Хуучирсан мэдээ: 2016.05.26-нд нийтлэгдсэн

АТГ-ын удирдагчид: №4

Авлигатай тэмцсэн 10 жилийн түүхийг эргээд нэг сануулъя. 2006 оны 12 дугаар сарын 28-ны өдөр. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Авлигатай тэмцэх газрын даргыг томилох асуудал хэлэлцэв. Хуралдаанд оролцсон 46 гишүүнээс 41 нь АТГ-ын даргад нэр дэвшигч Б.Дангаасүрэнг томилохыг дэмжсэнээр АТГ-ын үр хөврөл цаасан дээр бүрэлдсэн түүхтэй. Анх бүрэлдсэн цагаас нь л АТГ-ыг улс төрийн махны машин болох вий хэмээн болгоомжилж, ад шоо үзэх хандлага улстөрчдөөс цухалзаж байсан. Цаг хугацаа харвасан сум шиг өнгөрч, АТГ 10 жилд гурван төр, гурван даргын нүүр үзэж. Гэвч АТГ-ын үе үеийн удирдлагын амар заяаг улстөрчид, авлигачид огт үзүүлсэнгүй. АТГ-ын анхны дарга Б.Дангаасүрэн 2007 оны аравдугаар сарын 25-нд Австралийн Сидней хотод учир битүүлгээр амиа алдсан. Түүний үхлийн шалтгаан өнөөг хүртэл бүрхэг хэвээр. Б.Дангаасүрэн агсны үхлийн шалтгааныг тодруулахаар уйгагүй хөөцөлдсөн ганц л хүн байсан. Тэр бол түүний төрсөн дүү Б.Дансал. Гэвч түүний үхлийн шалтгаан тогтоогдоогүй. Талийгаачтай хамт явсан мэргэжилтэн АТГ-ын дэд дар­га асан Д.Сундуйсүрэнд утсаар “Дарга зочид буудалд учир битүүлгээр нас барчихлаа. Нас барахынхаа өмнө их ууртай байсан” гэж ярьсан байдаг ч үнэндээ айлд нас барсан гэх зөрүүтэй тайлбарыг албаныхан өгсөн, цогцсыг нь авчрахад нүд нь байгаагүй гээд түүний үхэл гадны нөлөөтэй байж болзошгүй гэх эргэлзээ олны дунд үлдсэн нь нууц биш. Яагаад?!

Анхны дарга нь шороонд булагдаж, удаах дарга Ч.Сангарагчаа нь шоронд хоригдсон. Түүнийг гүйцэтгэх ажиллагааны журам зөрчсөн гэж шүүхээс үзсэн. Харин чухам хэний төлөө тийм үйлдэл гаргасан бэ гэдэг бас л тодорхойгүй. Өмнөх тохиолдлуудаас нь харахад “Нохойтой шөргөөцөлдвөл хормойгүй Ноёнтой шөргөөцөлдвөл толгойгүй” гэх болгоомжлолыг гурав дахь даргад нь төрүүлсэн байх талтай.

Цагдаагийн байгууллагад насаараа “чанагдсан” буурал комиссар Н.Ганболд сонгуулийн өмнөхөн өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн нь бас л хачирхалтай. Түүнийг энэ байгууллагыг толгойлсон жилүүдэд улс төрийн өндөр албан тушаалтнуудын хэрэг ганц нэгжээр бус арваар тоологдох болсон. Монголын эдийн засгийг нуруун дээрээ авч яваа компаниудыг АТГ намнах машин боллоо гэж улстөрчид ихээхэн шүүмжилж байсан. Гэхдээ татварын өршөөлийн хуулиар гудас байтугай вагоноор тоологдох мөнгө, Монголын дотоодын нийт бүтээгдэхүүнийг хэд дахин нугалах хөрөнгө ил болсон.

Жирийн нэгэн жараахайн ангууч гэгдэж байсан АТГ аварга загаснуудыг ангуучилж эхэлснээр ашиг сонирхлын зөрчилтэй, улс төрийн бүлэглэлүүдийг хадны мангаа шиг айлгадаг болсон нь нууц биш. Тиймээс ч АТГ-ыг сонгууль өнгөртөл удирдлагагүй, хүчгүй байлгах сонирхол улстөрчдөд байна. Тэгээд л элдэв арга саам хийж, хойшлуулсаар УИХ-ын хаврын чуулганыг завсарлууллаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АТГ-ын даргад цагдаагийн хурандаа Х.Энхжаргалыг томилуулах саналаа тавдугаар сарын 4-ний өдөр УИХ-д өргөн барьсан бөгөөд УИХ 14 хоногийн дотор хэлэлцэж, томилох ёстой байсан ч томилсонгүй ээ. Даргагүй АТГ, ахмадгүй онгоцтой л ижил баримжаагүй хөвөх нь ээ энэ сонгуулиар.

Манай татварын орчин дарамттай, бизнес эрхлэгчдэд халтай байснаас нууц данс хөтлөж, татвараас зугтахаас өөр аргагүй байлаа гэж тооцьё. Гэхдээ татварын өршөөлөөр ил болсон тэр их хөрөнгө, мөнгө хэнийх байсан бэ гэдгийг өнөөдөр мэдэх боломжгүй. Гэтэл энэ өдрүүдэд оффшор дансны дуулиан ар араасаа гарч ирэв. С.Баярцогт руу дайрч байсан нөхөд өөрсдөө эгнээнд нь шилжив. Монголчууд аль нь үнэн, юу нь худал болохыг ялгахаа байж байна. Юу баян, тансаг иргэдтэй улс вэ. Татварын өршөөлөөр ил болсон хөрөнгө эдийн засагт цус сэлбэж, эерэг өөрчлөлт авчирна гээд хэлээ хазаад өнгөрсөн ч татвараа шударгаар төлсөн бизнес эрхлэгчид маань хохироод үлдсэн. Гэтэл одоо эх орончдын дүр эсгэгчид эхнээсээ татваргүй бүсд мөнгөө нуусан нь ил боллоо. Тэд хаана мөнгөө байрлуулах нь ардчилсан нийгмийн сонголт. Харин тэр хөрөнгөө шударгаар олсон уу гэдэг бол өөр асуудал. Үүнд л учир бий. Авлига, хууль бусаар олсон хөрөнгө үү, үгүй юу гэдгийг нягталж тогтоох нь АТГ-ын асуудал. Гэтэл монголчуудын хувьд ямар ч туршлагагүй, яахаа мэдэхгүй байгаа энэхүү шинэ үзэгдлийн учрыг олох ёстой газар нь сонгууль дуусч, халдашгүй дархлаатай болтол нь даргагүй суух нь. Дээр нь хэдэн зуун тэрбумаар тооцогдох мөнгө шамшигдуулсан байж болзошгүй хэргүүд тус газарт шалгагдлаж буй.

Шударгаар олсон ч бай, олоогүй бай хамаагүй. Төрд зүтгэж яваа хүмүүс өөрийнхөө хөрөнгийг татваргүй бүст байршуулаад татвар төлөгчдийн мөнгийг хэрхэн зарцуулах тухай ярих нь утгагүй. Тийм боломж олгох нь бүр тэнэг хэрэг. Оффшортнуудыг сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэж эрх баригч намын дарга хэлэх нэг хэрэг. Харин тэднийг шалгах газрыг эзэнтэй болгох огт өөр хэрэг байлаа.

Улстөрчид ичгүүр, сонжуургүйгээр өөрсдийнхөө захиалгыг захиалж, өөрсдийнхөөрөө асуудлыг эзгүйчилж байна. АТГ-ыг удирдах дөрөв дэх хүн нэр дэвшмэгц улстөрчид нөлөөгөө тогтоохыг оролдов. Яагаад?!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж