ИЗНН-ын хэдэн гишүүн намаасаа гарч өнөөдөр Ардчилсан намд элслээ. ИЗНН-ын гишүүн, УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, Ерөнхий сайдын зөвлөх Р.Булгамаа, Ч.Базар нар өнөөдөр Ардчилсан намын дарга З.Энхболдоос намын батлах авлаа. Ингэснээр тэд Ардчилсан намын нэрийн өмнөөс УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхтэй болж байгаа юм.
“ИЗНН-аас УИХ-д нэр дэвших хүмүүс хуулийн дагуу Ардчилсан намын гишүүн болоод үнэмлэхээ гардаж авлаа. АН, ИЗНН ижил үзэл баримтлалтай, либерал үзэлтэй. Миний хувьд тогтсон үзэл бодолтой. Тийм ч учраас үүнийгээ сануулах гэж АН-ын даргад архивын баримт гардуулж өглөө. 25 жилийн өмнө Монголын Ардчилсан намын эдийн засгийн үзэл баримтлалыг би бичиж байсан. Тэр эдийн засгийн үзэл баримтлалаа сануулж гардуулж өгсөн. Би Налайх, Чингэлтэй дүүргийн 1-6 дугаар хорооны тойрогт сонгуульд өрсөлдөх байх. Эцсийн шийдвэр бол гараагүй. Анхан шатны байгууллагууд нь шийдэх байх. Ардчилсан намын нэрийн өмнөөс Монгол Улсад хийх шинэчлэлийг үргэлжлүүлэх зорилгоор УИХ-д нэр дэвших болно” гэж С.Дэмбэрэл хэллээ.
Харин Ерөнхий сайдын зөвлөх Р.Булгамаа “ИЗНН, АН-ын стратегийн гэрээний түншлэлийн асуудал эртнээс яригдаж байсан. Цагаан сарын өмнө хоёр нам хамтран ажиллах санамж бичиг байгуулж байсан. Манай намын бүх шатны байгууллагын хурлын шийдвэрээр АН-тай нэгдэх хэлэлцүүлэг орон даяар өрнөсөн. Улс төрийн намын тухай хууль болон Сонгуулийн тухай хуулийн дагуу хоёр намын эвсэх асуудал цаг хугацааны хувьд боломжгүй байсан учраас сонгуульд АН-ыг дэмжиж ажиллах шийдвэр гарсан. Тиймээс хоёр нам хамтран ажиллах түншлэлийн гэрээний хүрээнд бид өнөөдөр АН-ын гишүүн боллоо. Сонгуулийн тухай хуулиар УИХ-д нэр дэвших хүн тухайн намын гишүүн байх ёстой. Тиймээс бид АН-ын гишүүн болох сонголтыг хийсэн. 2012 оны сонгуулиар би нийслэлийн Баянзүрх дүүрэгт нэр дэвшиж байсан. Тиймээс энэ удаад Баянзүрх дүүрэгтээ нэр дэвшинэ. ИЗНН ногоон хөгжил, ногоон бодлого, либерал үзлийг гол түүчээгээ болгодог. Манай намын үзэл баримтлал АН-ын мөрийн хөтөлбөрт тусгагдсан” гэлээ.
ИЗНН-аас нийтдээ таван хүн гарч, Ардчилсан намд орно гэсэн мэдээлэл байсан. Тэгвэл дээрх гурван хүнээс гадна Ерөнхий нарийн бичгийн дарга М.Хүрэлсүх албан тушаалаа өгсөний дараа АН-ын үнэмлэхээ гардаж авах аж. Мөн ИЗНН-ын генсекээр ажиллаж байсан Б.Хүдэр-Ян УИХ-д нэр дэвших тухай яригдаж байсан ч өчигдөр тодорхойгүй шалтгааны улмаас нэр дэвшихээ больж, АН-д элсэх шийдвэрээ цуцласан байна.