”Нисдэг” нүдний эмнэлгийн үйл ажиллагаатай танилцав

Хуучирсан мэдээ: 2011.07.05-нд нийтлэгдсэн

”Нисдэг” нүдний эмнэлгийн үйл ажиллагаатай танилцав

УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Очирбат, УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, Эрүүл мэндийн яамны газрын даргаас бүрдсэн баг өнөөдөр ORBIS нисдэг нүдний эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа. Монголын хүн амын дунд хөнгөн, хүнд хэлбэрийн нүдний өвчлөл элбэг байдаг аж. Харин эх орондоо эмчлүүлж чадахгүй, нүдний өвчтэй иргэдэд ORBIS нисдэг нүдний эмнэлэг тусламж ихээхэн үзүүлдэг байна. Өнөөдөр тус нисдэг эмнэлэг олон хүнийг нүдний өвчинөөс нь салгаж, эрүүл нүдээр ертөнцийг харах боломжийг олгосоор байгаа юм. Нэг удаа ирэхдээ нийт гурван долоо хоног ажил үйлчилгээ явуулдаг тус эмнэлэг эхний хоёр долоо хоногт насанд хүрэгчид, хүүхдэд үйлчилж харин сүүлийн долоо хоногтоо эмч мэргэжилтнүүдийг тусгайлан сургалтанд хамруулах юм байна.

Монголд зургаа дахь удаагаа ирж, үйлчилгээ үзүүлж  байгаа ORBIS нисдэг нүдний эмнэлэг өнөөдрийн байдлаар 400 гаруй өвчтөнийг үзэж оношлон 100 гаруй хүнд хагалгаа хийжээ. Үнэ төлбөргүйгээр оношлогоо хийхдээ нүдний нисдэг эмнэлгийн эмч нар ховор буюу хүнд өвчтэй хүмүүст үйлчилж байгаа юм.

Нүдний нисдэг эмнэлэгийн эмч нарын багт Америк, Англи, Хятад зэрэг олон улсын чадварлаг эмч нар багтжээ. Тиймээс тэдгээр эмч нарын мэдлэг туршлагаас суралцаж байгаа нь Монголын нүдний эмч мэргэжилтнүүдэд ихээхэн ач холбогдол өгч буй аж. Өнөөдрийн сургалтад нийслэл болоод орон нутгийн 45 эмч мэргэжилтнүүд хамрагдлаа.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж