Дөрвөн уулын дунд дүлий, балай!

Хуучирсан мэдээ: 2016.05.25-нд нийтлэгдсэн

Дөрвөн уулын дунд дүлий, балай!

Үзэж байсан кино гэнэт айхавтар чанга дуутай рекламаар солигдсонд унтаж байсан хүү цочин уйлав. Ээж нь ухасхийн хүүгээ хурайлах ч үргэлжлэн “чарлах” рекламыг харан гомдолтой нь аргагүй уйлна. Энэ шинэ юм биш. Бидний амьдралын зайлшгүй нэг үзэгдэл. “Аан, юу гэнэ ээ” гэж хэлэгсэд ойр тойронд минь олширсоор уджээ. Арваад жилийн өмнө чих хатуу нэгнээ шоолох янзтай байсан бол өнөөдөр өөрсдөө ч мэдэлгүй “аан” л гэдэг болж. Ярьсныг нь ойлгоогүй нэгнээ “чихээ ухуул” гэж даапаалдаг байсан бол өнөөдөр чих онгойлгодог үйлчилгээ үсчнээс дутахгүйгээр олширсон байх юм. Соёлжиж буйн нэгэн илрэл байж болох ч үнэндээ үйлчилгээ автлаа чих маань хэцүүдэж байна.

Замыг нь бөглөж тавьсан машины жолоочийг дуудан хангинуулах дуут дохио, хуванцар бохир усны хоржигноон, лифт, усны насос, дээд айлын улаачийн дүнгэнэх хэнгэрэг, гадаа орилох хөлчүү залуугийн бархирах гээд хотын дуу шуугиан биднийг бухимдуулах суурь шалтгаан болдог болжээ. Энэ дотроос хамгийн аюултай нь нэг давтамж бүхий шугам хоолой, лифть, орон сууцны хонгилд байрлуулсан насос гэх мэт төрлийн энэ дуу үргэлжлэх хугацаанаас хамаарч үзүүлэх сөрөг нөлөө асар их байдгийг олон орны эрдэмтэд нотолжээ. Хуучны цагт ДЦП-ийг орон сууцны гадна талд барьдаг байсан нь хангалттай газартай байсандаа бус энэ аюулаас хамгаалах чухал ач холбогдолтой байсныг хэн мэдэх билээ.

Сүүлийн үед нийслэлчүүдийн сонсгол илт муудаж буйг эмч нар дуу нэгтэй хэлж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан стандартаар хотын дуу шуугиан өдрийн цагаар 60 децибелль/дб/, шөнийн цагаар 45 децибеллиэс хэтрэхгүй байх ёстой аж. Гэтэл манай авто машины бөглөрлөөс үүдсэн чимээ, үйлдвэрийн, барилгын ажил тоног төхөөрөмжийн чимээ, үйлчилгээг ойртуулсан “сүү аваарай”, “100 айл явлаа”, цэвэр цэмцгэр хотын уриа болсон “Мишээсэн дагина шиг миний Улаанбаатар”дуу нийлээд 80-90 децибелльд өлхөн “хүрч” дөнгөдгийг ШУТИС, БИАС, Архитектурын салбарын хийсэн судалгаагаар тогтоожээ.

Дууны хүч 10 дб-ээр нэмэгдэхэд чихэнд гэмтэл учруулах чадвар нь арав дахин нэмэгддэг аж.

Эрдэмтдийн тогтоосноос шуугианы хэмжээ 80 дб байхад сонсголын мэдрэмж 17-25 дб-лээр буурдаг гэнэ. Тэгэхээр бид дор хаяж хөдөөгийнхнөөсөө 20-30 дб-ээр дутуу сонсож байна гэсэн үг. Хачирхалтай нь энэ бидний ойлгоцод ч сөргөөр нөлөөлж байна. Улаанбаатараар дүүрэн уур уцаартай, хэл амаа ойлголцож чадалгүй, боломж гарвал биесийнхээ нармайг нээхэд бэлэн явдаг болсон ч шуугиантай холбох бүрэн үндэслэлтэй. Яагаад гэвэл хэтэрхий их дуу шуугианы гайгаар бид биесийнхээ хэлсэн үгийн заримыг нь сонсч чаддаггүй гэнэ. Хотын шуугиан маань бидэнд тухайн ярьж буй хүний 70-75 хувийг нь л ойлгох боломж олгодог, үлдсэн 20-25 хувийг нь сонсч чихнийхээ хажуугаар өнгөрөөхөд хүргэдэг болжээ. Шуугиан их байх тусам хүний ой тогтоолт буурдаг. Тиймээс л номын санд чимээгүй байхыг шаарддаг. Хамгийн гол нь бидний энэ их шуугиан нойргүйдэх өвчлөлийн нэг үүсвэр гэдгийг эмч мэргэжилтнүүд анхаарууллаа.

Нойр хулжсан үед “давсанд явах” хамгийн амар аргыг эрчүүд телевиз үзэх гэдэг. Үнэндээ тийм биш аж. Шуугианы хэмжээ 40 децибелль байхад нойр алдагдаж улмаар 50 дицбелль хүрэхэд унтах хугацаа нэг цагаар алдагдаж, бие хэвийн нойрсох боломж 62 хувьд болтлоо алдагддаг гэнэ. Агаар салхинд гарахаар цэвэр агаарт “цохиулсандаа” бус дуу чимээгүй орчинд очсондоо нам унтах боломж тохиодгийг тогтоожээ. Учир нь хүн шуугиан 35 дб-ээс бага үед л 82 хувьтай гүн нойрондоо “дугжирдаг” юмсанж.

Одоогоос арван жилийн өмнө буюу нийслэл сая хүрэхгүй хүн амтай байсан 1996 онд Улаанбаатар хотын дуу шуугианы түвшин 71 децибелль байсныг тогтоожээ. Харин өнөөдөр яг ямар төвшинд очсоныг хэлж, тогтоосон тоо баримт алга. Ямартай ч үүнээс хэдэн арваар өссөн нь ойлгомжтой.

Одоогоос гурван жилийн өмнө хийсэн судалгааг дараах хүснэлтээс харж болно.

Харин өнөөдөр энэ тоо хэд болчихоод бидниий сонсгол болон тархины эд эсүүдийг гэмтээж, төв мэдрэлийн ситемд нөлөөлснөөр хэрхэн ядарч, ой тогтоол муудаж, хэд маань нойрны эмгүйгээр урт шөнийг давж чадахаа байж, цэл залуугаараа даралт ихсэн харваж, зүрхний шигдээсээр чимээгүйхэн хорвоог орхиж, үлдсэн хэд нь ходоод гэдэсний хямралтай болж буйг тогтоох боломж алга. Хамгийн аюултай нь бидний ирээдүй болсон багачууд биднээс ч илүүтэйгээр үүнд өртөж байна. Хөгшрөлт, мэргэжлийн л өвчин гэгдэж байсан чих хатууралт сүүлийн үед бага насныханд их тохиолддог болсныг чих, хамар хоолойн эмч нар анхааруулж байна.

Үүнээс гарах арга зам бид барилга төлөвлөлтийн норм, стандартаа сайжруулахаас эхлээд адаглаад машины дуут дохиогоо балбалгүйгээр хөдөлгөөнд оролцохоос эхэлнэ. Ядаж л телевизийнхэн маань рекламны дууны төвшингөө эфирийнхээ бусад стандартай ижил хэмжээнд очиж, нэгдсэн нэг төвшинд барьж, үзэгчдээ хийгээд өөрсдийгөө хамгаалах зайлшгүй шаардлагатай. Үүнийг хийхэд хөрөнгө мөнгө шаардагдахгүй нь мэдээжийн асуудал.

Үгүй бол бид дүлийдээ найдаж унгав гэгчээр хатуу чихэндээ таацуулж хашгарсаар байх сонголт л үлдэх нь. Тийм үү, аан!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж