Японы Исэ-Шима бүс нутагт “Их-7”-гийн бүлгийн дээд хэмжээний уулзалт эхэллээ. Бүлгийн уулзалтаар глобал эдийн засгийн нөхцөл байдал, дүрвэгсдийн асуудал, терроризмын аюулаас гадна Хятадын нөлөөлөл өсөн нэмэгдэж буйд анхаарлаа хандуулах аж. Дэлхийн хоёр дахь том эдийн засаг БНХАУ “Их-7” бүлэгт багтдаггүй боловч Өмнөд Хятадын тэнгисийн газар нутгийн маргаан зөрчил нэмэгдэж байгаад лидерүүд санаа зовниж байгаа аж.
Токио хотоос баруун өмнө зүгт 300 км зайтай орших уулархаг бүс нутагт АНУ, Их Британи, Франц, Герман, Итали, Канад, зохион байгуулагч Япон улсын төрийн тэргүүнүүд хуралдаж байна. Бүлгийн уулзалтад цугласан лидерүүд дэлхийд тэргүүлэх Японы эко автомашины технологитой танилцахаас гадна завшааныг ашиглан нэг хоёроороо тусгайлсан уулзалт хийх гэнэ. “Их-7” бүлгийн уулзалтыг зохион байгуулагч Япон улсын зүгээс аюулгүй байдалд онцгой анхаарал хандуулж, олон мянган цагдаа, цэргийн хүчээр хамгаалалтад дайчилжээ.
Өмнө нь “Их-8” орны бүлэг байсан ч Украины зөрчлөөс үүдэн ОХУ-ыг эгнээсээ хассан билээ.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: Agence France-Presse