Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан хэвлэлийн бага хурал хийлээ

Хуучирсан мэдээ: 2016.05.26-нд нийтлэгдсэн

Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан хэвлэлийн бага хурал хийлээ

"Цензургүй яриа" нэвтрүүлгийн хөтлөгч, сэтгүүлч Л.Мөнхбаясгаланг Цагдаагийн ерөнхий газар /ЦЕГ/-ын Эрүүгийн цагдаагийн газар /ЭЦГ/-аас залилангийн хэрэгт сэжиглэн, хилээр гарах эрхийг нь хориглосон талаар өнөөдөр тэрбээр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. 2013 онд МИАТ компанитай хамтран ажиллахдаа бусдыг залилсан хэмээн сэжиглэж Эрүүгийн тухай хуулийн 148.4 зүйл ангиар буруутган  ЭЦГ-аас эрүүгийн хэрэг үүсгэж, байцаалт авахаар өчигдөр 20.00 цагийн орчимд дууджээ. Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан "Одоогоос гурван жилийн өмнө буюу 2013 онд МИАТ компанийн АНУ-аас худалдан авсан 114 сая ам.долларын өртөгтэй “Боинг 767-300 ER” онгоцыг олон нийтэд сурталчлахаар тус компанитай 40 сая төгрөгийг гэрээ хийж байсан гэлээ. Гэхдээ гэрээ байгуулж хамтран ажилласан нь яагаад залилангийн хэрэг болов. Хэн цагдаагийн байгууллагад гомдол гаргав гэдэг тодорхойгүй байна. ЭЦГ-аас байцаалт өгөхийг шаардсан ч би нэг үг ч дуугараагүй, иргэнийхээ эрхийг эдэлж, өмгөөлөгч авсны дараа хуулийнханд байцаалт өгнө" гэж тайлбарлалаа. Тэрбээр одоогоор хуулийн зөвлөгөө авах өмгөөлөгчөө олоогүй байна.

Өөрөөр хэлбэл, “Боинг 767-300 ER” онгоцыг сурталчлахаар өдөр тутмын 14 сонин, 40 гаруй телевизтэй хамтран ажиллана гээд сэтгүүлч Л.Мөнхбаясгалан МИАТ компанитай гэрээ хийсэн байсан. Гэхдээ энэ ажил гэрээний хүрээнд гүйцэтгэлээрээ явсан тухай Л.Мөнхбаясгалан сэтгүүлч тайлбарласан юм. Мөн тэрбээр оффшор бүс дэх данс, Панамын баримтуудын талаар цуврал нэвтрүүлэг хийхээр төлөвлөсөн байжээ. Ингээд "С1" телевизээр дамжуулан АНУ-ын Вашингтонд байрлалтай олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн нийгэмлэгийн гишүүн болж, Монгол дахь төлөөлөгч нь байхаар хүсэлт тавьсан байна. Мөн оффшор бүс дэх данс, баримтуудын тухай нэвтрүүлгийнхээ хоёр дахь ангийг дээрх байгууллагатай хамтарч ажиллахаар өчигдөр орой нисэх гэж байсан байна. Гэвч ЭЦГ-аас хилээр гарах эрхийг нь хязгаарласан гэв.

Зураглаач Н.БАТМӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж