Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын хамт олон Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Францын нэрт хөгжмийн зохиолч Л.Делибийн “Цэнхэр нүдэн бүсгүй” балетыг энэ амралтын өдрүүдэд тоглох гэж байна.
Уг балетыг анх 1966 онд буюу 50 жилийн өмнө манай тайзнаа тоглож байжээ. Харин 1870 онд Парисын дуурийн театрт анх тавигдаж байсан Л.Делибийн “Цэнхэр нүдэн бүсгүй” балет нь гурван бүлэг, таван үзэгдэлтэй бөгөөд дэлхийн олон оронд "Хүүхдийн заавал үзэх жүжиг" жагсаалтад энэхүү балет багтжээ.
Тус балетын гол онцлог нь хөгжмөөр хүний дотоод сэтгэлийг илэрхийлсэн, аялгуулаг хөгжимтэй балет юм. Энэхүү балетыг хүүхдүүд үзэхэд ойлгомжтой төдийгүй гоцлол эмэгтэй, эрэгтэй бүжигчдээс өндөр техник шаарддаг аж.
Тоглолтын ерөнхий балетмейстер СТА Б.Жаргал, зөвлөх балетмейстер Ардын жүжигчин Б.Жамъяндагва, дасгалжуулагч багшаар Ардын жүжигчин О.Ганбаатар, СТА Ч.Батгэрэл, хөтлөх найруулагчаар Ц.Чинзориг ажиллана.
Тоглолтын удирдаач УДБЭТ-ын удирдаач УГЗ Н.Туулайхүү , альт хөгжмөөр СТА Д.Тамир, А.Ариунномин нар гоцлон тоглож , симфони найрал хөгжим хөгжимдөх бол 50 жилийн ойн тоглолтын гол дүр Коппелиусын дүрд СТА Х.Ганбаатар, Сванильдагийн дүрд О.Анужин, Г.Маргад-Эрдэнэ, Францын дүрд Б.Пүрэв-Очир, Д.Нацагдорж нар тоглох юм байна.
А.СҮРЭН