“Шуранхай” хамтлагийн дуучин Б.Номин-Эрдэнэ Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнтэй хамтран “Бүүвэйн дуугаар хүүхдээ өсгөе, Эхийн сүүгээр хүүхдээ хооллоё” уриалгыг дэвшүүллээ.
Тэрбээр урлагаар дамжуулан, эхчүүдэд хүүхдээ эхийн сүүгээр хооллохыг уриалж байгаа бөгөөд “Амин хэлхээ” хэмээх 30 минутын телевизийн нэвтрүүлэг бэлтгэж, “Бүүвэйн дуу” дууны клипээ олонд хүргэхэд бэлэн болгожээ.
Монгол улсын хэмжээнд эхийн сүүгээр хооллох үзүүлэлтүүд жил ирэх тусам буурсаар байгаа бөгөөд Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн 2010 оны судалгаагаар нийт нялхсын 66 хувь нь төрсөнөөс хойш зургаан сарын турш зөвхөн эхийн сүүгээр дагнан хооллож байсан бол 2013 онд уг үзүүлэлт 47 хувь болон буурсан үзүүлэлт гарчээ.
Дуучин бүсгүй “Эко элч” дуучин болох зорилготойгоор ажиллаж байгаа бөгөөд удахгүй “Ethnic moment” тоглолтоо Дархан, Эрдэнэт хот болон Баянхонгор аймагт зохион байгуулж, тоглолтынхоо орлогын тодорхой хувийг ногоон байгууламж байгуулахад зарцуулах гэнэ.
А.СҮРЭН