"Мөнгөн мод-2015" цомын эзэн болсон уран бүтээлчид өнөөдөр Улсын драмын эрдмийн театрын тайзнаа шагналаа гардан авлаа.
Тодруулбал, найруулагч Ж.Сэнгэдорж “Босуул” уран сайхны киногоор тайз, дэлгэцийн шилдэг найруулагчаар, Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Р.Анхням “Чонон сүлд” уран сайхны киноны Галсамаагийн дүрийг мэргэжлийн өндөр түвшинд бүтээсэн хэмээн үнэлэгдэж, шилдэг жүжигчин цомыг хүртэв.
Шагналаа гардах үеэрээ найруулагч Ж.Сэнгэдорж “Миний хувьд 2015 он олз омог ихтэй, амжилтын жил байлаа. Авъяасыг маань үнэлж байгаад баярлалаа” хэмээсэн бол жүжигчин Р.Анхням “Намайг өдий зэрэгт хүргэж мэргэшүүлсэн театрын хамт олон, найруулагч нартаа баярлалаа” гэж сэтгэгдлээ хуваалцсан юм.
"Шилдэг бүжигчин"-ээр Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын бүжигчин Б.Саруул, оны шилдэг хөгжимчин номинацыг Улсын филармонын хөгжимчин Х.Санчир, оны шилдэг соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчаар Б.Батболд шалгарлаа. Тэрбээр уртын дууг 2500 иргэнд зааж сургасан байна.
Шилдэг зураачаар Г.Ганболд шалгарлаа. Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын тайзнаа тавьсан “Оройн дээд” үндэсний дуулалт жүжиг, “Мөнх тэнгэрийн Монгол” концертын тайз, зураг чимэглэлийг мэргэжлийн өндөр түвшинд бүтээсэн хэмээн үнэлж энэхүү шагналыг хүртлээ.
Соёл урлагийн салбарын уран бүтээлчдийг дэмжих, хөдөлмөрийг нь үнэлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас жил бүр энэхүү цомын эздийг тодруулан урамшуулдаг уламжлалтай. Найм дахь жилдээ зохион байгуулж буй эл ёслолын ажиллагааг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас шилдэг уран бүтээлчдийнхээ бүтээн туурвих авьяас билгийг нь хүндэтгэн алдаршуулах, нийт уран бүтээлчдэд урам зориг өгөх, бүтээлч өрсөлдөөнийг бий болгох зорилгоор өмнөх жилүүдээс өргөн хүрээнд, ёслол хүндэтгэлтэй зохион байгуулж буйг уран бүтээлчид онцолж байна.
Шалгаруулалтыг 2015 онд хийж бүтээсэн уран бүтээлээр нь нэр дэвшүүлэн дээрх долоон төрлөөр шалгаруулсан юм.
Э.ДАРХИЖАВ