Ерөнхийлөгчийн ярилцлагыг KBS телевизээр 12 сая хүн үзжээ

Хуучирсан мэдээ: 2016.05.26-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн ярилцлагыг KBS телевизээр 12 сая хүн үзжээ

ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

  • Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн БНСУ-д хийсэн албан ёсны айлчлалын үр дүнгийн талаар Монгол улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Б.Ганболд Ерөнхийлөгч БНСУ-ын хамгийн том мэдээллийн агентлаг болох KBS телевизэд ярилцлага өгсөн нь ихээхэн ач холбогдолтой гэж үзэж байна. Ярилцлагыг тус телевиз “Ирё жиндан” буюу “Долоо хоногийг шинжих нь” нэртэй хамгийн нэр хүндтэй нэвтрүүлэгтээ оруулсан. “Ирё Жиндан” нэвтрүүлэг нь тус улсын бодлого тодорхойлогчид, шийдвэр гаргагчдад зориулсан гол нэвтрүүлэг юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн оролцсон энэхүү нэврүүлгийг өчигдрийн байдлаар 12 сая 250 мянган хүн үзсэн гэсэн статистик гарсан. Энэ нь манай Монгол Улсыг сонирхох сонирхол маш их байгааг харууллаа гэж байсан” гэжээ.

  • Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын бүтээн байгуулалтад оролцсон БНСУ-ын "Самсунг С&Т" компанийн захирал Ли Жон Гёлыг энэ сарын 23-ны /2016.05.23/ шөнө ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албанаас баривчилж, 461 дүгээр ангид дахин цагдан хорьсон гэж ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү мэдээллээ. Мөн БНСУ-ын "Самсунг С&Т" компанийн захирал Ли Жон Гёлыг яллагдагчаар татсан байна.

  • НИТХ-ын энэ жилийн ээлжит сонгуульд ИЗНН-аас нэр дэвшигч Б.Баттулга улс төрийн нойтон өлсгөлөн зарлана хэмээн өчигдөр /05.25/ мэдэгдлээ.
  • “12 хоногийн дараа нэр дэвшигчид үнэмлэхээ гардан авах гэж байна. 34 хоногийн дараа НИТХ-ын ээлжит сонгууль болно. Сонгогдох эрхээ хасуулсан надад шүүхийн шийдвэрийг хүлээх хугацаа байхгүй тул маргааш өглөө /05.26/ 08.30 минутад С.Зориг агсны хөшөөний өмнө улс төрийн нойтон өлсгөлөн зарлана” гэдгээ мэдэгдлээ.

  • УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Н.Энхболд, Ч.Улаан нар УИХ-ын чуулганы завсарлагатай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. 
  • Өнгөрсөн долоо хоногт Даргын зөвлөлийн хурлаар УИХ-ын чуулган тавдугаар сарын 30,31-нд хуралдаад завсарлуулахаар төлөвлөж байжээ. Харамсалтай нь энэ долоо хоногт хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлаа баталж амжилгүй завсарлахаар болж байна. Энэ завсарлага нь олон хууль зөрчсөн үйлдэл юм гэж МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт хэллээ.

  • Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг энэ сарын 19-ний өдөр Улсын Их Хурал шинэчлэн баталсан. Хууль ирэх есдүгээр сарын 1-нээс Эрүүгийн шинэтгэлийн хуулийн хамтаар хэрэгжиж эхэлснээр гэр бүлийн хүчирхийллийг анх удаа гэмт хэрэгт тооцдог болно. Өөрөөр хэлбэл, өмнө нь тухайн гэр бүлийн гадна хүн зодохыг гэмт хэрэг гэж үздэг байсан бол одоо гэр дотроо эхнэр, хүүхдээ зодох нь гэр бүлийн харилцааны асуудал биш, гэмт хэрэг болох юм.

  • Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр япончуудаас мөнгө зээлж барьсан Хөшигтийн хөндийн шинэ нисэх онгоцны буудлын онгоц хөөрч, буух зурвасыг олон улсын Агаарын тээврийн холбооноос хүлээн зөвшөөрсөнгүй гэх мэдээлэл цацагдаж эхэлсэн юм. Тэгвэл төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Н.Энхбат “80 хувийн гүйцэтгэлтэй яваа. Барилгын ажил дууссаны дараа улсын комисс шалгаж байж ашиглалтад оруулах эсэхийг шийднэ. Үүний дараа олон улсын агаарын тээврийн холбоонд хандах асуудал яригдана” гэлээ. Өөрөөр хэлбэл, хэвлэлээр гарсан мэдээлэл шиг Хөшигтийн хөндийн шинэ нисэх онгоцны буудлын онгоц хөөрч, нисэх зурвасыг стандартад нийцэх эсэхийг ямар ч байгууллага одоогоор шалгаагүй аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж