ОХУ-ын Алтайн уулнаа амьдрах эм ирвэс төрүүлсэн хоёр гүемээ хулгайн анчдаас аврахын тулд идсэн талаар РИА Новости агентлаг мэдээлжээ. Алтайн дархан цаазат газрын эрдэм шинжилгээний ажилтан, ирвэс судлаач Сергей Спицыний ярьснаар хоёр гүем хулгайн анчдын тавьсан урхины торонд орсон ажээ.
"Зулзаганууд төрөөд зургаан сар болж байсан. Тэдний зургийг нь авах боломж саяхан над олдсон юм. Тэдний зургийг авсаны дараахан ийм аймшигтай хэрэг болжээ. Зулзаганууд торонд орж, эх нь аврахыг хичээсэн ч чадаагүй байна. Тэгээд аварч чадахгүй болонгуут иджээ. Зулзагаа идсэн ирвэс өөрөө ч торонд орж үхжээ" хэмээн Сергей Спицын ярьсан байна.
Дархан цаазат газрын ажилтнууд амьтдад тавьсан хулгайн анчдын урхи, торыг байнга зайлуулдаг ч заримыг олж чаддаггүй байна.
Амь үрэгдсэн ирвэс Вита гэсэн нэртэй байсан бөгөөд түүнийг золгүйгээр амиа алдсан ирвэс судлаач эрдэмтэн Виктор Самойловын нэрээр нэрлэсэн аж. Витаг анх эрдэмтэд 2012 онд Алтайн нурууны Аргутын хөндийд анх олж харсан юм байна.
Ирвэс бол улаан номонд орсон амьтан юм. ОХУ-ын Алтайн хязгаараас гадна Красноярскийн хязгаар, Хакасий, Тувад амьдардаг.
А.ШАРАВ