Оросын Олимпын медальтнуудаас допинг илэрчээ

Хуучирсан мэдээ: 2016.05.25-нд нийтлэгдсэн

Оросын Олимпын медальтнуудаас допинг илэрчээ

.

“Бээжин-2008” зуны олимпийн наадамд оролцсон 12 орны 31 тамирчны шинжилгээний дээжээс допинг илэрсэн тухай Олон улсын олимпийн хороо /ОУОХ/ тавдугаар сарын 18-нд зарласан юм. Тэгвэл допингийн давтан шинжилгээнд бүдэрсэн тамирчдын дунд спортын гурван төрөлд оролцсон Оросын 14 тамирчин байгааг ОУОХ мэдээлжээ. ОХУ-ын “Match” телевизэд мэдээлснээр допингийн давтан шинжилгээнд бүдэрсэн тамирчдын 10 нь олимпын медальтнууд гэнэ. Тэдгээрийн дунд 4×100 метрт алтан медальт тамирчин Юлия Чермошанская, жад шидэлтээр мөнгөн медаль хүртсэн Мариа Абакумова, өндрийн харайлтын хүрэл медальтан Анна Чичерова нар байгаа аж. Анна Чичерова 2012 оны Лондоны Олимпоос алтан медаль хүртсэн билээ.

ОУОХ Бээжингийн олимпийн наадмын үеэр авсан допингийн шижилгээний дээжээс 454-ийг сонгон, Дэлхийн допингийн эсрэг агентлаг болон Олон улсын спорт холбоодтой хамтран шинжилгээ хийхэд спортын зургаан төрөлд 12 орны 31 тамирчин бүдэрсэн байна. Эдгээр тамирчдыг энэ зун Бразилийн Рио-де-Жанейро хотод болох 31-р олимпийн наадамд оролцох эрхийг нь хасах тухай яригдаж байгаа юм.

Допингийн шинжилгээг луйвардсан гэх дуулианаас үүдэн ОХУ-ын хөнгөн атлетикийн тамирчид олон улсын тэмцээнд уралдаанд оролцох эрхээ хасуулаад байгаа юм. Оросын хөнгөн атлетикийн тамирчдыг Рио-2016 Олимпод оролцуулах эсэхийг ирэх зургадугаар сарын 17 гэхэд эцэслэн шийдвэрлэхээ олон улсын хөнгөн атлетикийн холбоо мэдэгдсэн юм. Түүнчлэн Сочи-2014 өвлийн Олимпын үеэр тамирчдын допингийн шинжилгээг луйвардахад Оросын нууц алба оролцсон гэх дуулиан дэгдсэн билээ. ОУОХ-оос Сочи-2014 өвлийн Олимпын тамирчдын сэргээшийн шинжилгээг давтан явуулахаар болсон юм.

Эх сурвалж: ВВС

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж