Авто үйлчилгээний байгууллагуудад ангилал тогтоож эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2016.05.25-нд нийтлэгдсэн

Авто үйлчилгээний байгууллагуудад ангилал тогтоож эхэлнэ

Автотээврийн үндэсний төвөөс Авто үйлчилгээний байгууллагад ангилал тогтоох журам, Тээврийн хэрэгслийн техникийн үйлчилгээ, засвар хийх журмын хэрэгжилтийг тус тус ханган ажиллаж энэ төрлийн үйлчилгээний байгууллагуудад ангилал тогтоох ажлыг цахимаар зохион байгуулж эхэлжээ.

Тус ажлын хүрээнд авто тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээний мэдээллийг “Тээврийн хэрэгслийн засвар, үйлчилгээний мэдээллийн сан”-д төвлөрүүлэх бөгөөд нэгдсэн цахим мэдээллийн санд холбогдсоноор иргэд машин худалдан авахдаа тухайн машин нь өмнө нь аль засварын газар ямар үйлчилгээ хийлгэж байсныг бүрэн мэдэх боломжтой болох юм. Мөн тухайн Авто үйлчилгээний байгууллага хийсэн засвар, үйлчилгээндээ баталгаа гаргаж өгөх шаардлагатай болох аж.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хийсэн хяналт шалгалтаар Улаанбаатар хотод 368 цэгт үйлчилгээ үзүүлж буй засварын газар хяналт, шалгалтад хамрагдахад 57 нь их, 66 нь дунд эрсдэлтэй гэж дүгнэгдсэн байна.

Мөн автотээврийн хэрэгслийн тоо сүүлийн жилүүдэд хурдацтай өсч байгаагийн хэрээр тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээ эрхлэх, сэлбэг материалаар хангах үйлчилгээ эрхлэгчид олноор бий болсон. Өнөөдрийн байдлаар 3500 гаруй авто үйлчилгээний байгууллага иргэдэд үйлчилгээ үзүүлж байна гэсэн албан бус тоо байна. Энэ төрлийн авто үйлчилгээ эрхлэгчдийн 70 хувь нь хувиараа хөдөлмөр эрхлэгчид байгаа бол үлдсэн 30 хувь нь аж ахуйн нэгж байгууллагын хэлбэртэй байна. Эдгээр авто үйлчилгээний байгууллага, хувь хүмүүсийн дунд чанаргүй үйлчилгээ үзүүлэх, шаардлага хангахгүй сэлбэг хэрэгслээр үйлчлэх зэрэг зөрчил дутагдал олон байгаа нь нууц биш. Хамгийн гол нь тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бус байдлаас шалтгаалан зам тээврийн осол, аюул учрах эрсдэлтэй. Мөн тухайн үзүүлсэн үйлчилгээндээ баталгаа гаргаж өгдөггүй, мэргэжлийн бус хүмүүс засвар үйлчилгээ эрхлэх болсноор иргэдийн сэтгэл ханамж буурах, энэ хэрээр гадны хөрөнгө оруулагчид тухайн зах зээлийг эзлэх зэрэг сөрөг хандлага гарч болзошгүй. Мөн үйлчилгээний чанар, баталгаат хугацаа зэргээс үүдэн үйлчлэгч үйлчлүүлэгчдийн хоорондын маргаан ихээр гарах асуудал үүсдэг нь өнөөдөр нууц биш. Зориулалтын бус байранд үйл ажиллагаа эрхэлж байгаагаас ашиглагдсан шатахуун, тосолгооны материалыг дурын газар асгах, устгах зэрэг олон сөрөг үр дагавар урган гарсаар байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж