Хятадын тал шатахуун нийлүүлэхийг зөвшөөрлөө

Хуучирсан мэдээ: 2011.07.05-нд нийтлэгдсэн

Хятадын тал шатахуун нийлүүлэхийг зөвшөөрлөө

БНХАУ-аас эхний ээлжинд 22 мянган тонн АИ-92, цаашдаа сар бүр 10 мянган тонныг авч байх Засгийн газрын албан ёсны хүсэлтийг Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга, Шадар сайд М.Энхболд БНХАУ-ын талд хэд хоногийн өмнө хүргүүлсэн билээ.

Тэгвэл өнөөдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Ван Сяо Лунийг Шадар сайд М.Энхболд хүлээн авч уулзлаа.

Монгол Улсын Засгийн газрын илгээсэн албан ёсны хүсэлтийн хариуг өнөөдөр БНХАУ-ын Төрийн зөвлөлөөс ирүүлснийг Элчин сайд энэ үеэр мэдэгдсэн байна.  

“БНХАУ-ын тал Монголын Засгийн газрын хүсэлтэд чухал ач холбогдол өгч байна. Хэдийгээр Хятад улс дотооддоо газрын тосны бүтээгдэхүүний хангамжаа бүрэн шийдвэрлэж чадахгүй байгаа ч Монгол Улстай хамтарч ажиллахад бэлэн байна гэж” хариу бичигт мэдэгджээ. БНХАУ-ын тал АИ-92 бензинийг түр хугацаанд нийлүүлэх биш, хоёр улсын аж ахуйн нэгж хоорондын удаан хугацааны хамтын ажиллагааны хүрээнд шийдвэрлэхийг санал болгожээ. Шадар сайд М.Энхболд Элчин сайдад талархал илэрхийлээд ойрын хугацаанд маш тодорхой санал хүргүүлнэ гэдгээ мэдэгджээ.

Шатахуун худалдах, худалдан авахын тулд хоёр улсын аж ахуйн нэгжүүд эхний ээлжинд тодорхой гэрээ, хэлэлцээр хийх ёстой юм байна. БНХАУ-ын “Синопек” корпорацитай хамтран ажиллаж ирсэн хамтын ажиллагаагаа улам өргөжүүлжэх сонирхолтой гэдгээ гэж Шадар сайд М.Энхболд Элчин сайдад хэлжээ. 

                        Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж