унш гэж хэлмээр байна. Тэнд та нарын хэлсэн үг чинь байгаа. Мартахааргүй цээжлээд авчихгүй юу. Ер нь хэдий болтол өөрсдийнхөө эс үйлдэлийг хаацайлах гэж хуулийг тодорхойгүй, хэн ч, яаж ч гуйвуулж болохоор боловсруулж, батлах юм. Манай хуулийн заалтуудыг гадныхан хараад нүд нь орой дээрээ гардаг нь үүнтэй л холбоотой. Тиймээс маш тодорхой болгох хэрэгтэй. Санал асуулга явуулах ямар ч шалтгаан байхгүй. Дэмий мөнгө үрэхээс цаашгүй. Тэр бол хоёр намын хамтарч байгуулсан ажлын хэсгийнхэний л санаа. УИХ-ын гишүүд түүнийг арай ч дэмжихгүй байлгүй дээ. Санал асуулга явуулна гэдэг тэдний хэлээд байгаа шиг тийм амар ч зүйл биш. Адаглаад асуултаараа хүмүүсийн толгойг эргүүлчих аюултай. Тийм болохоор санал асуулгыг хийх шаардлагагүй гэж үзэж болиулах шиг боллоо.
-Тогтолцоог л яриад байна. Шинээр батлах гээд байгаа хууль өмнөхөөсөө ялгаагүй сонгууль будилаантуулбал эрүүгийн хэрэг үүсэхгүй зохицуулалттай юм билээ?
-Тэрийг хэлэлцүүлгийн явцад засч болно. Жишээлбэл, хуучин хуулиар бол нэр дэвшигч шүүхэд гомдол гаргаад “Нэрсийн жагсаалтыг будилуулсан тойргийн хорооны дарга буруутай” гэдгийг тогтоож болдог байсан. Эрүүгийн хэрэг үүсгэхгүй болговол ингэх боломжгүй болно. Тухайн хүнийг гэм буруутай эсэхийг шүүх л тогтоодог тийм Үндсэн хууль Монголд үйлчилдэг. Хэрэв шүүхээр тогтоолголгүй, СЕХ хороо гэм буруутай эсэхийг л шийдэх юм бол Үндсэн хуулийг зөрчсөн явдал болно. Тиймээс энэ заалтыг тэр хэвээр нь батлахгүй л байх даа. Тэр заалтаар нь бол нэр дэвшигч гомдол гаргах эрхгүй юм билээ.
-Зөвхөн сонгогч л нэрсийн дараалалтай холбоотойгоор гомдол гаргах эрхтэй юм билээ. Гэхдээ сонгууль болохоос өмнө шүү. Тийм боломж олдохгүй л болов уу?
-Харин тийм. Нам, нэр дэвшигч гомдол гаргах эрхгүй. Зөвхөн сонгогч өөрөө сонгууль болохоос өмнө л гомдол гаргана гээд заачихсан байгаа юм. Тийм утгагүй зүйл байж болохгүй. Гомдол гаргаж болохгүй гэж байгаа нь хүний эрхийг маш бүдүүлгээр зөрчих гэж байна гэж ойлгох хэрэгтэй. Нам, нэр дэвшигчийг шударга шүүхээр шүүлгэх, сэжиглэх эрх, үзэл бодлоо илэрхийлэхийг хорьчихлоо гэсэн үг. Энэ чинь ардчилсан улс биз дээ. Бидний муу хэлээд байдаг коммунистууд л тийм дарангуйлагч хууль батлах байх. Хоёрдугаарт, сонгогч гомдол гаргах эрхтэй гэж заасан нь ч нэр төдий зүйл. Үнэн хэрэгтээ сонгогч ч гомдол гаргах эрхгүй.
-Яахаараа тэгдэг билээ?
-Жишээ нь, та эсвэл би арав хоногийн өмнө гомдлоо гаргах ёстой. Сонгууль болохоос өмнө шүү гэсэн нь тэгэж л хэлж байгаа хэрэг. Сонгуулийн өдөр бол гомдол гаргах эрхгүй таны гомдолыг хүлээж авахгүй. Ингэхээр хэсгийн хорооныхон нэрсийн жагсаалтаас хасч, эсвэл өөр хүн нэмж бичиж болно гэсэн үг. Өмнөхөөсөө ч дор юм болно л доо. Ингэхээр танд бэлэг тэмдэг төдий л болохоос гомдол гаргах эрх үнэндээ байхгүй байгаа биз дээ. Зүгээр л иргэдийг санал өгөх албат болгож байгаа юм. Хэрэв энэ чигээр нь баталчихвал Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох улс төрийн эрхээ хэн нь ч эдэлж чадахгүй гэсэн үг.
-Гэхдээ шинэ хуулийн төсөлд нэрсийн жагсаалтыг Засаг дарга биш Иргэний бүртгэл мэдээллийн төв гаргаж өгөх юм билээ шүү дээ?
-Тэгсэн. Ардчилсан намын оруулсан саналд нэрсийн жагсаалтыг будилуулахгүйн тулд зөвхөн иргэний бүртгэл нэрсийн жагсаалтыг хариуцдаг, хэсгийн хорооныхон дундуур нь орж будилуулахгүй байхаар хариуцах эзэнтэй хийж өгсөн юм билээ. Гэхдээ “Иргэний бүртгэл мэдээллийн төв хариуцна” гэсэн заалт байгаа ч тэдний гаргаад өгсөн жагсаалтыг ахиад будилуулах боломжийг бас хэсгийн хороонд өгчихсөн.
-Таны хэлээд байсан эрхүүдээс гадна бас нэг эрхийг шинэ хуулийн төслөөр хаачихаж байгаа юм биш үү. Сонгогч заавал саналаа өгөх үүрэгтэй гээд?
-Тэр асуудал бол өөр шүү. Тэнд хүний эрхийг зөрчсөн явдал байхгүй. Өөрийнхөө төлөөллийг сонгох нь иргэний үүрэг шүү дээ. Төрийн эрхийг өөрсдийн төлөөллөөр дамжуулан ард түмэн барина гэсэн хамгийн том эрхийг хангах зохицуулалт нь заавал өгөх ёстой гэсэн заалт байгаа юм. Сонгуулийн чөлөөт эрхийг сонгууль өгсөн ч болно, өгөөгүй ч болно гэж ойлгож болохгүй. Сонгуулиа заавал өг.
-Хэн ч таалагдахгүй байвал хүчээр хэн нэгнийг дугуйлах хэрэг үү?
-Очоод хэн нэгнийг дэмжинэ үү, хэнийг ч дэмжихгүй байна уу гэдэг нь чиний эрх. Таалагдахгүй бол аль ч намыг дэмжихгүй гэдгийг тэмдэглэхгүй юу. Энэ чинь л таны эрхийг эдлүүлж байгаа юм. Та хэн нэгнийг дэмжихгүй байна гэж дугуйлснаараа сонгуулийн хувьд нөлөөлж нөгөө нөхдийн сонгогдох боломжийг сонголтоороо хааж байна гэсэн үг. Та ингэж сонгуульд оролцсоноор ард түмний 50 хувийнх нь саналыг авч чадаагүй нам олонхи болж гарч ирэхгүй. Энэ нь шударга сонгууль болох, иргэдийн төлөөлөл жинхэнэ утгаараа сонгогдох давуу талын нэг. Тэгэхээр энэ заалт хэрэгтэй.