Дундговь аймгийн Ардчилсан нам өчигдөр хуралдаж, 2016 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчээ тодруулах ёстой байсан ч оронд нь Зөвлөлдөх зөвлөлөө хуралдуулан, УИХ-ын гишүүн Б.Наранхүүг нэр дэвшүүлэх нь зүйтэй хэмээн үзсэнээс маргаан гарч, хэрхэн шийдэх нь тодорхойгүй болжээ.
Дундговь аймгийн Ардчилсан нам хуралдсан бол дээрх сунгаанд УИХ-ын гишүүн Б.Наранхүүгээс гадна Равжихын Эрдэнэбүрэн, Наранцацралтын Соёмбо нар өрсөлдөх байсан аж. Тус тойрог нь нэг мандаттай учраас гурван нэр дэвшигчээс хамгийн олон санал авсан нь аймгийн намаасаа нэр дэвших эрх авч Үндэсний зөвлөлдөх хороогоороо батламжлуулах ёстой. Гэвч аймгийн Ардчилсан нам хуралдаж шийдвэр гаргах бус Зөвлөлдөх зөвлөл нь хуралдсанаас болж, Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаанд Б.Наранхүүгийн нэрийг оруулж батламжуулах нь үндсэндээ дүрмээ зөрчсөн хэрэг болж, хувираад байгаа аж.
Улс төрийн шийдвэрийг Зөвлөлдөх зөвлөлөөс гаргадаггүй учраас УИХ-ын гишүүн Б.Наранхүүгийн нэрийг Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаанд оруулж, батлуулан 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэн өрсөлдүүлэх боломжгүй талаар эх сурвалж хэллээ.
Тус аймгийн Ардчилсан нам нь 80 гишүүнтэй бол Зөвлөлдөх зөвлөл нь 17 гишүүнтэй юм байна. Тиймээс Р.Эрдэнэбүрэн, Н.Соёмбо нар аймгийн Ардчилсан нам хуралдаж нэр дэвшигчээ тодруулах ёстой болохоос Зөвлөлдөх зөвлөлөөр нэр дэвшигчийг тодруулах боломжгүй гэдгийг сануулаад гарч явсан хойгуур дээрх хуралдааныг хийсэн нь үндсэндээ Дундговь аймгийн Ардчилсан нам нэр дэвшигчээ дүрмийн дагуу тодруулаагүй гэх маргааныг дагуулж эхэлжээ.
Гэтэл Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаан маргааш товлогдчихоод байгаа нь байдлыг улам хүндрүүлж буй ажээ.
Г.ДАРЬ