Обама харамсал илэрхийлэв

Хуучирсан мэдээ: 2016.05.26-нд нийтлэгдсэн

Обама харамсал илэрхийлэв

АНУ-ын цэргийн бааз байрлах Окинава арлын оршин суугч эмэгтэйг америкийн гэрээт цэрэг хөнөөсөн хэрэгт ерөнхийлөгч Барак Обама гүн харамсал илэрхийлжээ. Япон эмэгтэйг хөнөөсөн хэргийг эсэргүүцэн Окинава арлын оршин суугчид Барак Обамагийн айлчлалыг тохиолдуулан жагсаал хийсэн аж.

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама лхагва гаригийн шөнө /2016.05.25/ Японд айлчлалаар ирсэн юм. Тэрбээр Японы ерөнхий сайд Шинзо Абетай бүтэн цагийн турш уулзсан байна. Барак Обама, Шинзо Абе нар өнөөдөр эхлэх “Их-7” бүлгийн чуулга уулзалтад оролцохын өмнө тусгайлан уулзсан аж. Барак Обама маргааш Хирошимад зочлох төлөвлөгөөтэй байна. Тэрбээр АНУ 1945 онд Хирошимад атомын бөмбөг хаяснаас хойш тус хотод айлчилж буй Цагаан ордны тэргүүн болох юм.

Окинава арлын оршин суугч 20 настай Рина Шимабукурог хөнөөсөн хэргээр өнгөрсөн долоо хоногт АНУ-ын нисэх хүчний баазад гэрээт алба хаагч 32 настай Кеннет Шинзатог /Кеннет Франклин Гадсон/ баривчилжээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28-нд сураггүй болсон Рина Шимабукурогийн цогцсыг Онна тосгоны ойгоос  өнгөрсөн долоо хоногт олсон байв.

Өмнө нь 1995 онд АНУ-ын армийн гурван цэрэг 12 настай япон охиныг хулгайлж хүчирхийлсэн хэрэг гарч байсан юм. Америк цэргүүдийн өдүүлсэн эдгээр жигшүүрт хэргийн улмаас Окинава арлын оршин суугчид АНУ-ын цэргийн баазыг нүүлгэхийг шаардан жагсаал цуглаан хийж байв.

Б.АНХТУЯА

Эх сурвалж: Washington Post

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж