АСЕМ-ын хөтөлбөр, хамгаалалтыг нууцалж байна

Хуучирсан мэдээ: 2016.05.26-нд нийтлэгдсэн

АСЕМ-ын хөтөлбөр, хамгаалалтыг нууцалж байна

АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалт Монгол Улсад долоодугаар сарын 15,16-ны өдрүүдэд болно. Энэ уулзалтад одоогоор 15 орны Ерөнхийлөгч, 21 орны Ерөнхий сайд болон гадаад хэргийн сайд нар, хэвлэл мэдээллийн төлөөлөгч зэрэг нийт 5000 гаруй зочин төлөөлөгч оролцох нь тодорхой болжээ. Ирэх долоодугаар сарын 15-ны өглөө “Шангрила” зочид буудалд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ирсэн зочдыг угтан хүлээн аваад, өдөр нь албан ёсоор АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтын нэгдсэн хуралдаан эхлэх хөтөлбөр батлагдсаныг өнөөдөр Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн мэдээллээ. Олон орны төрийн тэргүүнүүд оролцох учир аюулгүй байдлыг нь харгалзаж, уулзалтын хөтөлбөрийг АСЕМ-ыг зохион байгуулагчид нууцалж байна. Ерөнхий мэдээллээр долоодугаар сарын 15-ны өдөр нэгдсэн хуралдаан эхэлж, үдээс хойших нь Монгол Улсаа сурталчлах үндэсний өв соёлоо харуулах “Найрсаг Улаанбаатар” урлагийн тоглолтыг Чингисийн талбайд, “Чингисийн хүрээ” жуулчны баазад нүүдэлчдийн наадмыг зохион байгуулах аж. Харин маргааш нь буюу долоодугаар сарын 16-ны өдөр төлөөлөгчид хаалттай хуралдах юм. Үүнийгээ АСЕМ-ын дээд түвшний уулзалтын гол амин судас гэж Гадаад хэргийн сайд нэрлэлээ. 15 орны Ерөнхийлөгч, 21 орны Ерөнхий сайд нар байрлах Асем Вилла хотхоны барилга, тохижилтын ажил ирэх сарын дундуур гэхэд дуусна. Харин энэ хотхонд байрлаж, зочдод үйлчлэх 800 гаруй хүнээс бүрэлдсэн мэргэжлийн багийг бүртгэж, сургах бэлтгэл ажил үргэлжилж байна.

“Асем Вилла” хотхоноос гадна Улаанбаатар хотын хамгийн өнгө үзэмж, үйлчилгээ сайтай 44 зочид буудалд нийт 160 гаруй тэрбум төгрөгийг хуваан арилжааны шугамаар зээлэх байсан. Одоогоор 20 зочид буудал шаардагдах бичиг баримтаа бүрдүүлж, үйлчилгээгээ сайжруулах зээлийг авчээ. Харин 4 зочид буудал зээлийн шаардлага хангаагүй шалтгаанаар зочдод үйлчлэхээс татгалзсан байна. Монгол Улс АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг эх орондоо зохион байгуулаад улсаа олон улсын анхаарлын төвд оруулахаас гадна уулзалтад ирэх зочдод үйлчлэх үйлчилгээнээсээ 8-10 сая орчим ам долларын орлогыг эргүүлэн олно гэсэн урьдчилсан тооцоог АСЕМ-ын бэлтгэл ажлын албанаас хийжээ.

Нийт 36 улсын төрийн тэргүүн, Ерөнхий сайд нар ирэх учир АСЕМ-ын уулзалт болох хоёр өдөр Монгол Улсын иргэд ажилдаа ямар замаар зорчих, томоохон худалдааны төвүүд ажиллах эсэх тодорхойгүй байна. Учир нь Төрийн тусгай хамгаалалттай газар, цагдаагийн байгууллага ямар маршрутаар зочдын аюулгүй байдлыг хангаж, хамгаалалтаа хэрхэн авах зэргээ нууцалжээ.

Зураглаач Н.БАТМӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж