Гацааг тайлах оньс нь санал хураалт

Хуучирсан мэдээ: 2011.07.05-нд нийтлэгдсэн

Гацааг тайлах оньс нь санал хураалт

Сонгуулийн хуулийн тогтолцоогоо арайхийн холимог байлгахаар тохирсон УИХ дахь МАН, АН-ын бүлгийнхэн пропорциональ, мажоритарийн алийг давамгайлуулах вэ гэдгээр санал зөрөлдөөд төрийн ажлыг таг чагтлав. Нэг долоо хоногийн чөлөө гуйж хаврын чуулганы хаалтыг хойшлуулсан бүлгүүд хоёр дахь долоо хоногийн эхээр дахиад л мухардалд орлоо. Хэдхэн хоногийн өмнө “Ойлголт, байр суурь ойртлоо” гээд чуулганы танхимын үүдэнд зэрэгцээд зогсч байсан АН, МАН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг, Ө.Энхтүвшин нар одоо болохоор ар араасаа ээлж дараалан мэдэгдэл хийж санал нийлэхээ больсоноо зарлав. АН-ын бүлэг Сонгуулийн тогтолцоо, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ард нийтийн санал асуулга явуулах байснаасаа ухарчээ. Сонгуулийн дайтай санал асуулгад олон тэрбум төгрөг үрэгдэхээс гадна тойрог, хэсгийн хороодод хүн ажиллуулж, саналын хуудас бэлтгүүлж, хадлан тарианы цагаар нэг өдөр санал хураалт явуулж төвөг чирэгдэл үүсгэхээс гадна санал асуулга явуулсан асуудлыг нь ард нийт хүлээж авахгүй гэвэл тухайн асуудлаар дараах найман жилийн турш дахин олон нийтээс асуух эрхгүй болох эрсдэл үүснэ. Сонгуулийг мажоритариар явуулъя гэж ард нийт үзвэл найман жил тэр чигээрээ, Үндсэн хуульд өөрчлөлт хэрэггүй гэвэл мөн янзаараа парламентын хоёр бүрэн эрхийн хугацааг үднэ. Энэ бүхнийг тооцож үзээд АН-ын бүлэг санал асуулгаас татгалзсан байж мэднэ. Тэгээд ч Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь тийм аминд тулсан хэрэг биш тул илүү зардал гаргалгүй УИХ-ын 2012 оны сонгуультай хамтатгая гэлээ. Харин сонгуулийн тогтолцооны харьцааны хувьд 38:38 хэмээн тэнцүүлж пропорциональ, мажоритарийг ижил хэмжээтэй байлгая гэсэн буулт хийж үзэв.

Харин МАН-ын ард нийтийн санал асуулга явуулна гэсэн байр сууриасаа няцахгүй гэдгээ мэдэгдлээ. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр байг гэхэд Сонгуулийн тогтолцоогоор ард нийтийн санал асуулга явуулахад гурван тэрбум төгрөгөөс илүүгүй зардал гарна гэж тэднийх үзэж байна. Ингээд УИХ-ын үйл ажиллагаа дахин гацаж байнгын хороодын хуралдаан бүгд цуцлагдав. Э.Бат-Үүл гишүүний Ерөнхий сайдыг огцруулах асуудал яалаа, Д.Дондог гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх прокурорын бичгийн хариу ч яалаа. Энд нэг сонин зүйл харагдаж буй нь хамтарсан Засгийн газар байгуулахдаа хамт суугаад Сонгуулийн хуулиа шинэчилнэ хэмээн амласан АН, МАН-ын дарга нар таг чимээгүй байгаа явдал. УИХ дахь хоёр намын бүлгийн дарга нар хамаг аргаа барж, өөр өөрийн байр сууриа хамгаалахаар тэмцэж байхад Н.Алтанхуяг, С.Батболд дарга нар бараа сураггүй. Нэгэнт төр гацчихаад байгаа энэ үед Монголын ард түмний бэлгэ тэмдгийн хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэд АН-ын дарга Н.Алтанхуяг, ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат, бүлгийн дарга Ч.Сайханбилэг, МАН-ын дарга С.Батболд, ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх, бүлгийн дарга Ө.Энхтүвшин нар зургуулаа нүүр нүүрээ харан уулзаж гарц хайж яагаад болохгүй гэж. Гацаанаас гарах нэг хувилбар энэ байж болох юм. Гэхдээ УИХ-ын удирдлага таг суусангүй, гацаанаас гарах гарцыг эрсээр байгаа аж.

Ямар боловч УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдахаар зэхэж байгаа дуулдана. Түүгээр төрийн гацааг тайлах нэг оньс бэлдэж буй бололтой. Нэгэнт хоёр бүлэг бие биедээ буулт хийх дургүй, АН 38:38 дээр бууж дундын хувилбар хайж буй ч МАН-ын бүлэг зөөлрөх янзгүй байгаа энэ цаг дор УИХ-ын удирдлагын зүгээс парламентын бүрэн эрхийн хүрээнд, Үндсэн хуульд заасан зарчмаар 76 гишүүн дундаа Сонгуулийн хуулийн тогтолцооны харьцаагаар шууд санал хураалт явуулж хайныг хагалах гарц хайж эхэлжээ.

Нэгдсэн хуралдаанд АН, МАН-ын бүлгийн гишүүдээс гадна ИЗ-НН-ын С.Оюун, Д.Энхбат, бие даагч З.Алтай оролцоно. Танай манайгүй сууж байгаад пропорциональ дийлэнх байх уу, мажоритар давуу орох уу гэдгээр шууд тулган санал хураах зарчмыг УИХ-ын удирдлага гацаанаас гарах оньс хэмээн одоогоор харж байгаа юм байна. Үүнийг УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаанаараа хэлэлцэнэ. Ингэж УИХ-ын удирдлага гацаанаас бярдаж мулталж магадгүй байна. Хэрхэхийг маргааш шийдэх нь ээ.

                            Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж