Астана Улаанбаатарын нислэг хойшилжээ

Хуучирсан мэдээ: 2016.05.26-нд нийтлэгдсэн

Астана Улаанбаатарын нислэг хойшилжээ

Казактаны нийслэл Астанагаас Улаанбаатарын чиглэлд ирэх зургадугаар сараас эхлэн шууд нислэгтэй болох тухай мэдээлэл өмнө нь цацагдаж байсан. Тэгвэл энэхүү нислэг түр хугацаагаар хойшлоод байгаа юм байна. Нислэг хойшилсон шалтгаан нь манай талаас бус Казакстаны “Эйр Астана” авиакомпаниас хамааралтай гэдгийг салбарын сайд онцолжээ.

Казакстаны "Эйр Астана" авиа компани хоёр улсын хооронд байгуулсан хэлэлцээрийн дагуу Астана-Улаанбаатар-Астана чиглэлд нислэг үйлдэхээр томилгоогоо авсан боловч манай улсын ИНЕГ-аас тавьж буй шаардлага, нислэгийн аюулгүй ажиллагааны хяналтад бүдрээд байгаа ажээ. Гадаадын агаарын тээвэрлэгч компанид гэрчилгээ олгох үйл явц энэ оны нэгдүгээр сараас эхэлсэн гэнэ. Өнгөрсөн хугацаанд ИНЕГ-аас хяналтын байцаагч Казакстанд нэг удаа очиж хяналт шалгалт хийсэн. Байцаагч гэрчилгээ олгож болох юм байна гэсэн дүгнэлт гаргасан байна. Гэрчилгээ олгохын өмнө олон нөхцөл байдлаар шалгах шаардлага тулгарчээ.

Казакстан улс нийт 20-иод авиа компанитай. Тэдгээрийн 19 нь Европын холбооны улсуудад нислэг үйлдэхийг хориглосон авиа компаниудын хар жагсаалтад орсон байдаг. Зөвхөн "Эйр Астана" компани зөвшөөрөгдсөн байдаг ч Европын холбоонд зөвшөөрөгдсөн гэдгээр манай улс шууд нислэг үйлдэх гэрчилгээ олгож болохгүй гэж мэргэжлийн байгууллагууд үзэж буй юм байна. Тиймээс дахин шалгалт, үзлэг хийе гэж ИНЕГ-аас Казакстаны талд мэдэгджээ. Шалгалтыг 7, 8 дугаар сард хийхээр төлөвлөсөн учир Астана Улаанбаатарын нислэг ирэх есдүгээр сараас нааш боломжгүй болж буй ажээ.

Астана-Улаанбаатар-Астана чиглэлийн нислэгийг нийтэд зарлаж, тийз борлуулж эхэлсэн бөгөөд нислэг хойшилсноос үүдэх хариуцлагыг “Эйр Астана” компани хариуцна гэж албаны хүмүүс мэдэгджээ.

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж