Зам тээврийн салбарт бүтээн байгуулалтын ажил нь хурдацтай, хамгийн сайн явж буй төсөл нь Хөшигтийн хөндийн шинэ нисэх онгоцны буудал барих ажил юм. Япон Улсын Засгийн газрын 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төслийн ерөнхий гүйцэтгэгчээр “Мицубиши-Чиёода” түншлэл шалгаран ажиллаж байгаа. Гэтэл өчигдрөөс зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр япончуудаас мөнгө зээлж барьсан Хөшигтийн хөндийн шинэ нисэх онгоцны буудлын онгоц хөөрч, буух зурвасыг олон улсын Агаарын тээврийн холбооноос хүлээн зөвшөөрсөнгүй гэх мэдээлэл цацагдаж эхэлсэн юм. Энэ асуудал үнэн эсэхийг Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Н.Энхбаттай утсаар холбогдож тодруулга авлаа.
Ажил нь хамгийн сайн гүйцэтгэлтэй яваа төслөө улс төрөөс хол байлгахыг хүсээд, онгоцны буудлын онгоц хөөрч, буух зурвасыг олон улсын Агаарын тээврийн холбооноос хүлээн зөвшөөрөөгүй гэх мэдээллийг Н.Энхбат захирал үгүйсгэсэн юм. Тэрбээр “Хоёр жилийн өмнөөс эхэлсэн барилгын ажилд Японы “Азуса Секкей, Ориентал Консалтантс” компаниуд зөвлөхөөр ажиллаж, мэргэжлийн япон инженерүүд хяналт тавин ажиллаж байгаа. Туслан гүйцэтгэгчээр ажиллаж буй “Самсунг Си энд Ти” компани дэлхийнх. Тиймээс хамаагүй ингэж, улстөржилтөд холбож болохгүй байх. Хөшигтийн хөндийн нисэх онгоцны бүтээн байгуулалтын ажил төлөвлөгөөнөөс долоон хувийн давуу биелэлттэй 80 хувийн гүйцэтгэлтэй яваа. Барилгын ажил дууссаны дараа улсын комисс шалгаж байж ашиглалтад оруулах эсэхийг шийднэ. Үүний дараа олон улсын агаарын тээврийн холбоонд хандах асуудал яригдана” гэлээ. Өөрөөр хэлбэл, хэвлэлээр гарсан мэдээлэл шиг Хөшигтийн хөндийн шинэ нисэх онгоцны буудлын онгоц хөөрч, нисэх зурвасыг стандартад нийцэх эсэхийг ямар ч байгууллага одоогоор шалгаагүй аж.