Буулт, байр суурь, бухимдал

Хуучирсан мэдээ: 2011.07.06-нд нийтлэгдсэн

Буулт, байр суурь, бухимдал

Байнгын хороодын хурал өчигдөр зарлагддагаараа зарлагдаж, хойшилдгоороо хойшиллоо. Байнгын хороод хуралдах танхим ийнхүү эзэнгүйдэж байсан бол хэвлэлийн бага хурлын танхим өчигдөр үдээс өмнө УИХ-д суудалтай намуудын дарга нар болоод хэвлэлийнхний хөлд дарагдлаа.

Эхэнд Ардчилсан намыг төлөөлж бүлгийн дарга Ч.Сайханбилэг нар орж ирэв. Тэд пропорциональ давамгайлсан тогтолцоог сонгох тухай хатуу байр сууриасаа буулт хийжээ. Буулт 38:38.

Гэвч пропорциональ давамгайлсан 50:26 гэх хатуу байр сууриасаа ухрахгүй гэж мэдэгдэж байсан намын энэхүү буулт энэ удаагийн хэвлэлийн хурлын гол өнгө биш байлаа. Энэ мэдэгдлийг бүдгэрүүлсэн зүйл бол Ардчилсан нам ард нийтийн санал асуулгыг энэ удаад түдгэлзүүлэх тухай санал байв.

Ардчилсан нам ард нийтийн санал асуулгаас болгоомжилсон шалтгаан нь асуудлаа нарийн томьёолохгүй бол санал асуулга явуулаад үр дүн нь хэлэлцсэн асуудлуудыг хүчингүйд тооцон гарах юм бол хүчингүй  болсон асуудлаар найман жилийн хугацаанд  дахин санал асуулга явуулах боломжгүй гэх хуулийн заалтууд байв.

Өмнө мэдэгдэж байснаар бол сонгуулийн хуулийн тогтолцоо болон Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлаар ард нийтийн санал асуулга явуулах байсан. Гэвч бүлгийнхэн Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн асуудлаарх санал асуулгыг УИХ-ын 2012 оны сонгуультай хамтатган явуулж болно хэмээн үзжээ. Харин МАН-аас дэвшүүлж буй санал асуулга явуулах үндэслэлийг “сонгуулийн тогтолцоонд аль хувилбарыг давамгайлуулах вэ гэж ард нийтээс асууж мөнгө гарздах нь оновчтой бус” гэж дүгнэж.  Ийнхүү Ардчилсан нам сонгуулийн холимог тогтолцооны талаар буултаа дундын хувилбараар сонгов.

Ч.Сайханбилэгийн сууж байсан сандал хөрч амжаагүй байхад МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин хэвлэлийн танхимд орж байраа эзлэв. Ардчилсан намынханд хандсан гомдлоор мэдээлэл эхэллээ. Ард түмний санал асуулгаас ухарсан нь мэдээж таалагдаагүй гэнэ. АН-ынхан байр сууриа өөрчилсөн ч МАН-ынхан  Ард нийтийн санал асуулга явуулах байр суурь дээрээ хэвээр байгаагаа мэдэгдэв. Мөн 38:38 хувилбарыг өмнө ярьж байснаараа хүлээн зөвшөөрөхгүй гээд МАН-ын бүлэг 52:24 гэдэг дээр хатуу байгаагаа дуулгав. Өмнө нь ийм санал тавьсан эсэх талаар албан ёсоор дуулгаж байгаагүй ч 38:38 гэх буулт МАН-ыханы хувьд шинэ зүйл биш гэдгийг “энэ саналыг өнөөдөр ч биш, нэлээд эртнээс тавьсан. Манай бүлэг ярьсан. Манай байр суурь хатуу байгаа” гэж хэлсэн нь шинэ нөхцөл үүсэхгүй нь гэж дүгнэхэд хүргэлээ.

Ард нийтийн санал асуулга явуулахын тулд гишүүдийн гуравны хоёрын дэмжлэг авсан байх учиртай. МАН-ын зүгээс хатуу байр суурьтай байгаа нь энэхүү өндөр босгыг давах итгэл байсаар байгааг ийнхүү дахин харуулав.

Мөн төрийн гадаад дотоод бодлогыг тодорхойлох тодорхой асуудлаар ард нийтийн санал асуулга явуулна гэсэн байгаа нь сонгуулийг яаж явуулах талаар санал асуулга явуулах боломж нээлттэй байгаа хэмээн тайлбарлав. Энэ талаар Ө.Энхтүвшин “Хуульд том асуудлаар явуулна, жижиг асуудлаар үгүй гэсэн зүйл байхгүй” хэмээн батлав.

“УИХ-ын хаврын чуулган завсарлахаас урьтаж УИХ-ын Сонгуулийн тухай хуулийг батлан гаргах ёстой. Хэрвээ УИХ дахь хоёр намын бүлэг сонгуулийн тогтолцоон дээр тохиролцож чадахгүй, хуулиа баталж чадахгүй бол УИХ тарах ёстой.”. Энэхүү мэдэгдлийг Д.Энхбат тэргүүтэй ИЗ-НН-ынхан хийлээ. Сонгуулийн хуулийн тогтолцооноос хамааралтай маргаан сар хагасын хугацаанд үргэлжлэн ард түмний санал асуулга болоод, эцэстээ Үндсэн хуулийн өөрчлөлт рүү явж байгаа нь ийнхүү бухимдаж хэвлэлийн хурал хийлгэхэд хүргэсэн аж. Гуравдагч хүчний зүгээс ард түмний санал асуулгыг сонгуулийн хайныг хагалах биш, урьдчилсан сонгууль руу түлхсэн хэрэг хэмээн дүгнэлээ.

Ард нийтийн санал асуулгын зардлыг парламентад суудалгүй намууд 10 тэрбум орчим гэсэн бол энэ өдрийн хэвлэлийн хуралдаануудад мөн л ялгаатай тоонууд дуулдав. МАН  гурван тэрбум төгрөг, АН харин 6-8 тэрбум төгрөгийн зардал гарах байх гэсэн таамаглал дэвшүүлэв.

ИЗ-НН-ынхан энэ хэмжээний мөнгө Засгийн газарт байгаа бол амласан зүйлээ биелүүлэх хэрэгтэй гэв. Тэд энэ удаад зүгээр л шүүмжлээд өнгөрсөнгүй. Заавал санал асуулга гэхгүйгээр хараат бус судалгаа хийлгэх. Үүнд үндэслээд Сонгуулийн хуулиа батлах боломжийг энэ удаад санал болгов.

Ардчилсан намынхан санал асуулгаас татгалзсанд нь баярлаж, 50:26 хувилбараасаа буцаж, 38:38 дээр тогтохоор ухарч эхэлсэнд харамсаж буйгаа ч хэлээд амжив. Буулт хийсэн АН, байр сууриндаа хатуу зогсохоо мэдэгдсэн МАН, намуудын шийдвэрийг шүүмжилсэн ИЗ-НН бухимдлаар ийнхүү энэ өдрийн хэвлэлийн хуралдаанууд өндөрлөлөө. 

Б.МАНД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж