Бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойш ирцээр “бойкот” хийн, байнгын хороо, чуулганы үйл ажиллагааг тасалдуулж ирсэн МАН “Хаврын чуулган үүргээ гүйцэтгэж чадалгүй завсарлалаа” гэж гомдол тавих нь тэр. Цөөнхийн бүлгийг ирцээ 100 хувь бүрдүүлчихээд хуулиа хэлэлцье хэмээн шаардлага тавихад нь УИХ-ын дарга З.Энхболд дарангуйлж хаврын чуулганыг долоо хоногийн өмнө завсарлуулах захирамж гаргасан бол буруу. Ёстой л хэвлэлээр шуугиулаад байгаачлан эрх баригчид Оффшорын хуулийг хэлэлцэхээс айгаад гэнэт л хаврын чуулганыг завсарлуулчихаж гэж дүгнэж болмоор.
Гэвч тавдугаар сарын 24-ний өдөр зарлагдсан чуулганы хуралдааны ирцийн мэдээг сонирхвол гамшгийн л дүр зураг буух аж. Ердөө таван гишүүн ирцээ бүртгүүлсэн нь чуулганы хуралдаанд оролцохоор ирсний баталгаа юм. Гурван гишүүн томилолт аван орон нутгийг зорьсон, хуралдааныг УИХ-ын дарга З.Энхболд удирдахаар орж ирсэн зэргийг тооцвол 67 гишүүн ажлаа хийдүүлжээ. Өнөөх матрын нулимс унагаад суугаа МАН-ынхнаас нэг ч гишүүн ирцэнд ороогүй байх жишээтэй. Яаж нэг юм эрх баригч намаас зургаан гишүүн ирсэн юм бэ дээ. Шившиг л болцгоож байна. Ийм байж бас УИХ-д дахин сонгогдох санаатай, 76 уулаа л нэр дэвших сураг дуулдана.
Уг нь хаврын чуулган завсарлах хугацаа ойртож байхад цагтаа ирээд ажлаа амжуулсан бол “Хуульгүй парламент” гэж нэр хоч зүүх болтлоо доош орохооргүй байсан биз. Одоо яая гэхэв, дөрвөн жил болоход олонхи нь олонхи шиг, цөөнх нь цөөнх шиг байж чадсангүй. Анх тангараг өргөж байсан үеийнхээ ааш аягаас салахгүй явсаар бүрэн эрхээ дуусгах боллоо.
Энэ парламентаас үнэртэх үнэн гэвэл Засгийн газар огцруулах, сайд томилох, Сонгуулийн хууль хэлэлцэх, тойрог хуваарилахад л тал, талаасаа ирцээ 100 хувь бүрдүүлж, эрх ашгаа хамгаалж ирснээс биш улс орон, иргэний эрх ашигтай холбоотой асуудлууд ихэнхидээ 7-10 гишүүний ирцтэйгээр л батлагдсан гэхэд хэтрүүлсэн болохгүй. УИХ-аас хамгийн сүүлд батлагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай, Хууль сахиулах ажиллагааны тухай, Прокурорын тухай хуулиуд 10 хүрэхгүй гишүүн сууж баталсан. Нэг гишүүн 3-5 хүртэл кноп дарж байж, дэмжүүлсэн. Нэг гишүүн нэлээн хэдэн гишүүний кноп дарж байгаагаас хуруу нь татаад эхэллээ гэдгийг Ц.Нямдорж гишүүн сануулсан удаатай.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн хуулийг хэрхэн төгөлдөр хуурдаж баталж байгаа тухай гар утсаараа авсан бичлэг нэг хэсэг сошиал ертөнцөд шуугиан тарьсан.
Ийм хариуцлагагүй байдлыг халъя, УИХ-аасаа эхлээд хариуцлагатай болох ёстой гээд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Томилогдсон болон сонгогдсон албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай хуулийг санаачлаад УИХ-д өргөн мэдүүлэхээр тал, талаас нь гөвшөөд “Буцаах ёстой” гээд хэл ам болцгоосон. Ард иргэдийн шахалтаар арайхийн хуулийн төслийг хэлэлцээд дэмжих эсэхийг нь шийдэнгүүт буцаагаад цейфэнд хийгээд хаачихаж байгаа юм. УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах заалтаас нь болоод тэр шүү дээ.
Хууль тогтоогчдын тайлбараар бол сонгосон хүмүүсийнх нь зөвшөөрөлгүйгээр УИХ-ын гишүүнийг огцруулдаг болчихвол тогтворгүй байдал үүснэ гэхчлэн бүтэхгүйн жишээ татсан нь олон. Ажлаа хийдүүлэхгүй, хурлаа таслахгүй, хууль бус зүйлд орооцолдохгүй бол хэнийг ч эргүүлэн татах, хариуцлага нэхэх асуудал сөхөгдөхгүй. Ажлаа тасалсан иргэн цалингийнхаа 10-20 хувиар торгуулж, хариуцлага тооцуулж байхад чуулган, байнгын хорооны хуралдаа суудаггүй хууль тогтоогч яагаад хариуцлага хүлээхгүй байх ёстой юм бэ. Хууль хүн бүрт эрх тэгш үйлчлэх ёстой гэсэн зарчим хаана гээгдчих вэ, хууль тогтоогчид оо.
Авлигатай тэмцэх газрын даргын томилгоо ч мөн баяртай боллоо. Томилгоог хэлэлцэх хуулийнх нь хугацаа хэтрэх нь, өнгөрлөө гэдгийг сануулаад байхад л Ардчилсан намын бүлэг завсарлага авсан. Эцэс сүүлд нь УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга буруутан болж хувирч байх шиг.
Үүнээс гадна үндсэн чиглэл, төсвийн хүрээний мэдэгдэл будаа. Зургадугаар сарын 23-нд УИХ хуралдаж, ирэх оны төсвийн хүрээний мэдэгдэл, үндсэн чиглэлээ баталж чадахгүй бол шинээр бүрдэх УИХ, Засгийн газар яаралтай эдгээр асуудлыг хэлэлцэхээс аргагүй гэсэн үг. Хуулийн хугацаатай асуудлыг хугацаанд нь багтаах бол энэ парламентын үед мөрдөгдөхөө больсон жишиг үзэгдэл болов. Гэвч хуульгүй, дүрэмгүй аашилсан УИХ-ын гишүүд тун удахгүй дахиад сонгоод өгөөч гээд 76 тойрогт очих нь дээ. Ямар сайхан үлгэр ярих болдоо гэж…
Г.ХОРОЛ