Монголын Социал демократ намын дарга А.Ганбаатар нарын хүмүүс Монгол ньюс мэдээллийн төвд мэдээлэл хийлээ.
Нийслэлийн Сонгуулийн хороо энэ сарын 17-ны өдрийн 14 тоот тогтоолоор 2016 оны НИТХ-ын сонгуульд Монголын социал демократ намаас нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалзсан байна. Энэ нь Сонгуулийн тухай хуулиар орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшүүлэх, оролцох эрх тухайн орон нутагт салбартай намд олгогддог ба МСДН нь нийслэлд салбаргүй учир оролцох боломжгүй гэж Нийслэлийн сонгуулийн хороо тайлбарласан байна.
Тэгвэл тус намын гишүүдийг бүртгэхээс татгалзсан энэ үйлдэл нь төрийн эрх барих байгууллагыг сонгох сонгуулийн ажлыг удирдан зохион байгуулах байгууллагад ажиллаж буй хүмүүс эрх зүйн мэдлэг дорой, боловсрол муутай холбоотой гэж МСДН-ынхан хэвлэлийн бага хурлаар дамжуулан шүүмжиллээ.
МСДН-ын дарга А.Ганбаатар “Нийслэлийн сонгуулийн хорооны зүгээс хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд түгээж буй мэдээлэл болон МСДН-д ирүүлсэн албан бичгүүдийг шинжиж үзэхэд тус хороо дур зоргоороо хуульд тайлбар хийх, хууль зүйн үндэслэлийг тогтоох зэргээр шүүх эрх мэдэлд халдаж буй нь илэрхий бөгөөд ингэснээр иргэдийн сонгох, сонгогдох эрхэнд халдсан гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж байна. Мөн энэ сарын 18-нд Ё.Гэрэлчулуун даргын гарын үсэгтэй 32 тоот албан бичиг ирүүлсэн нь дэндүү ойлгомжгүй, утга авцалдаагүй байсан учраас монгол хэл шинжээчээр үнэлүүлэхэд монгол хэл зүйн анхан шатны мэдлэг, боловсролгүй, бичиг хэрэг үйлдэх чадваргүй хүмүүс энэ бичгийг үйлдсэн болохыг тогтоосон” гэлээ.
Т.НОМИН