-Үнэт цаасны бирж арилжаа нь өдөртөө 29,1 тэрбум төгрөгийн арилжаа хийх зорилт дэвшүүлжээ-
“Олон улсын стандартад нийцсэн биржийн үйлчилгээг нэвтрүүлж, Монгол Улсын хөгжилд хувь нэмэр оруулна” гэсэн уриатай нэгэн байгууллага өрхөө татаж, үүдээ нээлээ. Энэ бол Монголын үнэт цаасны бирж ХХК юм. Монголдоо үнэт цаас арилжих хоёр дахь бирж хэмээн зарлаж буй тус компанийн түүх уг нь 2007 оноос эхтэй гэнэ. Анх байгуулагдсан цагаасаа үнэт цаасны арилжаа, тооцоо /клиринг/-ны чиглэлээр судалгаа, бэлтгэл ажил хийсэн бөгөөд бирж явуулах зөвшөөрлөө өнгөрсөн онд Санхүүгийн зохицуулах хорооноос авчээ. Тус компани NASDAQ-ийн биржийн системээр ажиллана гэдгээ мэдэгдлээ. 10 гаруй брокерийн компанитай хамтрахын дээр эхний ээлжинд IPO хийлгэх захиалга авчихаад байгаа ажээ. Дээрх компаниуд шаардлагын дагуу материалаа бүрдүүлж, амжилттай ажиллах аваас 2018 он гэхэд анхны IPO хийчих боломжтой гэж үзэж буйгаа өнөөдөр хэвлэлийнхэнд танилцуулав.
Өнөөдөр манай улсын хөрөнгийн зах зээлийн дүр төрх дэндүү ядмаг байгаа нь олон үзүүлэлтээс харагддаг. Улсдаа ганц байгаа Хөрөнгийн бирж маань үнэлгээний хувьд ч арилжааны хэмжээгээр ч бусад улс орны биржүүдээс эрс ялгаатай байгаа нь хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх хамгийн том шаардлага юм. Нөгөөтэйгүүр хөрөнгийн зах зээл хөгжөөгүйгээс арилжааны банкуудад их хэмжээний барьцааны хөрөнгө төвлөрч, чанаргүй зээл өсөх хэрээр банзны салбарт хүндрэл үүсэх магадлалтайг мэргэжилтнүүд тодотгож байна. АНУ-д хөрөнгийн биржүүдийн зах зээлийн үнэлгээ нь тус улсын ДНБ-ий 151,2 хувьтай тэнцэж, арилжааны дүн зах зээлийн үнэлгээний харьцаа 148 хувьд хүрчихээд байгаа ажээ. Япон улсад дээрх хоёр үзүүлэлт 95.1-110.7 бол Сингапурт 244.5-26.6 хувьтай, Вьетнамд 91.9-16.1 хувьтай байгаа юм. Харин манай улсын зах зээлийн үнэлгээ ДНБ-ийхээ 5.5 хувь, харин арилжаа нь ердөө 2.4 хувь байгаа ажээ.
Энэ бүхнээс үүдэн хөрөнгийн зах зээлд зориг гарган ажиллахаас аргагүй байсан гэдгийг Монголын үнэт цаасны бирж ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Даваасамбуу тодотгож байлаа. IPO хийх хүсэлтэй хувьцаат комданиуд цөөнгүй байдаг ч олон улсын стандартад нийцсэн засаглалтай компани олон байдаггүй ажээ. Гэвч тус биржийнхэн компаниудыг хөгжиж бойжиход нь тусална гэдгээ амлаж байна. NASDAQ-ийн биржийн системийг Монголдоо нутагшуулж, үнэт цаас арилжих бөгөөд Монголын хөрөнгийн бирж болон үнэт цаасны бирж хоёрт хоёуланд нэгэн зэрэг хувьцаагаа арилжих боломжийг ч цаашид судлах юм байна. Арилжаа нь жигдрээд ирмэгц өдрийн дундаж арилжааны дүн 29,1 тэрбумд хүргэнэ гэсэн зорилт дэвшүүлээд байгаа ажээ. Өнөөгийн төвшинд бол мөрөөдлийн мэт сонсогдох 29,1 тэрбум төгрөгийн арилжааг хийгээд эхэлчихвэл Монголын зах зээлийн үнэлгээ ДНБ-ний 40.13 хувьд хүрч, арилжааны эргэлтийн харьцаа 62.83 болох ажээ.
Түүнчлэн хөрөнгийн зах зээлийн оролцогчдын хүрээг тэлж, иргэд аж ахуйн нэгжийг хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэг мэдээлэлтэй болгоход ч хувь нэмрээ оруулахаар шийдсэн байна. Үүний эхлэл болгон хэвлэл, мэдээллийн ажилтнуудад Үнэт цаасны биржийн талаарх анхны мэдээллийг хүргэсэн нь энэ ажээ.
Д.ЦЭЭНЭ