“Олимп”-ийн аварга “Нүүдэл” брэнд

Хуучирсан мэдээ: 2016.05.26-нд нийтлэгдсэн

“Олимп”-ийн аварга “Нүүдэл” брэнд

Монгол малын махаар хийсэн бүтээгдэхүүн олон улсад үнэлэгдлээ.

ХБНГУ-д гурван жил тутамд зохион байгуулдаг IFFA олон улсын махны салбарын хамгийн том үзэсгэлэнг товчоор бол “махны олимп” гэж нэрлэдэг. Энэ үзэсгэлэнд Монголын үйлдвэрлэгчдийг төлөөлж “Мах импекс” компани 2004 оноос оролцож эхэлсэн бөгөөд 2016 оны “олимп”-иос анх удаа өөрсдийн бүтээгдэхүүнээр алт, мөнгөн медаль хүртсэн юм.

Монгол мах, махан бүтээгдэхүүн ийнхүү дэлхийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөнийг ёсолж, өчигдөр уг бүтээгдэхүүний танилцуулгыг “Шангрила” зочид буудалд зохион байгуулав.

IFFA БУЮУ МАХНЫ ОЛИМП

IFFA бол олон улсын махны салбарын хамгийн том үзэсгэлэн, форум. ХБНГУ зохион байгуулж, дэлхийд томоохонд тооцогдох махны салбарын олон чиглэлийн үйлдвэрүүд оролцдог үзэсгэлэнд мах нядалгаа, бэлтгэлээс эхлээд савалгааны тоног төхөөрөмж үйлдвэрлэгчид хүртэлх бүх шатныхан ирж оролцдог. “IFFA-2016”-г энэ жил 143 орны 63 мянган хүмүүс дэлхийн өнцөг булан бүрээс зорин иржээ. IFFA нь гурван жилд нэг удаа болдог бөгөөд махны үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн хөгжил, чиг хандлагатай танилцахаас гадна хиамны үндсэн түүхий эд болох төрөл бүрийн амтлагч, бүрхэвч үйлдвэрлэгч компаниудтай хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа үүсгэх нөхцөл бололцоог бүрдүүлдэг.  

Махны салбарын үйлдвэрлэл, хүнсний аюулгүй байдал, хэрэглэгчийн хүсэл сонирхол цаашид бүрэн автомат үйл явцад шилжиж буй өнөө үед уг үзэсгэлэнд оролцох нь өөрөө компанийн хувьд том боломж юм.


АЛТАН МЕДАЛЬТ ЖЕРКИ

“Олимп”-иос алтан медаль хүртсэн “Нүүдэл жерки”-г танилцуулъя. “Нүүдэл” бол 2010 онд “Мах импекс” компани уламжлалт бүтээгдэхүүнд рибрэндинг хийж гаргасан үндэсний брэнд юм. Өдөр тутмын хэрэглээ болсон “Нүүдэл”-ийн багцад анх бууз, банш, бургерийн мах, бөөрөнхий мах, котлетний мах гэсэн таван төрлийн бүтээгдэхүүн багтдаг байсан бол одоо нэр төрөл нь нэмэгдэж, 23 төрлийн хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлсэн, монгол махны шилдэг БРЭНД болж өргөжжээ.

Уутнаас задлаад шууд амтлах боломжтой “Нүүдэл жерки” амталж, хатаасан мах IFFA-д үнэлэгдсэнээрээ Монголоос анх удаа экспортод гаргах боловсруулсан махан бүтээгдэхүүн болж байгаа юм. Монгол үхрийн махан “жерки”-г америк технологиор боловсруулсан ба аян замын хүнс, шар айрагны даруулга болгон хэрэглэхэд тохиромжтой.

Дэлхийг дайлах монгол брэндийн салхийг ийнхүү “Нүүдэл жерки” хагалж, экспортод гаргах үйл явц үргэлжилж байгааг дуулгахад таатай байна.


МӨНГӨН МЕДАЛЬТ "ДЭЭДЭС"

“Олимп”-иос мөнгөн медалт хүртсэн “Дээдэс” бүтэн утлагат хиам бол “Мах импекс” компанийн 2006 оноос хойш үйлдвэрлэж, худалдаанд гаргасан үхрийн дээд ангиллын махаар хийдэг, бүтэн утлагат хиам юм. Мөнгөн медальт “Дээдэс” хиам худалдаанд гарсан цагаасаа хойш баглаа боодол, амтаа улам сайжруулан өглөө бүр шинээрээ хэрэглэгчдийн гарт очиж байна.


Алтан медальт “Нүүдэл” брэнд, мөнгөн медальт “Дээдэс” хиамны медалийг танилцуулах арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Монголын хүнсчдийн холбооны ерөнхийлөгч Д.Тэрбишдагва, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Герхард Тийдеманн, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам зэрэг мэргэжлийн байгууллагын төлөөлөгчид, “Женко” группийн харьяа компанийн хамт олон, түнш байгууллагууд болох KFC, Pizza Hut, бусад хүндэт зочид оролцлоо.

Алт, мөнгөн медалийн танилцуулгын үеэр “Мах импекс” ХК 70 жилийнхээ ойд зориулан худалдаанд гаргах гэж буй нэгэн бүтээгдэхүүнийг албан ёсоор танилцуулсан нь “Нэг хиам гурван амт” хэмээн тодорхойлсон шинэ хиам байв. Монголд анх удаа хэрэглээнд гаргаж буй коньяак, даршилсан огурци, помидорны амттай шинэ бүтээгдэхүүн тун удахгүй хэрэглэгчдийн гарт очиход бэлэн болжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж