“Адидас”-тай шарилыг сэргээн засварлаж байна

Хуучирсан мэдээ: 2016.05.26-нд нийтлэгдсэн

“Адидас”-тай шарилыг сэргээн засварлаж байна

Германы спорт хувцасны алдарт брэнд “Адидас”-ын бэлгэ тэмдэг болсон урт, шулуун зураас бүхий гуталтай шарил Монголын нутгаас олдсон талаар олон улсын агентлагууд онцолсоор байна.

Эргэн сануулахад, сар гаруйн өмнө Ховд аймгийн Мөнххайрхан сумын Үзүүр гялан гэх нутгаас 20 гаруй тооны олдвор, эд өлгийн зүйлийг Ховд аймгийн музей, Ховд их сургуулийн хамтарсан багийнхан малталт хийсний дүнд олсон билээ. 20 гаруй тооны эд өлгийн зүйл дунд эсгийгээр ороож, оршуулсан “Адидас”-ын гуталтай хүн, хонь, адуу, эмээл, хазаар, дээл хувцас, модон болон төмөр аяга, сав суулга, арьс болон эсгий уутан богц бүхий оёдол хатгамлын хэрэглэл байжээ. Эдгээр олдвор нь эртний Түрэгийн үед холбогдоно хэмээн урьдчилсан байдлаар таамаглаж байгаа юм.

Сүүлийн үеийн мэдээллээр олдвор эд өлгийн зүйлсийг Ховд аймгаас шилжүүлэн Улаанбаатар хотод авчран сэргээн засварлах ажлыг эхлүүлжээ. Одоогоор эд өлгийн зүйлсийг бүртгэх, цэвэрлэх, бэхжүүлэх, сэргээн засварлах ажлыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны /БСШУЯ/ харьяа Соёлын өвийн төвийн Сэргээн засварлах лабораторид хийж байгаа аж. Албаныхны хэлж буйгаар олдворыг сэргээн засварлах ажлыг 2017 оны 1-2 сар хүртэл хийх аж. Мөн олдвор дунд боодолтой эд зүйл байгаа юм. Эдгээрийг рентгенээр харахаас эхлээд нарийн шинжлэх юм байна. Эхний ээлжид рентген зургийн ажлыг энэ долоо хоногт дуусгах даалгаврыг БСШУЯ-наас өгчээ.

Тэгвэл гадны хэвлэл, мэдээллийн хэрэгслээр энэхүү олдворыг Төв Азиас олдсон дэлхийд хосгүй үнэт олдвор хэмээн тодотгож байгаа юм. Их Британийн “TheSun” сайтын мэдээлснээр Ховд аймгийн музей судлаач Б.Сүхбаатар “Эмэгтэй хүний шарил болов уу гэсэн таамаг дэвшүүлээд байна. Мөн хөрөнгө чинээтэй хүн биш гэдэг нь гарцаагүй. Учир нь булшинд нь нум байгаагүй” гэжээ.

Энэ мэдээллийг авсан нэгэн хэрэглэгч “Тэд хүртэл “Адидас” өмсдөг байсан гэж мэдсэнгүй” гэжээ. Бас нэгэн хэрэглэгч “Адидасын гуталтай шарил анх удаа л харж байна, тийм үү?” гэсэн байна.

Ямартай ч олон улсын агентлагууд Төв Ази төдийгүй дэлхийд хосгүйд тооцогдох олдвор хэмээн үнэлж, сэргээн засварлах ажил дуусахыг тэсэн ядан хүлээж буйгаа бичжээ.

Гэхдээ тодорхой зүйл гэвэл Түрэгийн үед “Адидас” брэнд байгаагүй нь мэдээж. Хэрэвзээ бид үүнийг өөрсдөдөө ашигтайгаар эргүүлж чадвал дэлхийн анхаарлыг татаж, археологийн салбартаа мөнгө татах боломж бидэнд байна.

Монголын нутгаас үүнээс өмнө мөн л Түрэгийн үед холбогдох, дэлхийд хосгүй ховорт тооцогдох олдвор олдсон билээ. Хамгийн сүүлд л гэхэд Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын нутгаас Түрэгийн үед холбогдох морьтой оршуулга олдсон. Энэ нь Монголоос өөр оронд байхгүй, дэлхийд гайхагдах түүх соёлын үнэт олдвор юм байна. Үүгээр ч зогсохгүй Түрэгийн хоёрдугаар хаант улсын бүх хаад, ноёдын онгон, цогцолбор, гэрэлт хөшөө Монголын нутагт байрладаг хэмээн археологичид онцолж байна. Ялангуяа Орхон, Тамир, Туулын хөндийгөөс олджээ. Язгууртны 90 гаруй онгон, жирийн иргэдийн 2-3 мянган онгон олдсон байдаг юм. Түрэгийн үеийн олдвор Монголоос өөр хаана ч байхгүй хэмээн археологич онцолж байна. Энэ ч үүднээс Түрэгийн үеийн олдворуудыг Турк Улстай хамтран эксперт хийж, цаашид музей байгуулж, жуулчдыг татах газрыг нэмэхээр ажиллаж эхэлжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж