Эрдоган: Бид дүрвэгсдэд бүх талын дэмжлэгийг үзүүлнэ

Хуучирсан мэдээ: 2016.05.26-нд нийтлэгдсэн

Эрдоган: Бид дүрвэгсдэд бүх талын дэмжлэгийг үзүүлнэ

Туркийн Анкара дахь Цэргийн академид “Улсаа сурталчлах өдөрлөг”-ийг зохион байгуулжээ. Тус улсын цэргийн академид Монголын есөн сонсогч суралцаж байгаа юм байна. 2016.05.19. Турк Анкара хот.

Туркийн Истанбулээс манай сурвалжлагч Ч.Болорчулуун мэдээлж байна.

-Дэлхий дахинаа өнөөдөр 125 сая хүнд хүмүүнлэгийн тусламжийг нэн тэргүүнд үзүүлэх шаардлагатай байгаа бөгөөд зөрчилдөөн, мөргөлдөөний улмаас жил бүр 60 сая хүн дүрвэхэд хүч байна. Иймд гурван сая гаруй дүрвэгсдэд бүх талын туслалцаа үзүүлнэ гэдгээ Туркийн Ерөнхийлөгч Р.Т.Эрдоган амласан юм-

Нэгдсэн Үндэсний байгууллага /НҮБ/-ын ивээл дор Дэлхийн хүмүүнлэгийн анхдугаар Дээд хэмжээний уулзалтыг тавдугаар сарын 23-24-ний өдрүүдэд Туркийн Истанбул хотод зохион байгуулав. Энэ удаагийн уулзалтад дэлхийн 125 гаруй орны 193 төлөөлөгчид оролцсоны дотор дэлхийн 50 орны өндөр албан тушаалтнууд багтсан юм. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ки-Мүүн, Туркийн Ерөнхийлөгч Режен Таийп Эрдоган, Германы канцлер Ангела Меркель, Кувейтийн хаан Эмир Аль-Жабер Аль-Сабах, Азарбайжаны Ерөнхийлөгч Илхам Алиев, Украйны Ерөнхийлөгч Петро Порошенко болон Гүржийн Ерөнхийлөгч Георгий Маргвелашвили, БНСУ-ын Ерөнхий сайд Хванг Кё-ан нарын төрийн тэргүүнүүд байлцлаа.

Уулзалтаар сунжирсан хямрал, дүрвэгсдийн давалгааны эсрэг авах арга хэмжээнээс гадна тогтвортой, найдвартай хүмүүнлэгийн санхүүжилтийн талаарх асуудлуудыг хэлэлцсэн юм.

Хэдийгээр байгалийн гамшгаас болж, олон хүн амь эрсдэж, шилжилт хөдөлгөөн бий болдог ч өнөөгийн хүмүүнлэгийн хямралын дийлэнх нь улс төрийн зөрчилдөөнөөс улбаатай байна. Үүний тод жишээг гадны тусламжтайгаар өөрийн улсын гэмгүй иргэдийг хороох Сирийн алан хядагч нараас харж болно. Сири Улсаас гадна Ойрхи Дорнод, Ази, Африк зэрэг дэлхийн өнцөг булан бүрт хүмүүнлэгийн хямрал хил дамнан газар авлаа. Өнөөдрийн байдлаар дэлхий даяар 125 сая хүнд хүмүүнлэгийн тусламж шаардлагатай байгааг НҮБ-аас онцлон тэмдэглэсэн юм.

АСЕМ-ИЙН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТЫН ТАЛААР ЯРИЛЦАВ

НҮБ-аас байгууллагаас зохион байгуулсан Дэлхийн хүмүүнлэгийн анхдугаар Дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахын өмнө хоёр орны төрийн өндөр албан тушаалтуудын уулзалт болжээ. Энэ удаагийн уулзалтад Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Батхишиг оролцсон юм. Тэрээр уулзалтын өмнө ирэх VII сард Улаанбаатар хотноо болох АСЕМ-ийн дээд түвшний уулзалтын бэлтгэл ажлыг ажлыг хангахад д Турк улстай хамтран ажиллах асуудлын талаар Туркийн Гадаад хэргийн яамны Кавказ, Төв Ази, Орос, Дорнод Европын Ерөнхий газрын дэд захирал, ноён Гөкхан Турантай ярилцжээ. Мөн тэд тодорхой шалтгааны улмаас хойшлуулсан эдийн засаг, худалдааны Монгол, Туркийн хамтарсан хорооны хуралдааны шинэ товын талаар санал солилцсон байна.

НҮБ-ын ивээл дор болсон Дэлхийн хүмүүнлэгийн анхдугаар Дээд хэмжээний уулзалтын үеэр Монголын үндэсний урлаг, соёлоо сурталчилсан арга хэмжээ Истанбулд боллоо. Энэхүү тоглолтыг зохион байгуулахад Туркийн Олон улсын хамтын ажиллагааны байгууллагынТИКА ажилтнууд зохион байгуулжээ. 2016.05.24 Турк-Истанбул

УЛСАА СУРТАЛЧЛАХ ӨДӨРЛӨГИЙГ АНКАРАД ЗОХИОН БАЙГУУЛАВ

Дэлхийн хүмүүнлэгийн анхдугаар Дээд хэмжээний уулзалт болохын өмнө буюу тавдугаар сарын 19-ний өдөр Туркийн Анкара дахь Цэргийн академид “Улсаа сурталчлах өдөрлөг”-ийг зохион байгуулжээ. Тус өдөрлөгт Анкара дахь ЭСЯ-ны консул Л.Энхцолмон оролцсон байна. Энэ өдөр Турк улсын Зэвсэгт хүчний Явган цэргийн командлагч, хурандаа генерал Салих Зэки Чолак болон албаны хүмүүст Монгол улсаа сурталчилан таниулжээ. Энд нэг зүйлийг тэмдэглэн хэлэхэд тус улс дахь цэргийн академид Монголын есөн сонсогч суралцаж байгаа юм байна.

ТУРК ХАМГИЙН ОЛОН ДҮРВЭГЧ ХҮЛЭЭН АВСАН ОРНУУДЫГ ТЭРГҮҮЛЭВ

Өнөөдөр Турк Улс хүмүүнлэгийн томоохон хандивлагч улс болохоос гадна 3 сая дүрвэгч буюу дэлхийн аль ч улс орноос илүү олон дүрвэгсдийг хүлээж аваад байна. Үүний гол шалтгаан нь Сири дэх дайн юм. Эдгээр дүрвэгсдэд хорогдох байр, үнэ төлбөргүй эрүүл мэндийн үйлчилгээ болон бусад нэн шаардлагатай тусламж, сургууль, мэргэжил олгох сургалтыг зохион байгуулах зэрэг ихээхэн хэмжээний санхүүгийн чадамж шаардсан ачааг Турк Улс дангаараа үүрч иржээ.

ӨДГӨӨ ТУРК УЛС:

  • Хамгийн их хүмүүнлэгийн тусламж үзүүлсэн орны жагсаалтын III байранд бичигдсэн.
  • Тус улсын үзүүлсэн хүмүүнлэгийн тусламжууд сүүлийн 12 жилд 42 дахин нэмэгдсэн.
  • Хамгийн олон дүрвэгч хүлээн авсан жагсаалтыг 3 орчим сая дүрвэгсдийнхээ тоогоор тэргүүлжээ.

Зайлшгүй арга хэмжээ авах шаардлага тулгарсан энэ цаг үед Турк Улс хүмүүнлэгийн тусламжийн талбарт үлгэр жишээ болж олон улсын нийгэмлэгүүдийг тусламжийн гараа сунгахыг уриалсан анхдугаар Дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах эрхийг авах гол хөшүүрэг болжээ.

ЭРДОГАН: БИД ГУРВАН САЯ ДҮРВЭГСДЭД БҮХ ТАЛЫН ТУСЛАЛЦААГ ҮЗҮҮЛНЭ

Энэхүү уулзалтын үеэр Бүгд Найрамдах Туркийн улсын Ерөнхийлөгч Р.Т.Эрдоган хэлэхдээ “Дэлхий дахинаа өнөөдөр 125 сая хүнд хүмүүнлэгийн тусламжийг нэн тэргүүнд үзүүлэх шаардлагатай байгаа бөгөөд зөрчилдөөн, мөргөлдөөний улмаас жил бүр 60 сая хүн дүрвэхэд хүч байна. Иймд бид гурван сая гаруй дүрвэгсдэд бүх талын туслалцаа үзүүлэхээ илэрхийлж байна. Бусад улсыг хүмүүнлэгийн үйл хэрэгт идэвхтэй оролцохыг уриалж байна.” гэсэн юм.

НҮБ-аас анх удаа зохион байгуулсан энэ удаагийн уулзалтад Дэлхийн 125 гаруй орны төлөөлөгчид оролцсон бөгөөд тэд,

  • Мөргөлдөөн, хүчирхийлэл, хямралыг зогсоох, урьдчилан сэргийлэхэд улс төрийн нөлөөлөл оролцоог хүчтэй болгох
  • Зэвсэгт тулгаралтын үед хүн ам болон нийгмийн байгууламжуудыг хамгаалах, хүмүүнлэгийн тухай олон улсын хуулийг мөрдүүлэх.
  • Мөргөлдөөн ба байгалийн гамшгийн улмаас хүнд аюултай нөхцөлд орсон бүх хүмүүст хүрч туслах.
  • Тэднийг дутагдал, гачигдлаас гаргахын тулд үндэсний болон орон нутгийн чадавхийг бэхжүүлэх
  • Хүмүүнлэгийн асуудлыг шийдвэрлэхэд улс орнуудын Засгийн газар ба хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, харилцан уялдуулах асуудалд гол анхаарлаа чиглүүлэх талаар ярилцсан юм.

Ч.БОЛОРЧУЛУУН Турк -Истанбул


ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЭЛ:

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж