Дорноговь аймгийн Замын-Үүдэд Спорт цогцолбор барилга угсралтын ажлын явцын талаар сэтгүүлч Л.Пүрэвням Монгол ньюс мэдээллийн төвд өнөөдөр мэдээлэл хийлээ.
Соёл спортын цогцолбор барихад нийт таван тэрбум 800 сая төгрөгийн тендерийг хууль бусаар “Фронт Гейт” компанид 2013 онд өгсөн гэж тэрбээр хэллээ.
Түүнчлэн сэтгүүлч Л.Пүрэвням хэлэхдээ “Соёл, спорт цогцолборын барилгын үндсэн хийц бүтээцийг зураг төслийн дагуу гүйцэтгээгүй нь барилгын ажлын болон ашиглалтын үед иргэдийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгө хүрээлэн байгаа орчинд аюул учруулахгүй, бат бэх тогтвортой байх Барилгын тухай хуулийн 11 дүгээр зүйл заалтыг зөрчсөн. Мөн барилгын захиалагч, зураг төсөл зохиогч, гүйцэтгэгч байгууллагын хоорондын ажлын уялдаа холбоо хангалтгүй, дотоодын хяналт сул, инженер техникийн ажилтнуудын мэргэжлийн мэдлэг хангалтгүй, барилгын талбайн инженерүүдийг тогтвор суурьшилтай ажиллуулаагүй хэд хэдэн инженер сольсноос хариуцах эзэн нь тодорхой бус болсон нь барилгын норм ба дүрэм зөрчигдөж, барилга угсралтын ажил удааширч өнөөг хүрсэн” гэв.
Т.НОМИН