Хүчирхийллийг мэдээлээгүй хүнд хариуцлага тооцно

Хуучирсан мэдээ: 2016.05.25-нд нийтлэгдсэн

Хүчирхийллийг мэдээлээгүй хүнд хариуцлага тооцно

Гэр бүлийн хүчирхийллийг цаг алдалгүй илрүүлж, таслан зогсоон, хүчирхийлэлд өртсөн хохирогчдыг хамгаалалтад авч, эрүүл мэнд, сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг энэ сарын 19-ний өдөр Улсын Их Хурал шинэчлэн баталсан. Хууль ирэх есдүгээр сарын 1-нээс Эрүүгийн шинэтгэлийн хуулийн хамтаар хэрэгжиж эхэлснээр гэр бүлийн хүчирхийллийг анх удаа гэмт хэрэгт тооцдог болно. Өөрөөр хэлбэл, өмнө нь тухайн гэр бүлийн гадна хүн зодохыг гэмт хэрэг гэж үздэг байсан бол одоо гэр дотроо эхнэр, хүүхдээ зодох нь гэр бүлийн харилцааны асуудал биш, гэмт хэрэг болох юм. Мөн хүчирхийллийн гэмт хэргийг харсан, сонссон хүн бүхэн хуулийн байгууллагад мэдээлэл өгөх үүрэгтэй болжээ. Ялангуяа хөрш нь, төрийн байгууллагад ажилладаг хороо, дүүргийн ажилтан, сургууль, цэцэрлэгийн багш болоод эмч сувилагч, цагдаа нар хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйг харж, мэдсэн бол  заавал цагдаагийн байгууллагад хандах учиртай юм. Хэрэв хүчирхийллийг мэдээллэх үүргээ биелүүлээгүй бол Зөрчлийн  тухай хуулиар хариуцлага хүлээнэ. Албан болон албан бус боловсролоор дамжуулж хүүхдэд багаас нь хүчирхийлэл гэж юу болох ямар эрсдэлтэйг ойлгуулах хичээлийг орох юм байна.

Хэрэв хүчирхийллийн хохирогч болбол төр шууд тухайн хүнийг хамгаалтад авч, сэтгэл зүйг засах, шаардлагатай эмчилгээ, эрүүл мэндийн үйлчилгээг үнэ төлбөргүй хийнэ. Мөн цагдаагийн алба хаагч хүний амь нас, эрүүл мэндтэй холбоотой мэдээллийг авсан даруйд таслан зогсоох, гэр бүлийн хүчирхийллийн дуудлагаар айлд нэвтрэх, хохирогчийг хамгаалах үүрэгтэй байх эрх зүйн шинэчлэлтийг хийжээ. 2004 онд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг баталсан ч холбогдох бусад хуулиудад гэр бүлийн хүчрхийллийн асуудлаар тусгаагүй. Үүнээс болоод өнөөг хүртэл Гэр бүлийн хүчирхийлэл гэмт хэрэг ч биш, зөрчил ч биш, завсрын байдалтай явж ирснийг энэ салбарын мэргэжилтнүүд шүүмжилдэг байсан юм.

Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг сүүлийн гурван жилийн хугацаанд 60 хувиар өсчээ. Энэ төрлийн гэмт хэргийн хохирогчдын 90 хувь нь эмэгтэйчүүд, 40 хувь нь хүүхдүүд байна. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчдийн 30 хувь нь дээд боловсролтой, 30 хувь нь ажилгүй, үлдсэн хэсэг нь нийгмийн дундаж давхаргын хүмүүс байна гэсэн судалгааг цагдаагийн байгууллага гаргажээ. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас өнгөрсөн жил 638 хүн эрүүл мэндээрээ, 12 хүн амь насаараа хохирчээ. Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн 57 хувь нь нийслэлд 43 хувь нь хөдөө орон нутагт үйлдэгджээ.

Зураглаач Н.БАТМӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж